solongonews
Өөрөөсөө нулимсаа нуух хэрэггүй
2015-12-28 18:21
Цаг буцахыг анддаггүй нүүдлийн шувууд нутгаа орхин нулимстай бодлуудыг хөх тэнгэрээс бороо мэт асгасаар салхи өртөөлөн хурмастад дүүлнэ. Өөрөөсөө ч нууж явсан тэр л бодлуудыг, тэр л нулимсыг, тэр л хүсэл мөрөөдлүүдийг, тэр л хагацал, учралуудыг харьж яваа улирал цацсан шагай шиг дэлгэж орхино.
Нар үүлэн хөнжилдөө тухлаад намар цагийн аясыг дагаад амралтаа авчих шиг санагдах боллоо. Модод навчсаа гөвөх гунигтай тэр цагийг хүлээн санаа алдах шиг намрын урт өдрийн зовлонт салхинд найгах. 
 
Намар болохоор өөрийн эрхгүй сэтгэлд үүрлэсэн бодлын шувуухай үүрээ орхин нисэн одох гэж байгаа мэт санагддаг. Тэрээр хаашаа ч юм хүссэн зүг рүүгээ халин дүүлэн одохыг хүсэхэд бид даанч түүнийг даган жигүүр дэлгэхгүй нь харамсалтай ч юм шиг. 
Тэртээ холд мартагдсан он жилүүд гэнэт өчигдөрхөн л юм шиг дулаан халуун, эсвэл мөс шиг хүйтэн өөр өөрийн өвөрмөц дүр төрхөө гайхуулсаар сэтгэлийн чанадад хуйлрана. Зам дээр гээгдсэн цэцэг шиг өнчин зүрх олны дунд ч ганцаардаж, дулаахан саруулхан гэр оронд ч даарч жихүүцэх мэт цаанаа л уйтай. 
 
Цаг буцахыг анддаггүй нүүдлийн шувууд нутгаа орхин нулимстай бодлуудыг хөх тэнгэрээс бороо мэт асгасаар салхи өртөөлөн хурмастад дүүлнэ. Өөрөөсөө ч нууж явсан тэр л бодлуудыг, тэр л нулимсыг, тэр л хүсэл мөрөөдлүүдийг, тэр л хагацал, учралуудыг харьж яваа улирал цацсан шагай шиг дэлгэж орхино. 
 
Уйлахгүй гэж, санахгүй гэж, дахин бодохгүй гэж өөртөө хэзээ ч юм ам гарсан тэр л агшныг намар цагийн гунигт аялгуу эздийнх нь өмнө дахин авчрах мэт. Хоргодох газаргүй дурсамжийн аадарт нэвт цохиулж, харуусал тээн унахдаа сүүлчийн амьсгалаа газарт шингээх шарласан навчсыг харсан хэний ч зүрх тэр л хоромд өөрөөсөө нуусан нулимсаа тэвчих чадалгүй болдог юм. 
Тийм ээ, намрын уйтай өдрүүдэд өөрөөсөө нулимсаа нуух хэрэггүй. Түүний оронд сэтгэлээ онгойтол, оюуныхаа үүдийг цэлийтэл сувдан дуслуудыг мэлмий юунаасаа асгаруул. Уйтай энэ улиралд гунигт эгшигүүдийг дайж, үлдэж хоцорсон бүхнийг сүүлчийн бүхэнтэй нь хамт үдэн мордуул.  
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл