solongonews
Толстой Нобелийн шагналаас татгалзаж чаджээ
2015-10-12 13:36
Түүний зүйр цэцэн үгийн эмхэтгэлд “Шударга хүмүүс баян байдаггүй. Баян хүмүүс шудрага байж чаддаггүй“ гэсэн үг бий.

1901 онд Нобелийн шагналыг хүртсэн анхны зохиолч нь Францын яруу найрагч Рене Сюлли Прюдом билээ. Гэтэл энэ сонголт Лев Толстойн суу билгийг дэлхий даяар бишрэн хүндэтгэдэг хүмүүсийн хувьд санаанд оромгүй явдал болсон аж. Тэгэхдээ юун түрүүнд тус хорооны шийдвэрт Альцред Нобелийн эх орон Шведийн олон нийт балмагдсан байж ч магадгүй. Анхны энэхүү шагналыг хүртээснээс нэг сар гаруйхны дараа Шведийн утга зохиол, урлагийн хэсэг зүтгэлтэн Оросын их зохиолчид захидал илгээн, гүнээ хүндэтгэж байгаагаа дурдахын ялдамд эх орон нэгтнүүдийнхээ гаргасан шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Тэрээр: “Энд гарын үсгээ зурсан Шведийн зохиолч, зураач, шүүмжлэгч бид Нобелийн шагналыг анхлан хүртээсэн үйл явдалтай холбогдуулан танд мэхийн ёслож байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. Бид таныг зөвхөн орчин үеийн утга зохиолын гүн хүндэтгэлтэй гарамгай төлөөлөгч төдийгүй, уран хурц үгтэй хүчирхэг яруу найрагчидын нэг мөн хэмээн үздэг билээ. Бидний үзэж байгаагаар, утга зохиолын шагналыг хүртээх тухай шийдвэр гаргахдаа зохиолч-зураачдын санал бодлыг ч анхаараагүй юм шүү” гэж захидалдаа бичжээ.

Тэр өдрүүдэд хэвлэлүүдээр дамжуулан Шведийн утга зохиолын сонгомол төлөөлөгч Юхан Август Стринберг Нобелийн шагналын хорооны гишүүдийг эрс хурцаар шүүмжилж, “эдний олонхи нь яагаад ч юм бэ шүүгчийн эрх эдлэх болсон утга зохиол дахь хоосон мэдэмхийрэгчид … “ хэмээн мэдэгджээ.

Нэг үгээр хэлбэл энэ шүүмжлэл бүх нийтийн, олон нийтийнх байв. Гэвч ямар ч үр дүн гарсангүй. Он жилүүд цувран өнгөрсөөр. Харин Толстой тэдний дотор байсангүй. Эцэст нь, 1906 онд Петербургийн шинжлэх ухааны академи уг хэрэгт хөндлөнгөөс оролцож, шагналд албан ёсоор дэвшүүлжээ.

Харин цаашаа хамгийн гайхмаар, ойлгомжгүй явдал болжээ. Мөн оны есдүгээр сард зохиолч Бирюков хүрэлцэн иржээ. Энэ хүн хожим нь Толстойн намтрыг дэлгэрэнгүй бичсэн юм. Тэрээр "Танд Нобелийн шагнал хүртээж магадгүй байна" гэж Толстойд итгэлтэйгээр мэдээлжээ. Бирюковыг буцсаны яг маргааш нь, 1906 оны есдүгээр сарын 25-нд Финландын зохиолч Арвид Ярнефельтэд захидал бичжээ. Энэ хүн Толстойн зохиолуудыг фин хэлнээ орчуулсан юм.

“Эрхэм нөхөр Арвид аа, юуны өмнө миний бичсэн зүйлийг хэнд ч хэлэхгүй байхыг Танаас хичээнгүйлэн гуйя… надад Нобелийн шагнал хүртээж магадгүй юм шиг байна гэж Бирюков хэллээ. Хэрэв ингэвэл надад татгалзахад маш эвгүй болно. Тийм болохоор хэрвээ Танд Шведэд холбоо барих ямар нэгэн хүн байдаг бол энэ шагналыг надад хүртээлгэхгүй талаар хичээнгүйлэн туслахыг маш их хүсэж байна. Мэдээж, би хаягийг нь олж мэдээд даргад нь захидал илгээж энэ тухайгаа нууцлаж байхыг гуйж болох л доо. Гэвч тэд надад шагналаа өгөхгүй гэж бодож байгаа ч юм билүү. Тэгвэл юу ч болоогүй байхад татгалзах нь надад эвгүй болно” гэжээ. А.Ярнефельт Толстойн захидлыг үгчилэн орчуулаад Швед рүү илгээж, түүний хүсэлтийг биелүүлсэн нь тодорхой билээ. Ингээд 1906 оны утга зохиолын шагналыг яруу найрагч Жозуэ Кардуччи хүртсэн юм.

Дэлхийн түүхэнд том байр суурь эзэлдэг зохиолч маань Дэлхийн хамгийн нэр хүндтэй энэ шагналыг өөрт нь хүртээхгүй, хэдэн зуун мянган долларын шанг өгөхгүй байхыг гуйсан гэдэг. Хожим Толстой өөртөө энэ шагналыг хүртээгээгүйд сэтгэл маш хангалуун байгаагаа тэмдэглэсэн. Тэрээр бичихдээ: “Нэгдүгээрт, энэ нь уг мөнгийг захиран зарцуулахтай холбогдсон том бэрхшээлээс намайг ангижрууллаа. Энэ нь бусад ямар ч мөнгөний адилаар зөвхөн гай л тарина гэж бодож байна. Хоёдугаарт, энэ нь миний танихгүй ч гэсэн намайг гүнээ хүндэтгэдэг ийм олон хүний зүгээс хайр хүндэтгэл, сэтгэлийн ханамж олж авах боломж олголоо“ гэжээ.

Өнөөгийн хүмүүсийн олонхийн сэтгэл санааны үүднээс авч үзвэл Толстойн энэ бодол санаа, үйлдэл нь тэр аяараа хачирхалтай санагдана. “Мөнгө гай тарина“ гэж. 
Тэгвэл мөнгөө аваад тариачдад, ядуу хүмүүст тараагаад өгчихөж болно шүү дээ. Суутны логик гэхэд байж боломгүй юм. Магадгүй, чухамдаа тэрээр суут хүн байсан болохоор тэгээ юм бол уу. Суутан болохоороо л тэгж хачирхалтай сэтгэсэн юм болов уу.

Дашрамд дурдахад, сонгомол зохиолчийн энэ өвөрмөц хачин байдал нь түүний ертөнцийг үзэх үзэлд гүн язгуур үндэстэй байсан бололтой. Толстой бэлэнч биш сэтгэлгээг ямагт гүнээ үнэлж цэгнэдэг байжээ. Түүний зүйр цэцэн үгийн эмхэтгэлд “Шударга хүмүүс баян байдаггүй. Баян хүмүүс шудрага байж чаддаггүй“ гэсэн үг бий. Толстой энэ байр суурийг зөвхөн үзэл итгэлээрээ төдийгүй, амьдралд хэрэгжүүлэх талаар ч бүхэлд нь чанд баримталдаг байсан ажээ.

 

Найруулагч: BD
Эх сурвалж : www.photonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл