solongonews
Хүүхдийн 20 мянган төгрөг үнэхээр хэрэгтэй гэж үү?
2015-12-28 18:21
Засгийн газраас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжийг танахаар хэлэлцэж, гудамж талбай, телевиз радиогоор ихээхэн шүүмжлэл дагуулсан нэвтрүүлгүүд ар араасаа хөвөрч байна. Ихэнх нь энэ бол буруу шийдвэр хэмээх уриа лоозон барьсан байна. Хүүхдэд минь өгдөг мөнгөөр бид амьдардаг, миний хүүхдийн хадгаламж болно гэх зэргээр амьдралаас урган гарсан шалтгаануудаа тэд тоочиж байна.
Гэхдээ хүүхдийн мөнгийг хасах Засгийн газрын шийдвэр нь сарын орлого нь зөвхөн 1 сая төгрөгөөс дээш байх өрхөд хамаарахыг тодотгон сануулъя. Тиймээс түүнээс дээш орлоготой өрхүүдэд хүүхдэдээ зориулах 20000 төгрөгийг амьдралаасаа хэрхэн гаргаж болохыг дараах  байдлаар толилуулахыг зорилоо.
 
1. Зөв амьдралын хэвшил
Би сүүлийн нэг сар давсгүй хоол идэж байна. Ингээд би 6 кг хассанаас гадна давсанд хэрэглэдэг сар бүрийн 1000 төгрөгийг хэмнэж байгаа юм. Мөн хуурай идэх юм идэхээ багасгаж долоо хоногтоо 1 удаа авдаг байсан боов, боорцгийг бүр больж, цагаан талхыг багасгаснаар сар бүрд шаардлагатай 20000 төгрөг хангалттай хэмнэгдэж байна.
2. Чанартай, баталгаатай, хямд хүнс
Айл гэрийг авч явж байгаа нөхөр маань өдөр үдийн цайгаараа чанартай баталгаатай хоол авч идэж байгаасай гэж бүгд хүсдэг байх. Гэвч өнөө үед жирийн нэг цайны газрын хоол дунджаар 5000 төгрөг болсон. Эрүүл ахуйн баталгаа ч бага. Хэрэв баталгаатай хоолтой газар оръё гэвэл бидний орлого хаанаа ч хүрэхгүй нь тодорхой. Энэ үед миний санал болгож байгаа арга бол нөхрийнхөө өдрийн хоолыг гэртээ өөрийн гараар бэлдэж өгөөд явуулж байх юм. Та тэгсэн тохиолдолд 3000 төгрөгөнд багтаад маш амт чанар сайтай, эрүүл ахуйн шаардлага хагасан хоолоор нөхрөө дайлж чадна. Бид ажлын 20 өдрөөр тооцоход сардаа 40000 төгрөгийг илүү баталгаатай хоол идсэний төлөө олж болох юм.
3. Үнэгүй фитнесс буюу алхах
Манай ажлын хоёр, гурван залуучууд байнга гэр уруугаа алхаж харьдаг юм. Заримдаа алхаад гэртээ ирнэ. Харин тэдний нэг нь ч илүүдэл жингүй. Одоо өвлийн улирал болж байгаа учраас байнга алхах нь хүндрэлтэй боловч зуны, намрын сайхан цагаар ажил гэрийн хооронд алхаж байх нь хөдөлгөөний дутагдалд орсон өнөө үед эрүүл мэндэд ч хэрэгтэйгээс гадна таны автобусны мөнгөнөөс 20000 төгрөг хэмнэх боломж байна. 
4. Гэр бүлийн нандин харилцаа ямар үнэтэй вэ?
Сүүлийн жилүүдэд гар утас болон сошиал медиа хэрэгслүүдийн хөгжил дээд цэгтээ тулж түүнийг дагаад хүмүүсийн хоорондын харилцаа амьд биш, дэлгэцээр дамжин харьцах болоод байгаа. Өдөржингөө ажиллаад ажлаа тараад гэртээ харихдаа бүх хүн өөр өөр гар утас бариад, компьютер дээр суугаад гэр бүлийн нандин харилцаа устаж байна. Тиймээс би та бүхэнд гэртээ хариад интернэтэд нэвтэрч, улс төрийн хэрүүл хийж, бухимдаж магадгүй цэцэрхэж суухын оронд IP телевиз, интернэтээ гэртээ салгуулаад хүүхэдтэйгээ, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхийг санал болгож байна. Хүүхэдтэйгээ хамт зураг зурах, дуу шүлгийг нь цээжлүүлэх, ном уншиж өгч, эхнэр нөхөртэйгөө ярилцаж байснаар илүү ихээр аз жаргалыг мэдрэх болно гэдгийг би баталгаатай хэлэх байна. Мөн та дээрээс нь интернэтийн 20000 төгрөгийг хэмнэж байгааг сануулах илүүц биз.
 
 
Интернэт сэтгэгдлүүд, хүмүүсийн бухимдал дээр гарч байгаа нэг үг нь “Хүүхдээсээ мөнгө харамлах учиргүй” гэж байгаа билээ. Би ч мөн адил хүүхдээсээ мөнгө харамлах учиргүй гэдгийг дэмжээд харин тэр мөнгийг бусдаас, төр засгаас, татвар төлөгчдөөс нэхэхийн оронд өөрөө хэмнэлт хийгээд хүүхдэдээ зарцуулахыг санал болгож байна. Тиймээ, та хүүхдээсээ мөнгө харамлах учиргүй.
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл