solongonews
TOEFL-д бэлдэж буй охидод өгөх хамгийн чухал 5 зөвлөгөө
2015-12-28 18:21
Ихэнхи хүмүүс TOEFL-ын шалгалтыг биелэгдэшгүй даалгавар мэтээр боддог.

10, 11 настайгаасаа америк дуучдын дууг сонсдог байлаа. Ер нь бол дуу сонссоор байгаад л англи хэлийг сурч байсан даа. Сурч байсан ч гэж, өөрөө мэдээгүй байхад л гайгүй сайжирчихсан. Гэхдээ мэдээж тийм сайн байгаагүй. За тэгээд ингэж дуу сонсож, кино үзэж, видео тоглоом тоглож хагас хугас сурсан хэлээрээ хамгий хэцүү гэгддэг TOEFL-ын шалгалтыг өгнө гэж би өөрөө ч бодоо ч үгүй явсан биз ээ.  2015 оны 9 сарын үеэр шинэ зүйл сурмаар санагдаж  эхлэхэд би Англи хэлээ сайжруулж бүр цаашлаад TOEFL өгье гэж эрс шулуудан хийж байсан. Тэгээд 11 сард шалгалтаа өгсөн. 2 сар бэлдсэн гэж хэлж болно. Яг шалгалтын 10 хоногийн өмнөөс ёстой л өдөр шөнөгүй бэлдсэн дээ.  Ер нь бол тууштай шургуу, хичээнгүй байдал л хамгийн чухал шүү. За тэгээд өөрийн туршлагаасаа та бүхэнтэй хуваалцъя.

ХУВААРЬ ГАРГАХ БЭЛДЭХ

Миний хувьд TOEFL-д бэлдхийн тулд ажлаасаа гарсан байсан болохоор өөр зүйлд анхаарлаа хандуулах шаардлагүйгээр дан TOEFL-доо бэлддэг байсан. Тийм ч учраас миний хуваарь бүтэн өдрийнх. Та бүхэн хичээл, сургууль, ажилдаа тохируулаад хуваарь гаргаарай. Энэ маш чухал шүү. Хуваарьт бичсэн бүх зүйлээ хийж дуусгачихаар их гоё мэдрэмж төрнө :P Заавал 1 өдөрт бүх хэсгээ хийх гээд хэрэггүй, жоохон ядардаг болохоор нэг өдөрт унших, ярих хэсгээ хийгээд, дараагийн өдөр нь сонсох, бичих хэсгээ хийх гэх мэтчилэн ээлжлээд хийгээрэй. За тэгээд бэлдсэнийхээ дараа үргэлж өөрийгөө урамшуулж байгаарай.

ӨДӨР БҮР ОНООГОО ТЭМДЭГЛЭХ

Мэдээж Унших, Сонсох хэсгүүдийг хийсний дараа бид оноогоо хардаг шүү дээ. Компьютер дээр хийвэл цаанаас нь оноо нь гараад ирнэ, номноос хийвэл хойд талын хуудаснаас харж байгаад шалгаад оноогоо гаргаад ирдэг ч тэр бүр хүмүүс оноогоо тэмдэглэж авдаггүй. Өдөр бүрийнхээ оноог тэмдэглэснээр өөрийгөө дүгнэж, өмнөх өдрүүдтэйгээ харьцуулж, юу нь дээрээ илүү анхаарах вэ гэдгийг мэдэж авна. Мөн өдөр ирэх тусам ахиж дэвшиж, оноо чинь сайжирч байгааг мэднэ. Их гоё мэдрэмж шүү :)

ҮГИЙН САНГАА БАЯЖУУЛАХ

TOEFL өгөхөд үгийн сан маш чухал байдаг. Ялангуяа шинжлэх ухаан, академик түвшний үгийг сайн мэддэг байх ёстой. Зарим хүмүүс яасан ч үг цээжлэж чадахгүй байна, яаж цээжлэх вэ? гэж их асуудаг. Миний хувьд үгийг Synonym буюу ижил утгатай үгтэй нь хамт цээжилдэг байсан. Англи хэлэнд 1 утгатай өөр өөр үгс маш их байдаг  /жш: Том- big, large, huge, massive, enormous, vast, immense,great/ , тэр дунд чиний мэддэг, эсвэл өмнө нь харж байсан нэг үг заавалчгүй байдаг. Яг тэр үгтэй нь хамт цээжилвэл дараа нь мартагддаггүй, 1 харахад л толгойд чинь ижил утгатай үг нь ороод ирнэ шүү дээ. :P /Google translate дээр бүх үгний Synonym байдаг/ Гол нь шинээр сурсан үгнүүдээ ашиглах маш чухал шүү. Тэр үгээ ашиглаж өгүүлбэр зохио, зарим ном, материалууд дээр цаанаас нь өгүүлбэрт оруулаад өгчихсөн байдаг учир сайн уншиж тогтоож өөрийн болгох хэрэгтэй.

ҮРГЭЛЖ СОНИУЧ, ЭРЭЛ ХАЙГУУЛЧ БАЙ

Одоо үед интернет ашиглаж ямар л бол ямар мэдээллийг олж авч болдог болсон. TOEFL-д бэлдэхдээ ч мөн адил интернетээр эрэл хайгуулж хийж шинэ зүйл сурч авах хэрэгтэй. Ялангуяа Youtube дээр маш их TOEFL-той холбоотой мэдээлэл, хичээл байдаг шүү. Өөрийн мэддэг Youtube Channel уудаа оруулъя.

УНШИХ, СОНСОХ, ЯРИХ, БИЧИХ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ АРГА

  •       ХЭРХЭН УНШИХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ ВЭ?

Англи хэл дээр бүх л төрлийн материал, ном унш, мөн киногоо англи subtitle-тай үз. Унших чадвараа сайжруулахдаа эхлээд энгийн, хялбар үгийн сонголттой үлгэрийн номноос эхлээрэй. Хамгийн гол нь өөрөө шимтэж уншихуйц сонирхолтойг сонгоорой. Яаж унших вэ гэхээр, цогцолбор бүрээр салгаж уншина. 1 цогцолборыг эхлээд мэдэхгүй үг байсан ч алгасаад уншиж дуусга, дараа нь уншсан цогцолбороосоо мэдэхгүй үгнүүдээ тольноос харж дээр нь утгыг нь бичсэний дараа дахин 1 удаа цогцолбороо уншина. Энэ мэтчилэн унших маш үр дүнтэй. Ер нь ном уншиж байхдаа сурсан шинэ үг мартагддаггүй шүү. :) За тэгээд өөрийгөө бэлэн болсон гэж үзвэл шууд академик буюу англи хэл дээрх сурах бичгүүдийг /биологи, газар зүй, нийгэм, түүх г.м/ уншаарай. TOEFL нь хүнийг академик түвшинд англи хэлийг ашиглах чадвартай үгүйг нь шалгадаг шалгалт учраас ихэвчлэн сурах бичиг, шинжлэх ухаан төрлийн унших текстүүд оруулж ирдэг. Бас мэдээ уншвал их үр дүнтэй шүү.

TOEFL зөвхөн сонсох хэсэгт бус ярих, бичих хэсгүүдэд ч сонсох материал оруулж ирдэг учир мэдээж сонсох чадвар маш чухал. Сонсох чадвараа хөгжүүлэх маш олон сонирхолтой арга байдаг. Нэгдүгээрт мэдээж кино үзэх, сонсох чадвараа хөгжүүлхийг хүсэж байвал subtitle-гүй шууд англи хэл дээр нь үзээрэй. Эхлээд ойлгохгүй байсан ч яваандаа ойлгодог болно, эсвэл өмнө нь монгол хэл дээр, хадмалтай нь үзэж байсан кинонуудаа дахиж үзэж болно шүү.  Мөн танд сонирхолтой салбар, шинжлэх ухаан /загвар, одон орон, биологи г.м/ байдаг бол түүнтэйгээ холбоотой хичээл, мэдээллүүдийг англиар үзэж байгаарай. Миний хувьд лекц сонсох маш их дуртай. За дараа нь бэлэн болсон үедээ TOEFL-ын сонсох хэсгийн дасгалуудыг утсан дээрээ татаж аваад дуу сонсохын оронд дасгалуудаа сонсож байгаарай /маш үр дүнтэй шүү/. Сонсох материал ихтэй Youtube Channels:

Хэрэв англиар ярьдаг улсад амьдардаг бол ярианы чадвар өөрийн мэдэлгүй л сайжирдаг. Энэ нь яагаад вэ гэхээр мэдээж хэлний орчин бүрэн төгс бүрдэж өгсөн байгаа учраас тэр. Тэгвэл хэрхэн тэр хэлний орчинг өөрөө бүтээх вэ? Миний зүгээс та бүхэнд өгөх зөвлөмж нь мэдээж үргэлж англиар ярихыг хичээ, таньтай харилцан ярих хүн байнга олдоно гэж байхгүй. Тэгсэн ч гэсэн өөртэйгээ ярих хэрэгтэй. Кино үзсэн бол киноныхоо талаар өөртөө дахиж ярь, ном уншсан бол номоо товчилж ярь, нэг сэдэв сонгож аваад цаг харж байгаад 5 минут тасралтгүй ярих гэх мэт маш олон аргууд байдаг шүү. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлээрэй :)

  • ХЭРХЭН БИЧИХ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?

Унших чадвараа хөгжүүлээд их зүйл уншдаг бол бичих чадвар ч дагаад хөгжинө. Тиймээс их уншиж байгаарай залуусаа :) TOEFL sample essays гэж хайгаад TOEFL-ын эссэнүүдийг уншиж байгаарай.

  • Англи хэл дээр өдрийн тэмдэглэл хөтлө
  • Найзуудтайгаа, гадаад хүмүүстэй англиар чатлаарай /Tandem гээд апп байдаг шүү/
  • Юу бодож байгаагаа бичих
  • Ном уншаад, кино үзчихээд сэтгэгдэлээ бичих
  • Өдөр бүр 1 эссэ бичих /TOEFL-ын эссэний сэдвүүдээс сонгож бичээрэй, мөн цаг харж байгаад цагандаа багтааж бичих хэрэгтэй шүү/

 

Мэдээж танд заавал TOEFL-ын ном, өнгөрсөн жилүүдийн Real TOEFL test sample, эсвэл TOEFL-ын программууд хэрэгтэй шүү. Миний зүгээс гэвэл Barron-ы тестүүд жинхэнэ TOEFL-оос бага зэрэг амархан байдаг. Тиймээс эхлээд Barron-ы тестүүдийг хийж байгаад дараа нь Cambridge, ETS-ын тестүүдийг хийгээрэй. :) 

эх сурвалж : https://hulantt.wordpress.com/

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл