solongonews
Хайрыг танихад тэвчээр хэрэгтэй
2015-12-28 18:21
Багын найз охин минь өнгөрсөн долоо хоногжин утаснаасаа салсангүй. Уйлаад л. Утсанд нь дуудлага ирэхэд ганцхан хүний нэр гарахгүй л бол чихэндээ ч хүргэхгүй.
 
Энэ их хүлээлтийн эзэн болсон тэр эрийг харин би хамгийн ихээр үзэн ядаж байна. Эхнэртэйгээ маргалдаад түр зуур хоёр талд амьдарч байхдаа тэр залуу найз охиныг минь дутагдсан хайр халамж, энхрийлэл, халуун дулаан хөнжлийн жаргалаараа сонгосон юм байж. Энэ бүхнийг найз минь анхнаасаа мэдэж байсан ч сэтгэлээ татаж чадаагүй. Зовлон дундах жаргал хэзээ нэг цагт биеллээ олно гэж сохроор итгэснийхээ хариуд одоо ч тэр минь шаналсаар л байна. 
 
Яагаад гэвэл өнөөх залуу эхнэртэйгээ эвлэрчихсэн учраас л түүн рүү дахиад ганц ч удаа мессэж бичсэнгүй. Утсаар ч ярьсангүй. Өөр лүү нь сэтгэл амгалан утастах эрхгүй болохоор найз минь хүлээхээс өөр сонголтгүй. 
Ажлаас өөр юм мэддэггүй гэнэхэн охиныг нулимсан далайд живүүлчихээд тэр одоо дулаахан байшиндаа гэр бүлийнхэнтэйгээ ширээгээ тойрон санах ч юмгүй халуун хоолоо идэж суугаа. 
 
Уг нь найз охинд маань эхнэрээсээ сүүлэрсэн энэ эрээс өөр нэгэн залуу дурлаад удаж байгаа юм. Ганц бие, ажил төрөлдөө сайн, сархад, тамхины алийг нь ч хэрэглэдэггүй, хүн чанар сайтай... Түүний сайн чанаруудыг жагсаагаад бичвэл яах аргагүй найзын минь заяаны хань мөн гэж надад харагдаад байдаг. Гэвч тэр одоо хүртэл тэр гэмгүй энгийн залууг өнөөх эхнэртэй эртэйгээ харьцуулсаар л байдаг. Тэр нь ч өөр юм, энэ нь ч ийм юм гээд л... 
 
Энэ эцэс төгсгөлгүй харьцуулалтад нь хариулах эзэн өөрөөс нь өөр хэн ч үгүй гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Тэгсэн хэр нь л зөвхөн өөрийг нь хуурсан сэтгэлийн “ангууч”-ийг утсаа чагнан хүлээсээр л байна. 
Яг ийм үед түүнийг  тэвчээр гаргаж, сайн хүнийг хажуугаараа өнгөрүүлэхгүй байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Эхнэр, хүүхэддээ эргээд очсон тэлээ хурга шиг тэр эр өөрийг нь амны алчуур шигээ мартаж орхичихлоо. Сэрэх цаг болжээ гэж би найз охиндоо хэлсэн. 
 
Хайр чухам аль нь вэ гэдгийг тэр одоо таних ёстой. Гэхдээ тэвчээр, бас ухаан гаргаж байж таних ёстой. 
Хэлсэн энэ үгийг минь тэр хэрэгжүүлэхээ надад амласан. Хэн нэгний хувьд хэн ч биш байх уу, эсвэл хэн нэгний бүхэл бүтэн амьдрал нь байх уу гэдгээ тэр одоо шийдэх ёстой. Энэ бүхнийг ойлгож чадвал түүний бүх зүйл гэрэл гэгээтэй байна гэдэгт би итгэж байна. 
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл