solongonews
Хүүхэд тань сургуульд орж байгаа бол заавал уншаарай
2015-12-28 18:21
Хүү маань нэг удаа дэвтрээ буйдангийн суудал дундуур тас нуучихсан байсныг арай гэж гаргуулж билээ. Учир нь “Чи хэзээ ч муу, дунд дүн авч болохгүй” гэсэн миний үгнээс эмээгээд, дунд авчихсаныгаа хэрэг хийсэн мэт ойлгож тийн нуусан байсан юм.

 “Хүүхдээ аль сургуульд өгөх вэ?, Тойргийн биш гээд авдаггүй яах билээ, Хүүгээ  хэлтэй хүн л болгомоор байна, даанч тэр сургуулийн төлбөр дааж давшгүй айхтар юм...” Ойрын үед ийм яриа эцэг эхчүүдийн дунд их байгаа нь гайхах зүйл биш. Харин хүүхдээ 1-р ангийн сурагч болоход нь бид хэрхэн ойлгож туслах, яаж сургах талын зүйлийг нэг л орхигдуулаад байх шиг. Цэцэрлэгт тоглож наадаж байсан хүүхэд нэг л өдөр сурагчийн ширээний ард дасан ядан сууж, тэвчээртэйгээр анхаарлаа төвлөрүүлэх тухай ойлгох нь бүү хэл дургүйцэж, заримдаа дасан зохицох элдэв бэрхшээлүүдэд ядарч, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх нь ч бий. Тиймээс ээж аавууд аа,  хэдэн зүйлийг анхаарахад илүүдэхгүй.

1.    Хүүхдээ 6 настайд нь сургуульд орсон үеэс л шууд сургуулийн насны хүүхдийн онцлог байдлаар харьцаж, шаардаж болохгүй. Бяцхан хөөрхөн 6 настнууд маань хэрэгцээтэй, ач холбогдолтойг нь биш, харин сонирхолтойгоо л тогтоодог юм шүү. 18 жилийн өмнө том хүүгээ 93-р сургуулийн 1-р ангид өгөхөөр гэртээ өөрөө бэлтгэсэн бяцхан туршлагаасаа хуваалцъя. Гоц авьяастай хүүхдийн 93-р сургууль гээд тэр үед сэтгэхүйн онцлог, авьяас мэдрэмж бүгдийг нарийн шалгаж авдаг байсан юм. Тэгээд хүүдээ кирилл, уйгаржин үсэг тогтоолгон, холбож уншиж чаддаг болгох зорилтыг өөртөө тавьж, тоглоомын аргаар заасан нь гайхалтай амжилттай болсон. Бага хүү гэдсэнд, төрөх дөхсөн би ээлжийн амралттай байсан болохоор завтай ч байж.  35 үсгийг загас, туулай, бөмбөг зэрэг янз бүрийн хэлбэртэй цаасан дээр өнгө өнгөөр бичиж, бичгийн хавчаараар хавчаардаад газраар тараагаад тавьчихна. Уртхан утасны үзүүрт жижигхээн соронз уяад “За ээжийн хүү хоёулаа “А” гэдэг гоё алтан загас баръя”, “Б үсэгтэй бөмбөг худагт уначихлаа. Татаад гаргаад ирээрэй” гэхэд хүү маань инээд алдаж, баяр хөөртэйгээр тоглож байгаад л үсгээ нүдлэчихсэн.Шүлгийг хурдан цээжлүүлж уран яруу уншуулъя гэвэл тэр үед магнитофон гэж байлаа,  тийм дуу хураагуурт бичиж хэсэгчлэн сонсгож, даган уншуулахад гайхалтай хурдан цээжилнэ. Энэ арга хуучирдаггүйг бага хүүгээ мөн л 93-р сургуульд оруулахаар бэлтгэж байхдаа мэдэрсэн. Хоёуланг нь 6 настай оруулсан болохоор энэ нас сургуульд ороход нэг их балчирддаггүйг ч бас анзаарсан.

 

2.    Гурван настнууд “Би... би, би чадна...” гэдэг онцлогтой байдаг шиг 6 настнууд өөрийн үнэлэлтийг ихэд чухалчилдаг сэтгэл зүйтэй байдаг. Тиймээс багш, ээж аавынхаа “Чи буруу хийжээ, чи алдаа гаргасан байна” гэсэн тайлбарыг шууд л “Муу сурагч” гэж ойлгодог юм. Иймээс “Миний хүү чинь ухаантай сайн жаал, харин энэ үсгээ жаахан буруу биччихэж” гэж дутагдлын өмнө заавал амжилтыг дурдаж хэлж байгаарай. Хүү маань нэг удаа дэвтрээ креслын суудал дундуур тас нуучихсан байсныг арай гэж гаргуулж билээ. Учир нь “Чи хэзээ ч муу, дунд авч болохгүй” гэсэн миний үгнээс эмээгээд, дунд авчихсаныгаа хэрэг хийсэн мэт ойлгож тийн нуусан байсан юм.

 

3.    “Муу” үнэлгээ, дүн нь 6 настнуудад айдас түгшүүр, тайван биш байдал үүсгэж, хүүхэд идэвхгүй оролдлогогүй болж урвайн гутрах нь олонтаа. Үүнээс болж хүүхэд ядарч сульдан, хичээлд дургүйцэж эхэлдэг болохоор “Муу” гэдэг дүнг юм л бол өлгөж ярьж, өөлөн голж, загнаж зэмлэх хэрэггүй. “Чи ахиад л муу авсан уу?” Ингэж хэлэвзэй! Түүний оронд “Дүн яахав ээ, хичээлээ сураад авбал муу дүнгээ онц болгох амархан” гэж итгүүлж, уриалж байгаарай.

 

4.    Бага ангид цээжлэн тогтоох даалгавар их өгдөг. Зөвхөн хүүхдээсээ нэхээд шаардаад байлгүй хамтдаа уншиж цээжилж, хоолой нийлүүлэн цуг уншвал хэзээ ч хүүхдийн ой тойноос мартагддаггүй. 

 

5.    Бага насны хүүхэд тогтортой суудаггүй. Хүлээстэй юм шиг номхон томоотойгоор хичээл хийлгэнэ гэж юу билээ. Ядраагүй байхад нь эхлээд бичих, бодох зүйлийг хийлгээд, бусдыг нь өөр өөр орчинд хийлгэвэл тустай гэдэг юм билээ. Гал тогоондоо цайгаа ууж суухдаа л хүүхэлдэйн кино ярьж байгаа юм шиг л хөгжилтэйгээр хичээлээ бататгаад авбал хүүхэд дургүйцэхгүй, бас тэр хичээлийн утга агуулгыг ээжийнхээ бэлдэж өгсөн амтат алимны шүүстэй хамтат нь тархи оюундаа бичлэг хийгээд хадгалчихна аа гэсэн үг. 

 

6.    Хүүхдийнхээ сэтгэхүйг хөгжүүлэх хөгжилтэй бодлого их хэрэгтэй юм билээ. Жнь, хашаан доогуур 14 хөл цухуйж байжээ. Хэдэн нохой, хэдэн тахиа байсан бэ?” гэхэд хүүхэд нохой, тахианы хөл хэд байдгийг зөв тооцоолон бодож, танин мэдэхүй нь тэлж байх жишээний. 
Намар гэдэг юухан билээ. Зуны зугаатай өдрүүдийг хүүхэддээ зарцуулахдаа аль болох амар хялбар арга, сонирхолтой тоглоомын хэлбэрүүдийг овжин санаачлаарай. Та өөрөө ч ядрахгүй, балчирхан үрээ ч ядраахгүй сургаж чадна аа.
 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл