Хүүхдүүд орондоо тавтай унтах эрхгүй гэж үү
2015-12-28 18:21
Анхандаа "Арай ч үгүй байлгүй дээ" гэхээс өөр зүйл өөртөө хэлж чадсангүй. Хүний хөл хүрдэг газар гэмээргүй хуучирч муудсан, хэн нэгэн ажилладаг, эсвэл бүр бяцхан хүүхдүүд өнжиж тоглон, унтаж амардаг гэж итгэхийн аргагүй барилга биднийг угтсан юм. Хоол тэжээлийн дутагдалтай, рахит буюу сульдаатай, цус багадалттай хүүхдүүдийг сувилж эмчилдэг, улсын хэмжээнд 4-хөн л байдаг буянтай газрын нэг болох Хан-Уул дүүргийн хүүхдийн 24 цагийн клиник сувилал-4-ийг бид зорьж ирсэн нь энэ байв.
Арай ч үгүй байлгүй дээ...
Төсөв, мөнгө гэж ярихад амнаас амархан үг унах ч нурах шахсан тэр барилгад та бидний нялх үрсээс ялгаагүй бяцхан хүүхдүүд өнжин тоглож наадан, унтаж нойрсож байгааг бодохоор хоолой зангирмаар.
Анхандаа "Арай ч үгүй байлгүй дээ" гэхээс өөр зүйл өөртөө хэлж чадсангүй. Хүний хөл хүрдэг газар гэмээргүй хуучирч муудсан, хэн нэгэн ажилладаг, эсвэл бүр бяцхан хүүхдүүд өнжиж тоглон, унтаж амардаг гэж итгэхийн аргагүй барилга биднийг угтсан юм. Хоол тэжээлийн дутагдалтай, рахит буюу сульдаатай, цус багадалттай хүүхдүүдийг сувилж эмчилдэг, улсын хэмжээнд 4-хөн л байдаг буянтай газрын нэг болох Хан-Уул дүүргийн хүүхдийн 24 цагийн клиник сувилал-4-ийг бид зорьж ирсэн нь энэ байв.

Цэцэрлэгийн гол хаалга байрлах нүүрэн талыг засч, будаж арай дөнгүүр болгосон ч барилгын ар тал түүхийн хуудсыг гэрчлэн үлджээ. Мэргэжлийн хяналтын газраас тэдний барилгыг нураах хар жагсаалтанд багтаасан юм билээ. Дараа нь засварлахаар шийд гарсан ч хямралд "гинжлэгдээд" одоо хүртэл будаг нь ханхалсан шинэхэн байрны талаар төсөөлөх ч зай завсар тэнд алга. Төсөв, мөнгө гэж ярихад амнаас амархан үг унах ч нурах шахсан тэр барилгад та бидний нялх үрсээс ялгаагүй бяцхан хүүхдүүд өнжин тоглож наадан, унтаж нойрсож байгааг бодохоор хоолой зангирмаар.

Энэхүү сувиллын барилга 1957 онд ашиглалтад оржээ. Түүнээс хойш өдгөө 58 жилийн нүүр үзэж байна. Ажиллах нөхцөл бололцоо тааруухан ч даргаасаа авахуулаад асрагч, сувилагч, эмч гээд бүх л ажилтнууд нь цаанаа л хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээрээ хөглөгдөн эрч хүчтэй алхана. Яагаад гэвэл, нэгэнт л тэжээлийн дутагдалд орчихсон, эсвэл сульдаа, цус багадалттай хүүхдүүдэд эхийн сэтгэл шингэсэн сувилгаа, асаргааг хийх хүн тэднийг эс тооцвол дэндүү цөөхөн учраас л тэр байж мэдэх. Монголд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж гаргах нь ч "өдрийн од" болчихсон. Ихэнх залуучууд мөнгө ханхалсан эрэлттэй ажлын байранд хошуурах болсон болохоор төсвийн, цалин багатай ч, хүүхдийн инээмсэглэлээр "цалинждаг" хөдөлмөрийг тэгтлээ их сонирхохгүй болчихсон мэт.

Эх хотод маань өндөр өндөр барилга худалч хүний үгээр нүд ирмэхийн завдалгүй л баригдаж байна. Харин хүүхдийн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг бол нүдний гэм. Ялангуяа, үр хүүхдээ санаа амар даатгаад эцэг эх нь ажлаа хийх боломж олгодог өнөө цагийн хамгийн эрэлттэй газруудын нэг, нийгмийн шаардлага болсон 24 цагийн цэцэрлэг бүр ч хомс. Бас түлээ нүүрсгүй хүйтэн, хоол унд багатай хоосон гэртээ байснаас цэцэрлэгтээ 4 өдөр дулаан, гэдэс цатгалан жаргалтай байх гэж дурлан дурлан ирдэг багачууд ч бий. Тиймээс бүх юмыг төрд даатгаж, төрөөс нэхэж суухын оронд хувь хүмүүс, хувийн хэвшлийн компаниуд бид өөрсдөө үр хүүхдээсээ ялгаагүй тэр нялх үрсийн төлөө гараа сунгаж болохгүй гэж үү хэмээн эрхгүй бодогдсоныг нуух юун.

Зүүд нойрондоо умбах хүүхдүүдийн цэцэрлэгийн танхимд тоглоомын тавцан бараг л хоосон байв. Хуучны хэдэн тоглоомноос өөр орчин цагийн гэхээр тоглоом тун цөөн. Бас цэцэрлэгийн танхимын шал хивс, дрожоор ч дутмаг юм. Байгаа цөөхөн хэдэн хивс, дрож нь урагдаж, сэмэрсэн, хүний хэрэгцээг хангахад хэцүү болжээ.

Орондоо чөлөөтэй суниах эрх тэдэнд алга
"Асаргаа, сувилгаа нь сайн хийгдээд ирэхээр хүүхдүүд үнэхээр хөөрхөн болчихдог юм. Энэ чинь л бидний аз жаргал, ажиллах урам зориг шүү дээ. Хүүхдүүдээ хөөрхөн бондойлгоод чийрэгжүүлээд авбал бидэнд түүнээс илүү жаргал гэж юу байхав" гэж тэндэхийн арга зүйч Х.Алтанцэцэг ярьж байв.
Тэнд балчир үрс хэд дахин засч, янзалсан, түүх гэрчлэх хуучин модон орон дээр бөх гэгч нь нойрсож байв. Ихэнх нь орондоо багтахгүй, хөл гараа нугалж, цаанаа л тавгүй харагдана. Ор бүдүүн савх модон хашлагатай учир хүүхэд унана гэж айлтгүй ч хөлөө чөлөөтэй жийгээд, алжаалаа тайлан суниах боломж лав алга. Хүний эрх гэж амтай болгон нь ярьдаг өнөө цагт тэнд сувилуулж байгаа хүүхдүүдэд амгалан тайван унтах, эсвэл сэрээд чилээгээ гартал сайхан суниах эрх бас алга. Бидний хэн нь ч хүүхдээ багадсан модон ор, эсвэл тавгүй дэвсгэр дээр унтахыг харахыг хүсэх байсан гэж үү. Хүүхэд л болохоор гэнэн цагаахандаа хөтлөгдөөд юм хэлж чадахгүй, цэцэрлэгийн орчиндоо чадан ядан нийцэж яваа нь тэр байх гэхээс өөрийг бодож даанч зүрхэлсэнгүй. Мэддэг, чаддаг газарт нь бол хэдэн хүүхдийн ор хийгээд бяцхан үрсэд гэртээ ч амтлахааргүй тав тухыг бэлэглэнэ гэдэг дээдийн буян ч байж мэдэх. Яагаад гэвэл энэ цэцэрлэгт амьдралын нөхцлөөсөө шалтгаалан өвчинд өртсөн хүүхдүүд ч ирдэг юм билээ.
Дандаа бараан зүйл сонсоод дүжирчихсэн энэ нийгэмд дуулгах сайн мэдээ бас тэнд бий. Тэндэхийн эмчилгээ, асаргаа хэний ч өмнө нүүр бардам сайн гэдгийг хүүхдүүдийн байр байдал бэлхнээ гэрчилж байв. Дөнгөж орж ирээд л харахад нүд дүүрэн биедээ таарсан хөөрхөн марайтай багачуул дуг нойрондоо дугжирч байснаас тэр л дээ. "Танай хүүхдүүд эрүүл сайхан бойжиж байна" гэсэн миний олзуурхсан асуултанд "9-р сарын 1-нд ямар ирснийг нь та нар харсан бол ингэж хэлэхгүй л дээ. Нүд хальтрам л байдаг юм. Асаргаа, сувилгаа нь сайн хийгдээд ирэхээр хүүхдүүд үнэхээр хөөрхөн болчихдог юм. Энэ чинь л бидний аз жаргал, ажиллах урам зориг шүү дээ. Хүүхдүүдээ хөөрхөн бондойлгоод чийрэгжүүлээд авбал бидэнд түүнээс илүү жаргал гэж юу байхав" гэж тэндэхийн арга зүйч Х.Алтанцэцэг ярьж байв. Тэрээр тус байгууллагад 35 жил ажиллаж буй нэгэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

Х.Алтанцэцэг: 24 цагийн, сувиллын цэцэрлэг цөөхөн байгаа нь үнэхээр чамлалттай
Тэжээлийн дутагдалтай, цус багадалттай хүүхдүүд тийм богинохон хугацаанд гарчихгүй шүү дээ. Тиймээс бид 9-р сарын 1-нд хүүхдүүдээ аваад 5-р сарын 30 хүртэл эмчилж, асардаг. Тэгж байж л сая үр дүн нь гардаг.
-Сувиллынхаа талаар танилцуулахгүй юу?
-Хан-Уул дүүрэгт 16 хороо байдаг. Эдгээр хороодын рахит, тэжээлийн дутагдал, цус багадалттай 1.6-2.8 настай хүүхдүүдийг манай сувилал хамруулан эмчилдэг. Бусад цэцэрлэгтэй адилаар бид бүртгэл гэж хийдэггүй. Өрхийн эмчийн тодорхойлолтоор эмчлүүлэх шаардлагатай гэсэн, 1 хорооноос 4-5 хүүхэд сонгож хамруулдаг. Бид дандаа эмийн бус, нөхөн сэргээх үйл ажиллагаагаар хүүхдээ эрчимжүүлж өгдөг.
-Нөхөн сэргээх гэхээр ямар аргууд багтдаг юм бэ?
-Тэжээлийн дутагдал, цус багадалт, рахиттай хүүхдийг хоолоор сувилахаас гадна эмийн бус утлага, шарлага хийх, бүх биеийн болон хэсэгчилсэн бариа зэрэг хийдэг. Манайх "Улаанбаатар" сувилалтай хамтран ажилладаг. Тэндээсээ бүх төрлийн шилмүүс, барагшин, төрөл бүрийн рашаан авч хүүхдүүдээ рашаанд оруулна. Үүнээс гадна усан эмчилгээ хийдэг. Ингэхдээ хүүхдүүдээ ясны шөл, өтгөн хар цай, шар сүүнд оруулах зэргээр цогц эмчилгээ хийж байна.
-Танайх ирсэн хүүхдүүддээ хэр хугацаар эмчилгээ, сувилгаа хийж байна вэ. Эсвэл хүүхдийн онцлогоос шалтгаалж байна уу?
-Мэдээж, манайд орны эргэлт гэж байх ёстой л доо. Гэхдээ тэжээлийн дутагдалтай, цус багадалттай хүүхдүүд тийм богинохон хугацаанд гарчихгүй шүү дээ. Тиймээс бид 9-р сарын 1-нд хүүхдүүдээ аваад 5-р сарын 30 хүртэл эмчилж, асардаг. Тэгж байж л сая үр дүн нь гардаг. Зарим сувилал 3 сараар авдаг юм. Манай хүүхдүүд даваа гаригт цэцэрлэгтээ ирээд баасан гаригт гэртээ харьдаг. 24 цагийн цэцэрлэг.
-Танай дүүргээс эмчилгээ, сувилгаанд хамрагдах ёстой хүүхдүүд танай цэцэрлэгт бүрэн дүүрэн хэмжээгээр үйлчлүүлж чадаж байна уу?
-Чадахгүй шүү дээ. Бид 1 хорооноос 4-5 хүүхэд л авдаг. Гэтэл цаана нь өчнөөн хүүхэд үлдэнэ. Манайх 125 ортой ч өнөөдрийн байдлаар манайд 150-аад хүүхэд байна.

Улсын хэмжээнд сувиллын 4 цэцэрлэг бий. Үүнээс 1 нь хувьчлагдчихсан. Үлдсэн 2 нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Танай дүүрэгт сувиллын өөр цэцэрлэг бий юу?
-Улсын хэмжээнд сувиллын 4 цэцэрлэг бий. Үүнээс 1 нь хувьчлагдчихсан. Үлдсэн 2 нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхдээ Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэг өдрийн цагаар ажилладаг. Баянзүрх дүүргийнх гэхэд тал анги нь 24 цагийнх байсан ч болиод бүгд өдрийнх болсон байна лээ. Тэгэхээр манайх ганц 24 цагийн сувиллын цэцэрлэг болоод байна даа.
24 цагийн, сувиллын цэцэрлэг ийм цөөхөн байгаа нь нийт хүүхдийнх нь тоонд харьцуулаад үзвэл үнэхээр чамлалттай тоо. Дээр үед ажилчдын район гэж байхад 5-6 ясли байсан. Тэдгээр нь хумигдсаар өнөөдөр манайх л үлдсэн.
-Танайх хүүхдүүдэд төлбөргүй үйлчилдэг байх аа?
-Тийм ээ, төлбөргүй. Нэг төгрөг ч гаргуулахгүй шүү дээ.
-Танай сувилалд тулгамдаад байгаа бэрхшээл нь юу байна вэ. Ирсэн хүүхэд бүрээ инээд хөөрөөр бялхааж, эрүүл чийрэг болгоё гэвэл юу хэрэгтэй байна вэ?
-Энэ бол орон тооны л асуудал шүү дээ. 50-60 хүүхдэд 1 эмч оногдох ёстой бол бид 150 хүүхдэд ганцхан эмчтэй сууж байна. Сувилагч ч бас дутагдалтай байна. Нэг сувилагчид 14 хүүхэд ногдох ёстой бол одоо 35 хүүхэд ногдож байна. Боловсон хүчний хангамж маш муу болчихсон. Дээр үед Хүүхдийн сувилагч, хүмүүжүүлэгч гэж Дарханы анагаахын сургуульд элсэлт авдаг байлаа шүү дээ. Боловсон хүчин дутмаг гээд бид хүүхдүүдийнхээ төлөө хэзээ ч хойш сууж байгаагүй. Энэ нялх үрсийг эрүүл чийрэг болгож, бусдын л адил баяр хөөрөөр гэрэлтэж алхахыг нь харах бидний хамгийн том жаргал юм даа. Ийм ч болохоор бид өдөр бүр ажлаасаа аз жаргал, гэрэл гэгээг мэдэрдэг юм шүү дээ.
-Орчин нөхцлийн хувьд тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Орчин муу. Манай сувилал 1935 онд байгуулагдсан. Одоо 80 дахь жилтэйгээ золгож байна. Харин барилга маань 1957 онд баригдсан. Манай барилга мэргэжлийн хяналтын байгууллагын нураах дүгнэлтэд орчихсон. Ядаж гадна талын фасад, цонхоо янзлуулчихъя гэтэл төсвөөс тэр ажлыг нь хасчихсан байна гэж байна лээ. Манай барилга гаднаасаа бараг л нурах гэж байгаа юм шиг харагддаг болоод байна.

Манайх хамгийн дээд тал нь 2.8 настай хүүхэд авдаг. 9-р сарын 1-нд орсон хүүхэд одоо 3 ой гарантай болоход орондоо багтахаа больчихдог. Хөөрхий, атийгаад унтдаг юм шүү дээ. Бид өөрсдөө чадалтай сан бол хүүхдүүддээ хамгийн тавтай тухтай гэсэн орыг олоод өгмөөр л байна.
Үүнээс гадна хүүхдийн 50 гаруй жил болчихсон модон ор байна. Хүүхдүүдийн унтах тав тухыг хангаж чадахгүй, ор нь тухайн хүүхэддээ жижигдээд, хөл гараа атийлгаад л унтаж байна шүү дээ. Манайх хамгийн дээд тал нь 2.8 настай хүүхэд авдаг. 9-р сарын 1-нд орсон хүүхэд одоо 3 ой гарантай болоход орондоо багтахаа больчихдог. Хөөрхий, атийгаад унтдаг юм шүү дээ. Бид өөрсдөө чадалтай сан бол хүүхдүүддээ хамгийн тавтай тухтай гэсэн орыг олоод өгмөөр л байна.

Ахлах тогооч Ү.Мөнхгэрэл:Бид хүүхдүүддээ хамгийн сайн гэсэн хүнсийг өдөр бүр өгдөг
Энэ үеэр тус цэцэрлэгийн ахлах тогооч Ү.Мөнхгэрэлтэй уулзсан юм. Тэрээр хүүхдүүддээ өдөр бүр эхийн сэтгэл шингэсэн амттай, шимтэй хоолоор бэлэг барьж буйдаа үргэлж сэтгэл өөдөө явдгаа илэрхийлж байв.
-Танайх хүүхдүүддээ хоол хүнсийг нь хэрхэн хүргэж байна вэ. Хэдэн удаа хооллож байна?
-Манай клиник сувилал хүүхдүүдээ өдөрт 5 удаа хооллож байна. Хооллолт бол хүүхэд бүртээ хүрсэн үнэхээр чанартай байдаг. Ирж байгаа хүүхдүүдийнхээ онцлогт тохируулаад шимтэй, тэжээлтэй гэсэн бүгдийг л хоол хүнсээр багачууддаа тараахыг зорьдог доо. Хооллолтын хувьд хүүхдүүд маань 07.30 цагт зөгийн балтай ус, 08.00 цагт каш, 10.00 цагт нарийн боов, тарагтай иддэг. 12.00 цагт нэг, хоёрдугаар хоол компоттой, орой 16.00 цагт аарц нарийн боов, 19.00 цагт оройн хоол, 20.30 цагт хүүхдүүддээ хөөрүүлсэн сүү өгдөг дөө. Мөн хүүхдүүддээ цэвэршүүлэгчээр шүүсэн ус байнга өгдөг. Мөн жингийн хоцрогдолтой хүүхдүүдэд 11.00 цагт нэмэгдэл хоол, алим, ээдэмний нухаш зэрэг төрөл бүрийн иж бүрдэл хоол өгдөг. Бид нарийн боов болон талхаа гаднаас авдаггүй. Бүгдийг өөрсдөө хийдэг.
-Зорилтот бүлгийн эдгээр хүүхдүүдэд хангалттай хэмжээний хоол хүнс бэлтгэж өгөхөд та бүхэнд төсөвлөсөн хөрөнгө мөнгө нь хэр хүрч чадаж байна вэ?
-Манайх хүүхдүүддээ талхан дээр нь жимсний чанамал, зөөхий түрхээд өгч л байна. Гэхдээ хоолоо илүү баяжуулахын тулд нарийн ногоонууд хийж байгаа ч гэсэн орц нь бага л талдаа байдаг. Нарийн ногоонуудыг хүүхдүүдийн хоолонд түлхүү хийж өгөх шаардлагатай байхад мөнгө нь хангалтгүй л болчихоод байгаа юм. Гэлээ гээд бид хүүхдүүддээ хамгийн чанартай хоол хүнсийг бэлтгэж өгөхийн тулд бүх сэтгэлээ шингээдэг. Манайх сүү, таргаар хүүхдүүдээ хангалттай хангаж чадаж байгааг бас энд хэлэх хэрэгтэй. Хүүхдүүд маань сүү, таргаар үнэхээр сайн хангагддаг юм шүү.
-Хүүхдүүдийн хоолыг баяжуулахад хувь хүмүүс болон компаниуд туслалцаа дэмжлэг үзүүлдэг үү?
-Үгүй. Зөвхөн алимны тухайд ярихад хангалттай авч чаддаг байсан бол зөвхөн тэжээлийн доройтолтой хүүхдүүдэд биш бүгдэд нь бүтнээр нь биш юм гэхэд талыг нь ч гэсэн таллаад бариулна шүү дээ.
Сүүлийн үед броколитой зутан шөл, хүрэн манжингийн шөл, алимны нухаш гээд олон зүйлийг хүүхдэд өгснөөр витаминжуулалтыг нь тэтгэж байна. Тэр болгоныг л хүүхдүүддээ хийж өгөхийг хүсдэг. Өмнө нь бид "Мон сүү"-гээс зөөлөн ааруул аваад хүүхдүүддээ өгдөг байсан бол одоо бүр чадахаа байсан. Бүтээгдэхүүнийх нь үнэ улам л өсөөд байна шүү дээ.

Асрагч С.Дуламжав: 35 жил болсон ор хүүхдүүдийн тав тухыг хангахаа больсон
-Энэ орнууд хүүхдүүдийн унтах тав тухыг үнэхээр хангахгүй байгаа. Би энэ байгууллагад 35 жил ажиллаж байна. Намайг ажилд ороход л байж байсан ор. Өч төчнөөн удаа хэрэглээд, будагдчихсан. Хүүхэд томроод ирэхэд орон дээрээ тохитой тухтай унтаж амарч чаддаггүй. Савхан дундуур нь хөл, гараа оруулж хугалчих гээд байдаг их хэцүү. Савхнууд нь бүгд хөдөлгөөн орчихсон, бид засвар үйлчилгээ хийгээд л додомдоод байна даа. Ийм жижигхэн орон дээр унтаж байгаа болохоор хүүхдүүд ч маш их хөлөрнө. Бас матрасыг нь ч солих л шаардлагатай. Намайг ажилд ороход л байсан матрас шүү дээ. Хүүхдүүдийн амрах хамгийн гол хэсэг нь болсон энэ орыг бид өөрсдөө чадалтай бол сольчихмоор л байна. Даанч бидэнд тэр хөрөнгө мөнгө нь алга. Хүүхдүүдийн маань унтаж амрах, өсч бойжих өлгий болсон орыг нь засч янзлаад өгөх хүмүүс таарвал тэр хамгийн том буян болохоор байна даа.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
