ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 5-р сарын 21-ний өдөр Бээжинд Хятад, Афганистан, Пакистаны Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтыг даргалав. Пакистаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммед Исхак Дарь, Афганистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Моттаки нар арга хэмжээнд оролцов. Гурван орны Гадаад хэргийн сайд нар Хятад-Афганистан-Пакистан гурван талт яриа хэлэлцээний ололт амжилтыг нааштай үнэлээд, гурван талт механизмын нөөц хүчнийг цаашид дайчлах, харилцан ашигтай хамтын ажиллагаа, найрамдлыг ахиулах талаар санал бодлоо гүнзгий солилцжээ.
Ван И уулзалтын үр дүнг долоон талаар дүгнэж хэлэв.
Нэг, Улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, сайн хөршийн найрамдлыг дэмжинэ. Хятад улс Афганистан, Пакистан хоёр орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг дэмжиж, Афганистан, Пакистаны бүрэн эрх, аюулгүй байдал, үндэсний нэр төрийг хамгаалахыг дэмжинэ.
Хоёр, Хятад-Афганистан-Пакистаны гурван талт Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээний механизмын үүргийг бүрэн гүйцэд биелүүлж, Кабулд болох Хятад-Афганистан-Пакистан гурван талт Гадаад хэргийн сайд нарын зургаа дахь удаагийн яриа хэлэлцээг эртхэн хийхийг хүсэж байна.
Гурав, Харилцаагаа бэхжүүлж, дипломат харилцаагаа нэмэгдүүлнэ. Афганистан, Пакистан хоёр улс дипломат харилцааны түвшинг ахиулах хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлж, аль болох хурдан бие биедээ Элчин сайдаа илгээхээр зарчмын тохиролцоонд хүрсэн. Хятад улс үүнийг сайшааж, Афганистан, Пакистаны харилцааг сайжруулахад үргэлжлэн туслахад бэлэн байна.
Дөрөв,"Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг Афганистан хүртэл өргөтгөн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, бүс нутгийн дэд бүтцийн холболтын сүлжээг цаашид бэхжүүлнэ.
Тав, Ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хамтын ажиллагааны хүрээг өргөтгөж, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлнэ. Хятад, Пакистан хоёр орон Афганистаны сэргээн босголт, хөгжлийг дэмжиж, Афганистантай худалдаагаа өргөжүүлж, Афганистаны бие даасан хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэхэд туслахад бэлэн байна.
Зургаабүх хэлбэрийн терроризмыг эсэргүүцэж, хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг өрнүүлж, гаднын хүчний бүс нутгийн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос сэргийлж, сэрэмжтэй байх хэрэгтэй.
Долоо, Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, бие биенийхээ хөгжил, сэргэн мандалд сайн сайхан гадаад орчныг бүрдүүлэхийг хичээнэ.
