solongonews
Ази, Номхон далайн хамтын ажиллагаанд үлдээсэн Шэньжэний мөр
2026-11-27 08:33

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) удирдагчдын 33 дахь уулзалт саяхан Шэньжэнь хотноо болж өндөрлөлөө.
 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулж, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах” уриан дор болсон энэхүү уулзалтын үеэр оролцогч талуудтай Ази, Номхон далайн хамтын ажиллагааны их үйл хэргийн талаар санал солилцож, бүс нутгийн хөгжлийн ирээдүйг хамтдаа хэлэлцэв.
 
“Дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон арга хэмжээ”, “Зохион байгуулагч орон Хятад улсын дипломат бодлогын нөлөө, цар хүрээг харуулсан үйл явдал боллоо” гэж олон улсын хамтын нийгэмлэг үнэлж байна. Дарга Ши Жиньпиний шахуу хөтөлбөр, итгэл төгс, тууштай алхам бүрээс дэлхийн томоохон гүрний удирдагчийн хувьд хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, манлайлан ажиллаж буйг нь олон улс харлаа.


Шэньжэнь хотын Чяньхайн тусгай бүсийн үзэсгэлэнгийн танхимын талбайд байрлуулсан “Номин давлагаан дээгүүр дүүлэн нисэх бүргэд” сэдэвт тохижилт
Зургийг: ЛЯН ШЮЙ

   
Харилцан ойлголцол, эв нэгдэлд тулгуурласан, нээлттэй, харилцан уялдаатай, шинийг эрэлхийлсэн, хүртээмжтэй хөгжлийг эрхэмлэсэн Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах; худалдаа, эдийн засаг, харилцан холболт, инновац, хөгжлийн дөрвөн чиглэлээр хамтын нийгэмлэг байгуулах “дөрвөн багана, найман тулгуур”-ыг хамтран бүрдүүлэх; бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих дөрвөн санал дэвшүүлэх; Ази, Номхон далайн хамтын ажиллагааны өндөр чанартай хөгжлийг дэмжих гурван үндсэн байр суурийг илэрхийлэх зэрэг. Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн шинэ санаачилга, шинэ байр суурь бүр нь талууд хамтран Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах урт хугацааны төлөвлөгөөг тодорхойлж, АПЕК-ийн тогтвортой хөгжлийн хүч чадлын эх сурвалжийг хүмүүс улам гүнзгий ойлгоход туслан, ирээдүйд чиглэсэн Ази, Номхон далайн хамтын ажиллагааны шинэ түүхийн хуудас нээгдэж байгааг тодорхой харуулав.
 
Зохион байгуулагч орны найрсаг, халуун дулаан, нягт нямбай зохион байгуулалт гадаадын зочдод таатай сэтгэгдэл төрүүлэв. “Хүрэлцэн ирсэн төлөөлөгч бүр Шэньжэнь хотын хүндэт зочин мөн” хэмээн дарга Ши Жиньпин хэлсэн нь чин сэтгэлийн найрсаг харилцаа, нээлттэй, хүртээмжтэй хандлагыг эрхэмлэдэг томоохон гүрний уужуу бодлогыг илэрхийлсэн юм.
 
11-р сарын 18-ны өдөр болсон хүндэтгэлийн хүлээн авалтын өмнө ирээдүйн технологийн ололт амжилтыг харуулсан бүтээгдэхүүнүүдтэй танилцах ажиллагаа гадаадын зочдын сонирхлыг ихэд татав. Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксон шатрын роботыг сонирхон үзэж, Перугийн Ерөнхийлөгч Хосе Хери хиймэл оюун ухааны тусламжтайгаар Перугийн алдарт “Кондорын дуу” бүтээлийг төгөлдөр хуур дээр тоглохыг сонсож, Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум ухаалаг гитарын тоглосон “Мэлрэг цэцэг” дууг сонирхон сонсов. Өвөрмөц, шинэлэг зохион байгуулалт нь “Гайхамшгийн хот” гэгдэх Шэньжэний онцгой сэтгэл татам байдлыг харууллаа.


2026 оны АПЕК-ийн Бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцогчид гар утсаараа  зураг авч буй нь
Зургийг: ШЕ ХУАНЬЧЫ

 
Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз 1998 онд Шэньжэнь хотод анх удаа айлчилж байсан үеэ дурсан тухайн үеийн болон өнөөгийн Шэньжэнь хотын гэрэл зургуудыг зэрэгцүүлэн харахад тус хотын хөгжил өдөр шөнө мэт ялгаатай болсон гэдэгт итгэхэд бэрх гэж сэтгэл догдлон ярилаа. Канадын Ерөнхий сайд Марк Карни Хятад улсын хийсэн сонголт, хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа Шэньжэний гайхамшгийг бүтээсэн гэж тэмдэглэв. Үүнтэй адил нээлттэй байдал, инновац, хамтын ажиллагааг эрхэмлэсэн нийтлэг сонголтын үндсэн дээр Ази, Номхон далайн түншүүд Шэньжэнь хотноо хуран цуглаж, ирээдүйгээ хамтдаа бүтээх боломж бүрдсэн юм. Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул Шэньжэний хөгжлийн түүх бидэнд өөрчлөлт, шинэчлэл хийхэд зөвхөн их хүсэл эрмэлзэл хангалтгүй бөгөөд улс төрийн хүсэл зориг, нээлттэй байдлыг эрхэмлэх итгэл үнэмшил, дэлхийн харилцаа холбоог орон нутгийн хөгжлийн чадавх болгон хувиргах чадвар шаардлагатайг сануулж байна гэсэн байна.
 
Шэньжэнь хотын хөгжлөөр дамжуулан хүмүүс Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийг урагшлуулахад чиглэсэн засаглалын мэргэн ухааныг танин мэдэж, Хятадын хөгжлийн замналын цаг үеийн үнэ цэнэ, оюун санааны агуулгыг мэдэрч, Ази, Номхон далайн талууд сайн сайхан ирээдүйн зорилтоо алхам алхмаар биелүүлэхийн төлөө хамтран ажиллахыг хүсэж байна.
 
Энэ онд Хятад улс зохион байгуулагч орны хувьд онцлох амжилтуудыг үзүүллээ. Нийт 16 хотод 300 гаруй хурал, арга хэмжээ зохион байгуулж, гишүүн орнуудын 10 мянга гаруй төлөөлөгч оролцов. Шэньжэний уулзалтаар 2026 оны АПЕК-ийн удирдагчдын тунхаглалыг санал нэгтэй баталж, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах “Шэньжэний хэтийн төлөв”-ийг тодорхойлон, худалдаа, харилцан холболт, инновацын чиглэлээр гурван үр дүнгийн баримт бичиг баталлаа. Эдгээр бодит ажил, үр дүн нь АПЕК-ийн хөгжлийн түүхэнд шинэ үе шат, шинэ тэмдэглэлт үйл явдал болон үлдэж, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулахад шинэ нөхцөл, боломжийг нээлээ.


Шэньжэний Олон улсын харилцааны төвийн ажилтнууд тоглолт үзүүлэх боломжтой роботыг танилцуулж буй нь  Зургийг: ШИН ГУАНЛИ
   
Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам:
 
- АПЕК нь олон талт нөөц боломжтой, уян хатан механизм бөгөөд дэлхийн санаачилгуудын “Үзэл санааны инкубатор” болж, олон орны хамтын ажиллагаа, давуу талаа харилцан нөхөх таатай орон зайг бүрдүүлдэг гэж хэллээ. Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим:
 
- Ази, Номхон далайн бүс нутаг олон янзын эдийн засагтай орнуудыг нэгтгэж, харилцан хүндэтгэх зарчмыг баримтлан, яриа хэлэлцээгээр дамжуулж бодит хамтын ажиллагааг дэмжиж байгаа нь “Нийтлэг зорилгын төлөө нэгдэх чадвар өнөөгийн нөхцөлд онцгой үнэ цэнтэй” болохыг харуулж байна гэж онцолсон байна.
 
Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийн судалгааны төв байгуулах, Дэлхийн булангийн бүс нутгуудын эдийн засгийн хамтын ажиллагааны холбоог байгуулах санаачилга гаргах, АПЕК-ийн бодит хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулан шинэ санхүүжилт олгох, дижитал технологи, хил дамнасан өгөгдлийн урсгал, цэвэр эрчим хүч, жижиг, дунд аж ахуйн нэгжийн хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагааны шинэ байгууллагууд байгуулах зэрэг олон арга хэмжээг дарга Ши Жиньпин уулзалтын үеэр зарлалаа. Эдгээр бодитой арга хэмжээ нь Ази, Номхон далайн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх шинэ платформуудыг бүрдүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тасралтгүй хувь нэмэр оруулахад чиглэж байна.
 
Дарга Ши Жиньпин Ази, Номхон далайн их гэр бүлийн гишүүдийг “Нэгэн сэтгэлээр нэгдэж, харилцан туслалцан, хамтын ашиг сонирхлын хэлхээ холбоогоо бэхжүүлж, бэрхшээл, сорилтыг хамтдаа даван туулах”-ыг уриалсан нь талуудын идэвхтэй дэмжлэгийг хүлээв.


Шэньжэнь хотын Шэньнань өргөн чөлөөнд байрлуулсан “Нээлт, инновац, хамтын ажиллагаа” сэдэвт цэцгийн мандал  Зургийг: ЛЯН ШЮЙ

 
11-р сарын 19-ний өдөр дарга Ши Жиньпин Шэньжэнь хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай уулзаж, Хятад, Орос, АНУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтыг хийв. Гурван улсын төрийн тэргүүн “Дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, их гүрнүүдийн харилцааны стратегийн тогтвортой байдлыг дэмжих нь” сэдвийн хүрээнд гүнзгий санал солилцов. Түүнчлэн Украины хямрал, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх, Ойрх Дорнодын нөхцөл байдал, Солонгосын хойгийн асуудал зэрэг олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо солилцлоо.
 
Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён АПЕК-ийн Бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ худалдааны саад тотгор улам нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд “Ази, Номхон далайн орнууд нээлттэй байдлыг эрхэмлэн урагшлах алхмаа зогсоож болохгүй” гэж онцоллоо.
 
Хятад улс болон Ази, Номхон далайн түншүүд мөр зэрэгцэн, нээлттэй хамтын ажиллагааг тууштай баримталж, олон талт хамтын ажиллагааны амлалтаа ажил хэрэг болгон хэрэгжүүлснээр “Ази, Номхон далайн гайхамшиг”-ийн шинэ хуудсыг бичиж, Ази, Номхон далай төдийгүй дэлхийн илүү сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох нь дамжиггүй.



Редактор : Б.ХУРЦ
Сэтгүүлч : ХАНЬЛЯН, ЛҮРҮЙ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих