solongonews
Үртэй болоод зулайг нь үнэрлэж тайвшрахсан
2015-12-28 18:21
Ер нь хэдий болтол аав ээжийн хэлснээр хайртай хүмүүсээ өөрөөсөө түлхэх ёстой гэж гэж сүүлийн үед өөрөөсөө их асуух болсон. Бусдын үгээр амьдарч ханалаа.

Сайн байцгаана уу. Монголжингоо сайтын уншигчид, нийтлэлчид ээ. Би эгэл жирийн л нэгэн эмэгтэй. Одоо 29 настай, ганц бие. Өдий насанд найзууд маань бүгд л шахам үр хүүхэд, нөхөртэй болчихсон байхад би ганц бие хэвээрээ л байна. Энэ бол намайг өдий хүртэл шархлуулж байгаа сэдэв. 

Өнгөрсөн хугацаанд хайрлаж дурлаж явсан хүмүүс байна уу гэвэл байгаа. Гэхдээ яагаад ч юм болж өгөхгүй юм. Яг үнэндээ анхны хайртай залуугаасаа харамсалтайгаар салснаас хойш би ийм болчихсон юм болов уу ч гэж бодох болсон. Яагаад гэхээр тэр бид хоёр гэрлэнэ гэж ярьдаг байсан гээч. Хэвлийдээ түүнийхээ үрийг тээснээ мэдсэн тэр мөч гайхамшигтай хэр нь айдас дүүрэн байсан. Түүнд хайртай, түүнтэй амьдарна гэдэгтээ итгэлтэй байсан ч гэр бүлийнхэн маань хэрхэн хүлээж авахыг төсөөлж чадахгүй байсан.

Гэвч миний энэ бодол оргүй байгаагүй л дээ. Надаас 7 ах хайртай залууг маань аав ээж минь үнэхээр үзээгүй. Түүнд маш дургүй байсан. Хөгшин хар юм дагуулж ирлээ, архи тамхинаас салахааргүй царайтай энэ тэр гээд л. Намайг жирэмсэн гэдгийг мэдээд аав минь намайг гэрээсээ хөөсөн. Энэ хүүхдийг төрүүлдэг л юм бол босгоор минь дахин битгий алхаарай гэж уурласан. Ийм л хатуу хахир орчлонд би анхны хайр, анхны бүхнээсээ хүсээгүй хэр нь хагацсан. Тэр надаас хүүхдээ битгий авахуулаач гэж зөндөө гуйсан ч би ааваасаа айсандаа аавынхаа үгээр бүгдийг шийдсэн. 

Эргээд бодоход тэр үед нүдээ аньж байгаад хүүхдээ төрүүлчихсэн бол өдийд би элэг бүтэн инээд хөөрөөр дүүрэн халуун дулаан гэр бүлийн эзэгтэй гэгдээд явах ч байсан юм билүү. 
Саяхан фэйсбүүкээс анхны хайртынхаа зургийг харсаан. Тэр маань хоёр хөөрхөн хүүхдээ, бас эхнэрээ энхрий нь аргагүй тэвэрчихсэн зураг авахуулчихсан байна лээ. Үнэндээ тэр зургийг хараад өөрийн эрхгүй дотор зүсэх шиг болсон. Хаашаа ч хамаагүй гараад гүйчихмээр, орилмоор... 

Надад яагаад ч юм, яг тэр үеэс хойш азгүй ч гэмээр хайр нэг бус удаа учирсан. Нэг залуутай таарсан. Тэрэнтэйгээ амьдрах болж байр хөлсөлдгийн даваан дээр намайг хардаж, зовоох шинжтэйг нь ойлгосон. Найз нөхөдтэй минь ч уулзуулах янзгүйг гадарлаад зайгаа авсан. Ийм хүнтэй учирна гэдэг нэгэн насны зовлон гэдгийг бас ойлгож явна. Байсхийгээд л утас руу дарамталсан мэсэж бичнэ, элдэв танихгүй утаснаас залгана, эхлээд хайртай дуртайгаа ярьж байснаа сүүлдээ өөр дээр нь эргэж ирээгүй гэж ирээд л элдвээр хэлнэ. Сүүлдээ би танихгүй дугаараас залгаж байгаа дуудлагыг ч авахаа больсон. 

Яг одоо бол миний араас нэг залуу гүйж байгаа. Үнэндээ миний сэтгэлийг татах зүйл түүнд байхгүй байгаа нь намайг хамгийн их зовоож байна. Би түүнийг өөрийн шохоорхдог залуустайгаа харьцуулж хараад хэцүү юм. Гэвч түүний сэтгэл хэтэрхий цайлган, сайхан, хамгийн гол нь миний төлөө юуг ч даван туулах сэтгэлтэй гэдэг нь надад мэдрэгддэг. Түүнтэй амьдарвал би жаргалтай байж чадах болов уу гэж өөрөөсөө асуудаг. Хариулт нь мэдээж жаргалтай амьдарна гэж найддаг.  Гэр бүлийнхэн маань түүнийг юу гэж хэлэхийг мэдэхгүй л байна. Анхны хайртыг минь гомдоосон шиг зүйл дахин бүү давтагдаасай гэж хүсэх юм. 

Ер нь хэдий болтол аав ээжийн хэлснээр хайртай хүмүүсээ өөрөөсөө түлхэх ёстой гэж гэж сүүлийн үед өөрөөсөө их асуух болсон. Бусдын үгээр амьдарч ханалаа. Одоо өөрөө шийдвэр гаргаж сайхан амьдармаар байна. Хөөрхөн хүүхдүүдтэй болоод гудамжаар тэднийгээ хөтлөөд алхахсан. Булбарайхан бумбагар хацрыг нь үнэрлэж, зулайд нь уруулаа хүргэж тайвшрахсан. Халамжтай ханийн энгэрт дулаацаж, юунд ч санаа зоволгүй тайван амгалан амьдармаар байна. Найз нөхдөө хараад өөрийн эрхгүй атаархаж, зүрх огших юм. 

Монголжингоогийн эрхэм уншигч бүсгүйчүүд ээ, надад урам зориг өгөөч дээ. Надад зөв шийдвэр гаргаж, амьдралдаа эргэлт хийх боломжийг нээж харуулж өгөөч. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл