solongonews
Сэтгэлийн симфонио ингэж эгшиглүүл
2015-12-28 18:21
Бид алив ертөнцийн сайхныг хүсэн тэмүүлдэг ч харин түүн дотор амьдардгаа мэддэггүй.

“Өнөөдөр ямар сайхан өдөр вэ” гэж гараа алдлан сэтгэл хөгжих хичнээн сайхан бэ. Царгиж нисдэг царцаанууд чимээгүйхэн унтаж байгааг сэтгэлдээ төсөөлөх, цангасан жаал хүү данхныхаа цоргоор хярам залгилахыг сонсох,  бөндөн цагаан гэрүүдийн тулганд өглөөний гал молцоглон,  даргилах цайных нь ааг түгэн ханхийхийг үнэртэх, газар дэлхийд давтагдашгүй нэгэн шинэ өглөө айлчлах ямархан гайхамшигтай.  

Сэтгэлийн минь симфонийг  эгшиглүүлэх увдис учиг энэ орчлонд ямар олон юм бэ...  Өвс ногоо зөөлөн ганхах нь амьсгал сэрхийх шиг, өвгөн бутны дэргэдээс хөх шувуу дэрхийн нисэх нь зүүдний учрал шиг, аргал дээр авирсан голио алсыг ширтэх шиг удаан зогсох нь ямархан нэг хүлээлт мэт,  аз жаргалын дуу сэтгэлд эгшиглэн алдах нь далд гэгээн зөн совин мэт. Ахуй бүхэн сэтгэлд минь ингэж буухын сацуу амьдралын яруу сайхан эгэл жирийнд нуугддагийг мэдрэн жигтэй догдолно. Ахуй тэнгэрийн дор жаргалтайяа амьдрах үүдэл шалтгаан энэ орчлонд ямар олон юм бэ? Сайхныг анирдан бүтээх сэтгэл яасан тавиун юм бэ...
 Бид алив ертөнцийн сайхныг хүсэн тэмүүлдэг ч харин түүн дотор амьдардгаа мэддэггүй. Дуулсан дуунд минь тэр “сайхан мэдрэмж” тээгдэн оршдог. Дуулсан дуунууд салхинд туугдан, цэцэг болгонд хүртэм алсад сарнихын эгшинд мөнөөх “сайхан агшин” тэврүүлэн бүүвэйлүүлэн хамт эгшиглэдэгийг бид дандаа анзаардагсан билүү? Өглөө өглөөд яаран ирдэг нарны алтрах түмэн үртсийг энгийн зүйлд бодчихоод, мандах нарыг угтан харах хувь заяаныхаа аз хийморийг бид хааяадаа умартдаг нь үнэн. Гэвч амьдралыг эгэл сайхныг амгалан тайван сэтгэл л амдан тосож, анзааран эргэцүүлдэг бололтой. Хүмүүн бидний сэтгэл цаг үргэлж баяр жаргалтай байх нь үгүй.Гадаа нартай ч сэтгэлд шуургатай өдрүүд бас бий. Гэсэн ч сэтгэл бүүдгэрхэн үед гунигаа тэвэрч суулгүй гадаа гараарай. Эргэн тойрны алив бүхнээсээ сайн сайхныг анзаарч сэтгэлээ тэтгэн, чухам тэндээс л урсан гарах аялгуу хөгжмийг аяар нэгхэн эгшиглүүлээрэй. Сэтгэлийн тань аялгуу бусдад симфони болж хүрнэ. Таны хүргүүлсэн аялгуу бусдын зүрхийг дайлж, өрийг нь дэнслүүлэхийн цагт өрөөл нэгэн бас гунигаа үргээж, инээмсэглэл болоод хайр, аз жаргал гурав эвцэн тэврэлдэнэ ээ ...  
 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл