Ажлаа тараад замаараа номын дэлгүүр дайрлаа. Хүү маань “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдан онолын хичээлд нь офицер шугам хэрэгтэй болсон юм. Далиманд нь ном сонирхлоо. Хажууд үе тэнгийн бололтой хоёр залуухан бүсгүй нэг номыг эргүүлж тойруулан, хэсэг бусгаар нь шимтэн уншиж байснаа “Ерөөсөө авъя аа, би энийг авлаа. Чи “Ээж ба хүүхэд”-ийг ав. Хоёулаа солиод уншчихна ш дээ” гэлцэв. Нэг нь жирэмсэн юм, гэдэс нь өхөөрдөлтэйгээр бөндийн томорчээ.
Нээрээ л жирэмслэлт, төрөлт, ээж болох, гэр бүлийн харилцаа, нас биеийн онцлог өөрчлөлтөөсөө болоод гарц хайн мухардаж байгаа өсвөр насныхан, охидын аргыг олох гэсэн асуудлууд биднийг тойрон эргэлдсээр л байдаг. Эцэс төгсгөлгүй асуудлуудад хариулт өгөх төгс шийдэл гэж үгүй. Эцэг эхчүүд бид амьдрал туулсан ч туршлага мэдлэг гэдэг цаг цагаараа өөр өөрийн өнгийг хадгалдаг жамтай.Ном л зөв мэргэн, сонирхолтой хариулт өгөөд зогсохгүй ямар ч үед уриалгахан туслагч байсаар байх болно. Ингэж бодоод маргаашийн ээж болох охид, мөн өсвөр насны охидтой бүсгүйчүүд та нарынхаа номын санд чинь байхад илүүдэхгүй зарим номыг санал болгохоор номын дэлгүүрт нэлээн саатлаа.
Хэвлий дэх ураг 28 долоо хоногтойдоо нүд нь нээгддэг. Хүүхэд энэ үеэс эхлэн эхийнхээ ходоод гэлэсний ажиллагаа, зүрхний цохилт, ярих хэлэхийг бүгдийг нь сонсож чадна. Тэр ч байтугай гадаад дуу орчны дуу чимээг ч сонсдог. Хэдий буцах холбоо байхгүй ч тэнд зүрх цохилж, сэтгэлийн хөдөлгөөний нарийн ялгамжийг мэдрэн, төрөлх чанараараа даган дуурайж, тэр бүхний тусгалыг цоо шинэ тархи оюундаа бичиж авч үлддэг. Олон жилийн өмнө эх нярайн эмч Түвшинтунгалагийн ингэж ярьж байсныг саналаа. “Эх хүний үрдээ өгөх анхны бөгөөд хамгийн сайхан бэлэг бол түүнийг хэвлийд байхад нь хүмүүжүүлэх явдал” гэдэг үнэн шүү. Харин яаж? Энэ асуултын хариуг Сэхэр Еылмазын “Ээж ээ би таныг сонсож байна” номноос авах боломжтой юм байна шүү. Харин Элизабет Фенвикийн “Ээж ба хүүхэд” ном хүүхэд төрсөн цагаас 3 нас хүртэлх үеийн асаргаа, хооллолт, арчилгааны талаар гайхалтай сайхан багц мэдээлэлтэй юм билээ.
Охид гэдэг тайлагдашгүй ертөнц өсөх тусмаа нууцлаг асуултуудын өмнө ээжүүдийгээ аваачдаг. Тэдний гоо сайхан, эрүүл ахуй, зан төрх, бие бялдрын өөрчлөлтүүд, харилцаа, мөнгөтэй харьцах ойлголтын талаар заавал мэдэх зүйлүүд гарч ирдэг. Б.Сарантуяагийн “Яг л ээж, эгч, найз шиг” ном та бүхэнд дотнын туслагч байж мэднэ. Мэдэхгүй байна гэдэг алдааны эх үндэс. Уншиж, сонссон бүхэн алдааг тойрон гарах шидэт гарц байх болно.
