Жирэмслэлтээс хамгаалах аргуудын давуу болон сул талууд
2015-12-28 18:21
Гэр бүлээ төлөвлөх, эрүүл мэндээ хамгаалахын тулд эмэгтэйчүүд бидэнд зайлшгүй шаардлагатай зүйл нь жирэмслэлтээс хамгаалах арга замууд юм. Ойрын хэдэн жилдээ хүүхэд гаргах төлөвлөгөөгүй байгаа гэр бүлүүдэд энэ бол яах аргагүй чухал зам. Ялангуяа эмэгтэйчүүд бид төрсний дараах зургаан сард сарын тэмдэг ирэхгүй л бол жирэмслэхгүй гэсэн ойлголттой байдаг. Гэвч сарын тэмдэг ирсэн, ирээгүй хүүхэд олох боломж нээлттэй хэвээр байдаг байна.
Зарим бүсгүй төрөөд хоёр сар болоод хүүхэд олсон байх нь ч бий. Тиймээс төрөөд гурван сарын дараа жирэмснээс хамгаалах арга хэрэглэх боломжтой болдог байна. Түүнчлэн хагалгаагаар төрсөн ээжүүд дараагийн хүүхдээ 3-5 жилийн дараа олох нь хүүхдэд болон өөрийнх нь эрүүл мэндэд нэн чухал байдаг учраас хамгаалах арга яах аргагүй чухал. Амаржсан ч гэлтгүй ойртож дотносож байгаа залуу хосуудад ч энэ нь хамаатай. Юу юугүй гэрлэх, суухдаа тулаагүй байтал жирэмсэлчихвэл томоохон асуулттай тулгарах нь мэдээж. Иймд жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар хүргэж байна. Дашрамд дурдахад, доор дурдсан аргуудаас бэлгэвчнээс бусдыг хэрэглэхийн өмнө заавал эмчид үзүүлж, зөвлөгөө авч, өөрт тохирох эсэхээ шийдэж байж хэрэглэх нь элдэв гаж нөлөөнөөс өөрийгөө хамгаалах хамгийн чухал зүйл юм.
1.Бэлгэвчийг хавьтал бүрт шинээр хэрэглэ

Бэлгэвч бол зөвхөн жирэмслэлтээс хамгаалаад зогсохгүй бэлгийн замын халдварт өвчнөөс бүрэн хамгаалах цорын ганц хэрэгсэл юм.
Өөртөө тос агуулсан байдаг учир шууд хэрэглэх зориулалттай. Гэвч дурын дэлгүүрээс бэлгэвч сонгохдоо хайрцаг савлагаа, хадгалах хугацааг шалгахын дээр савласан уут нь гэмтсэн эсэхийг нягтлах хэрэгтэй. Учир нь эдгээрийг харгалзалгүй урагдсан бэлгэвч хэрэглэх, эсвэл буруу ашиглах нь хамгаалалтыг үгүй хийх юм.
Бэлгэвчний зөв хэрэглээ гэдэг нь бэлгийн хавьтал бүрт шинэ бэлгэвч хэрэглэх, шодой үтрээнд хүрэхээс өмнө бэлгэвчийг углах, бэлгэвчийг сугалж авсны дараа шодойг үтрээнд хүргэхгүй байх зэрэг юм.
Бэлгэвчний сул тал зарим тохиолдолд мэдрэмж бууруулдаг гэж хүмүүс үздэг байна. Маш цөөн тохиолдолд харшил өгдөг гэж судлагджээ.

2.Ерөндөг-үнэнч хосуудын сонголт
Бидний хэлж заншсанаар энэ нь спираль. Т үсэг шиг хэлбэртэй, ишэндээ зэс утастай нийлэг эд. Зэс утас нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулах, үр тогтохыг зогсоох үйлчилгээтэй юм.
Ерөндөг нь өөрөөсөө ямар ч даавар ялгаруулдаггүй учраас эмэгтэйчүүдэд таргалах болон турах нөлөө үзүүлдэггүй аж.
5 хүртэл жилээр тавигдах боломжтой. Эмэгтэйн биеийн өндөр, намаас шалтгаалан тохирсон ерөндгийг тавиулах нь чухал юм. Учир нь томдсон ерөндөг тавиулбал умайд шигдэх зэрэг муу нөлөөтэй.
Сарын тэмдэг ирснээс хойш 5 дахь өдөрт нь ерөндгийг умайд байрлуулдаг байна. Энэ үед тавихад ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй.
Ерөндгийн сул тал нь гэвэл умайд байрлуулсан хэсгийнх нь төгсгөл болох зэс утас үтрээнд үлддэг учраас элдэв халдвар дамжих эрсдэлийг бий болгодог. Иймд нэг хамтрагчтай, бие биедээ үнэнч хосуудад энэ аргыг хэрэглэхийг зөвлөдөг байна.
3.Суулгацыг төрснөөс хойш зургаан 7 хоногийн дараа тавиулж болно 

Энэ бол жирэмслэлтээс хамгаалах хамгийн сүүлийн үеийн арга юм. Арьсан доор тусгай жижиг уутанцар буюу капсулуудыг суулгадаг гэсэн үг.
Эдгээрт агуулагддаг даавар нь уутанцрын ханыг нэвтлэн цаг хугацааны хувьд жигд хэмжээгээр цусанд нэвчих замаар жирэмслэлтээс сэргийлдэг байна. Эдгээр нь Норплант, Левоногестрел гэсэн нэрээр худалдаанд гардаг аж. Сарын тэмдэг ирснээс хойш долоо дахь өдрөөс хэтрүүлэлгүйгээр мөр, шууны дотор талд эдгээрийг суулгадаг аж.
Ингэхдээ багахан хэмжээний мэс ажилбараар 5-10 минутын дотор хийгдэх бөгөөд үүнээс 24 цагийн дараа үйлчилгээ нь эхэлдэг байна. Энэ арга нь 3-5 жилийн баталгаа өгдөг. Суулгац тавиулснаас хойш гурван сарын дараа эмчид үзүүлэх шаардлагатай бөгөөд түүнээс цааш жил бүр үзүүлж хянуулах ёстой байдаг.
Суулгацын давуу тал нь гэвэл суулгацыг авсны дараа жирэмслэлт хурдан сэргэдэг, сарын тэмдгийн аль ч үед тавиулж болдог аж. Мөн төрснөөс хойш зургаан долоо хоногийн дараа тавиулж болдог аж.
Суулгацын гаж нөлөө нь, сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, сарын тэмдэг саатах, эхний хэдэн сар толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах явдал юм.
4.Дааврын эмийг хоёр жилээс дээш хугацаагаар бүү хэрэглэ
Жирэмслэлтээс хамгаалах эм нь дотроо хоёр янз байдаг. Нэг нь яаралтай ууж хэрэглэх, нөгөө нь байнга хэрэглэх. Яаралтай буюу 72 цагийн дотор уух эмийг байнга хамгаалах зориулалтаар хэрэглэхийг хатуу хориглодог. Ингэснээр цус алдахаас авахуулаад олон сөрөг үр дагавартай. Иймд энэ эмийг жилд 1-2 удаа л уухыг зөвшөөрдөг байна.
Байнга ууж жирэмслэлтээс хамгаалах эм нь 21-28 ширхэгтэй байдаг. Дааврын эмний давуу талууд нь өсвөр наснаас цэвэрших үе хүртэл бүх насны эмэгтэйчүүд хэрэглэж болдгоороо ач холбогдолтой юм.
Мөн сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулж, сарын тэмдэг ирэх үеийн өвдөлтийг

багасгадаг байна. Хэрэглэхээ больсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэдэг аж. Мөн савны гадуурх жирэмслэлт, умайн салст давхаргын хорт хавдар, умайн хоргүй хавдар, бага аарцгийн эрхтэний үрэвсэл, өндгөвчийн хорт хавдар зэргээс сэргийлдгээрээ давуу талтай юм.
Гэвч аль ч эмийг хоёр жилээс дээш хугацаанд хэрэглэх нь дээрх давуу талуудыг үгүй хийх эрсдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, эмийг хоёр жилээс их хугацаанд хэрэглэвэл харин ч хавдраар өвчлөх эрсдэлийг бий болгодог байна.
Хэрэглэсэн эхний 2-3 сард толгой өвдөх, толгой эргэх, хөх чинэрч эмзэглэх, дотор эвгүйрэх, сарын тэмдгийн хооронд бага зэрэг цусархаг зүйл гарах нь тохиолддог байна. Мөн заримдаа таргалуулах нөлөө үзүүлдэг.
Эмийг хэрэглэж болохгүй заалтын талаар mariestopes.mn сайтад “Хөхүүл эмэгтэй амаржсанаас хойш эхний 6 сарын дотор, даралт нь 140/100-с дээш ихэсдэг эмэгтэйчүүд, хөхний хорт хавдартай, тархинд нь цус харваж байсан, элэгний хурц үрэвсэлтэй, элэгний хатууралтай, сүрьеэгийн эм хэрэглэж байгаа, цус бүлэгнэлийн эмгэгтэй, өдөрт 20-оос дээш ширхэг тамхи татдаг 35-аас дээш насны болон 20-оос дээш жил үргэлжилсэн чихрийн шижин өвчтэй эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй” хэмээн дурджээ.
5.Мэс заслын аргаар үрийн гуурсан хоолойг хавчиж болно
Жирэмснээс хамгаалах мэс заслын арга нь эмэгтэй хүний үрийн гуурсан хоолойг хавчих, эрэгтэй хүний үрийн сувгийг таслах явдал юм. Эмэгтэй хүн дахин жирэмслэхийг хүсвэл хавчуулгыг авахуулахад л хангалттай бол эрчүүдийн хувьд дахин үр тогтоох боломжгүй болдог байна.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
