“Хятад, Монголын Экспо-2015” үзэсгэлэнд хоёр талын төр засгийн албаны хүмүүс болон зохион байгуулагчид, зочид төлөөлөгчид, хувийн хэвшлийн оролцогчид, хэвлэл мэдээллийнхэн гээд олон зуун хүмүүс Өвөр Монголын Өөртөө Засах Орны төв Хөххотод цугларсан билээ. Түм түжигнэсэн тэр олны дундаас та бидний сайн мэдэх нэгэн онцгой содон хүнтэй таарч уулзсандаа тун ч их олзуурхаж байна. “Хайр өөрөө гайхалтай” гэдэг дуу аялгуулж эхэлмэгц шууд л дуучин Анхаа, Халиун гэсэн гайхалтай “Хайрын дууч” хосын тухай зураглал эрхгүй сэтгэлд бууна. Экспод Монголын барилгын ба хүнсний салбарын төлөөлөгчөөр оролцсон “Хүмүүнлэгийн Элч” дуучин О.Анхбаяр өдгөө олны хайр хүндэтгэл хүлээсэн элит уран бүтээлчээс гадна, бизнесийн салбарт амжилт бүтээлээр дүүрэн од нь гийж яваа цөөхөн залуухан бизнесмэнүүдийн нэг болжээ. Ингээд түүнтэй өрнүүлсэн ярилцлагаа сонирхуулъя.
ЭКСПОГООС АЯТАЙХАН ХЭДЭН САНАА ТӨРСӨН,
ХЭРЭГЖИХЭЭР НЬ ХЭЛЬЕ
- Өнөөдөр О.Анхбаяр гэдэг залуу ямар ажил алба эрхэлж байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
- Юуны өмнө “Солонго” мэдээллийн төвийн уншигч, үзэгчиддээ энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн мэндчилгээ дэвшүүлье. Миний хувьд өнөөдрийн байдлаар “НОЁН ӨРГӨӨ КОНСТРАКШН” ХХК-ний ерөнхий захирлаар мөн “ЭВЕНТ ин МОНГОЛИЯ” ХХК-ний ТУЗ-ын даргын албан ажлыг хашиж байна. Уг ажиллаж буй компаниуд маань бизнесийн зорилготой бөгөөд Монгол эх орондоо Зам, Барилга, Уул уурхайн менежмент, Эвент үйл ажиллагаа болон гадаад, дотоод худалдаа гэх зэрэг бүтээн байгуулалтын чиглэлийг баримтлан үйл ажиллагаа эрхэлдэг.


- “Хятад, Монголын экспо - 2015” үзэсгэлэнд төлөөлөгчөөр ирсэн хүний хувьд юу сонирхож ирэв, ямар салбар хуралдаануудад оролцсон бэ. Экспог зорьж ирсэн зорилго тань хэр амжилттай бүтэв. Эндээс ямар олз омогтой буцаж байна вэ?
- Тус хоёр орон бол мөнхийн хөршүүд юм. Тийм ч учраас хоёр орны тэргүүнүүд ирээдүйн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр улсын цаашдын хөгжлийн төлөө стратегийн ач холбогдолтой гэж үзэн энэхүү бизнес арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа нь хоёр орны бизнес эрхлэгчдэд тун таатай байгаа. Миний хувьд энэхүү Экспо арга хэмжээнд Барилга, Гадаад дотоод худалдаа, Үйлдвэрлэлийн чиглэлээр Хятад улсын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, бүтээн байгуулалтын чиглэл дээр хөрөнгө оруулалт болон туршлага судлах зэрэг зорилгоор ирлээ. Энэ чиглэлээрээ салбар хуралдаануудад оролцсон. Ирсэн зорилгодоо хүрлээ, олон ч түншүүдтэй танилцлаа. Цаашлаад мөрөөдөж зорьж байгаа ажил маань амжилтаар дүүрэн байна гэдэгт би итгэлтэй байгаа. Эзэн хичээвэл заяа хичээдэг шүү дээ.
- Энэ Экспогоос таньд ямар ямар шинэ санаанууд төрөв?
- Экспоны хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчид их олон чиглэлээр санал солилцсон. Надад хэд хэдэн аятайхан санаанууд төрснөө нуух юун. Хэрэгжүүлснийхээ дараа “Солонго”-ын уншигчидтайгаа хамгийн түрүүнд хуваалцна аа.

МИНИЙ ҮЗЭСГЭЛЭНТ ГЭРГИЙ ДАРХАН БЭР
- Танай гэр бүл Монголдоо олны бахархал болсон сайхан уран бүтээлчид гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Уран бүтээлч хүн бизнес эрхлэхийн давуу болоод бэрхшээлтэй тал нь юу байх юм?
- Олон сайхан давуу талууд бий. Уран бүтээлээрээ хүмүүст танигдсан учраас бизнесийн ажил хийхэд их амар байдаг. Хамтрагчид маань бутээлээр маань мэддэг учраас ажил хэрэг дээр найдвартай гэж үздэг. Учир нь энэ хүн өөрийнхөө хийж буй уран бүтээл дээрээ яаж хандана бидэнд яг тэгж хандана гэж хардаг олон бизнесмэнүүд байдаг юм билээ. Энэ бол давуу тал. Харин бизнес эрхлэх зарим тохиолдолд бэрхшээлтэй тал нь өөрийг маань зөвхөн уран бүтээлчээр хардаг дүгнэдэг хүмүүс ч байна. Уран бүтээлээрээ танигдсан болохоор тийм талтай байж болох юм. Гэхдээ би чинь Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй хүн шүү дээ /инээв/

- Та гэр бүлийнхээ талаар манай уншигчдад танилцуулаач. Учир нь дуучин Б.Халиунаа гэж мэдэхээс айл гэрийн эзэгтэй, ээж, гэргий гэдэг талаас нь бид сайн мэдэхгүй шүү дээ. Түүнчлэн хүүхдүүдийнхээ тухай?
- Миний гэргий Б.Халиун гэж эгэл жирийн монгол бүсгүй байдаг. Гэргий маань хүний халамжит сайн хань, хүүхдүүдийн минь сайн ээж дээ. Би ханиараа үргэлж бахархаж явдаг. Ажил ихтэй зав багатайхан үеэр хааяа их ядарна шүү дээ, энэ үед хань минь ар гэрийнхээ бүхий л ажлыг асуудалгүй, миний оролцоогүйгээр маш сайн зохицуулчихдаг. Надад гурван сайхан хүү төрүүлж өгсөн монголын үзэсгэлэнт сарангуа төдийгүй “дархан бэр” шүү дээ. Танай “Солонго”-оор дамжуулан гэргийдээ “Чамдаа хязгааргүй их хайртай” гэдгээ хэлмээр байна.

- Олны хүндэтгэлийг хүлээсэн “Хайрын дууч” хосууд маань нийтдээ хичнээн уран бүтээл туурвисан бэ. Та хоёрынхоо уран бүтээлийн талаар тодотгож асуумаар байна?
- За, бид хоёрын хувьд хамтран дуулсан дуу олон. Өнөөдрийг хүртэл нийтдээ зургаан цомог гаргажээ. Нэрлэвэл “Хайр өөрөө гайхалтай” цомог, “Сувдан хайр”, ”Нандин”, “Mongolian Best Love songs” хоёр төрлийн кино концертын DVD гэх зэрэг цомгуудыг нэрлэж болохоор байна. Харин тус тусдаа гэвэл би “Бүүвэй ээж”, “Үнсгэлжин” нэртэй хоёр цомог гаргасан. Б.Халиунаа маань Монголын охидын “КИВИ” хамтлагтай хоёр цомог гаргасан байдаг юм. Ингээд бид нийтдээ бараг арваад цомгийн ард гарсан байна. Цаашдаа уран бүтээлээ орхилгүйгээр үргэлжлүүлэн шинэлэг бүтээлүүдийг эрэлхийлэн хийнэ, туурвина гэж бодож байгаа.
- “Хайрын дууч” хосуудыг уран бүтээллчээсээ гадна залуу бизнес эрхлэгч гэр бүл гэдэг талаас нь ярилцмаар байна ?
– Ямартай ч үеийнхээ залуучууд бусад гэр бүлүүдийнхээ адил бид ажиллаж, хөдөлмөрлөж, зүтгэж л байна. Амьдрал баян шүү дээ. Хүн тодорхой цаг хугацаа өнгөрөх тусам өсөж, дэвжиж амьдардаг гэж боддог. Залуу хүн бүр тэмүүлэлтэй амьдраасай гэж бид хоёулаа хүсдэг. Одоогоор бид уран бүтээлээсээ гадна, тус тусдаа компани удирдан ажиллаж байна. Бизнес хийнэ гэдэг бас тийм ч амар биш. Заримдаа алдаж онох, унаж босох үе гарна, цаг үеийн байдлаас болоод зогсох, сэргэх үеүүд олон тохиолддог. Түүнийг харин эерэг, өөдрөгөөр хүлээн авч тэвчээртэй даван туулах нь чухал л даа. Гэхдээ сэтгэл зүрх минь урагшаа тэмүүлж л амьдрах юм байна шүү дээ.

- Уран бүтээлч гэр бүлийн хувьд мэдээж хэрэг Өвөр Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллах бодол байдаг байх?
- Тэгэлгүй яахав, Бид хоёрт Өвөр Монголын уран бүтээлчдээс хэдэн жилийн өмнө хамтарч уран бүтээл хийе гэсэн санал хэд хэдэн удаа ирж байсныг санаж байна. Тухайн үед цаг үе, нөхцөл боломж нь болоогүй. Харин удахгүй Өвөр Монгол болон БНХАУ-ын мундаг уран бүтээлч найзуудтайгаа хамтарч уран бүтээл хийхээр төлөвлөн ажиллаж байгаагаа дуулгая.
МЭДЭЭЛЭЛТЭЙ ХҮН МЭДЛЭГТЭЙ
- Өвөр Монголын “Солонго” мэдээллийн төвөөс 22 дахь жилдээ эрхлэн гаргаж байгаа “Солонго” сэтгүүлийн тухай та хэр мэдэх вэ?
– Миний хувьд ер нь мэдээллийн сувгуудыг сайн мэднэ. Мэдээлэлтэй хүн мэдлэгтэй гэдэг биз дээ. / инээв/ “Солонго” сэтгүүлийг би сайн мэднэ ээ. Уншигчид, үзэгчиддээ дандаа гэрэл гэгээтэй, босгосон, урамшуулсан, зоригжуулсан, уншууртай, мэдлэг өгөхүйц хүртээлтэй мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж чаддаг сэтгүүл. Үүгээрээ чансаа өндөртөй өсөж, хөгжиж яваа мэргэжлийн цөөн сэтгүүлүүдийн нэг гэж манай гэр бүл үздэг, үнэнч уншигч нь гэхэд болно. Сэтгүүлээсээ гадна бас мэдээллийн цахим хуудастай, гар утсан дээрх application-тай, өөрийн гэсэн өнгө төрх, донж, эфиртэй чадварлаг хамт олон гэдэг нь харагддаг. Ялангуяа сүүлд гар утсан дээрх “Wechat” media application хуудсаараа кирил, монгол бичгээр, бас дүрстэй мэдээллүүд нийтэлдэг болсон нь мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах талаасаа ихэд таалагдсан. Ер нь мөнхийн хөрш болох БНХАУ-ын Өвөр Монголын хөгжил, цаг үеийн мэдээллийг би “Солонго” мэдээллийн төвийн хэвлэл мэдээллийн сувгаас авдаг. Урьд нь би зөвхөн “Солонго”-ын мэдээлэл хүртэгч, хэрэглэгч байсан бол энэ удаад та бүгдтэйгээ хамтран ажиллах боломж, завшаан олдсондоо их баяртай байна. Та бүхнийхээ цаашдын ажилд гэр бүлийнхээ зүгээс чин сэтгэлээсээ өндөр амжилт хүсье.

- Манай сэтгүүл болон цахим хуудсанд ярилцлага өгсөн таньд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлийг таньд үлдээе
- Та бүгдтэйгээ ярилцсандаа баяртай байна. Ингээд бид “Хятад, Монголын Экспо- 2015” үзэсгэлэнгийн тухай яриагаа эхэлсэн болохоор энэ сэдвээрээ өндөрлөсөн нь зөв байх гэж бодож байна. Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн хүрээнд хоёр орны залуучууд, бизнес эрхлэгчид хамтран ажиллах нөхцөл бололцоо нээгдсэн явдалд их баяртай байгаа. БНХАУ-ын хувьд бол хүн амын тоо олон, эдийн засгийн эргэлт сайтай зах зээлийн таатай орчин бүрдсэн улс гэж боддог. Ингээд энэхүү Экспог санаачилсан хоёр улсын удирдлагууд, Экспод оролцсон хоёр орны бизнесийн байгууллагууд хамтын ажиллагааны төлөөлөгчдөд баяр хүргэж, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Тус ярилцлагыг “Солонго” мэдээллийн төв нь Оюуны өмчийн тухай хуулийн хүрээнд албан ёсны онцгой эрхтэйгээр авсан болно. Иймд бусад хэвлэл мэдээллийнхэн бүх талаар хуулбарлахыг хориглоно.















Ярилцсан: Э.ҮРЖИНХАНД
