solongonews
С.БАТГҮР: МАНАЙ СУРГУУЛИАС ГУРВАН АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, ХОЁР “БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН ТӨРСӨН
2015-10-30 08:58
Орчин цагийн яруу найраг, утга зохиолыг үндэслэгч Их зохиолч, Нийгмийн зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийг мэдэхгүй Монгол хүн гэж үгүй билээ.

       Энэхүү нэр хүндтэй хүний нэрээр овоглогдсон дээд сургууль Монгол Улсад байдаг. Тус сургуулийг “Их зохиолч, Нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит Утга Зохиол Нийгмийн Ажилтны Дээд Сургууль” гэх бөгөөд үүсгэн байгуулагдаад 21 дэх жилийнхээ хичээлийн шинэ жилийн шаргал намрыг угтаж байна. Сургуулийн гадаад харилцааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батгүрийг Хөххотод ажлаар ирэх үед нь цаг товлон уулзаж, цөөн хором хөөрөлдлөө.

- Сургуулийнхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

- Манай сургууль 1994 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит эрдэмтэн зохиолч, хэл бичгийн ухааны доктор, профессор Ширсэдийн Цэнд-Аюушийн санал санаачлагаар “Утга Зохиолын Дээд Сургууль” гэдэг нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийг хүртэлх хөгжлийнхөө явцад нийгмийн захиалгаар “Утга Зохиол Нийгмийн Ажилтны Дээд Сургууль” (УЗНАДС) гэсэн нэртэйгээр өргөжиж томорсон гэхэд болно. Үүнийгээ дагаад зарим нэг нийгэмд хэрэгцээтэй, шаардлагатай байгаа мэргэжлээр өдрийн болон эчнээ шинэ ангиуд нээгдсэн.

- УЗНАДС нь ямар мэргэжлээр оюутнуудыг төгсгөдөг вэ. Төгсөөд ажлын байр нь хэр хүрэлцээтэй хангагдаж чаддаг вэ?

- Манай сургууль нийгмийн түүчээ болсон цаг  үеэ даган хувьсан хөрвөх, дасан зохицох, амьдрах чадвартай чадварлаг боловсон хүчнийг мэргэжлийн түвшинд бэлтгэж гаргадаг. Өөрөөр хэлбэл, онол, практик тэгш хосолсон сургалт, сурталчилгааны лаборатор, бааз сайтай сургууль. Тухайлбал, Утга зохиолын ажилтан мэргэжлээр үргэлжилсэн үгийн зохиолч, кино, жүжгийн зохиолч, хүүхдийн зохиолч, редактор зэрэг болох хүсэл сонирхолтой, билэг авьяас нь нээгдсэн хүмүүс суралцаад төгсөж болно. Сэтгүүлч мэргэжил эзэмшээд сурвалжлагч, радио, телевизийн сэтгүүлч,  спортын сэтгүүлч,  хэвлэл мэдээллийн ажилтан, PR-ийн мэргэжилтэн, олон нийттэй харилцах мэргэжилтэн зэрэг өөрийн сонирхож буй чиглэлээрээ ажиллаж болох нь. Түүнчлэн нийгмийн ажилтан мэргэжилтэй болох юм бол хүний нөөцийн менежер, нийгмийн маркетингийн менежер, нийгмийн хариуцлагын мэргэжилтэн, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн менежер, уул уурхайн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан,  сум, хорооны нийгмийн ажилтан, хөдөлмөрийн нийгмийн ажилтан, жендер судлаач, стратегийн өмгөөллийн ажилтан зэрэг сонирхсон чиглэлээрээ ажиллах бүрэн бололцоотой. Мөн тухайн суралцагч оюутан маань “Сэтгэл судлаач” мэргэжилтэй боллоо гэхэд гэр бүлийн сэтгэл зүйч, сэтгэл зүйн зөвлөгч, хүний нөөцийн менежер, байгууллагын сэтгэл зүйч зэрэг аль нэг сонирхсон чиглэлээрээ нийгэмд гараад ажиллаж болно. Тэрчлэн “Монгол хэл-Уран зохиолын багш” мэргэжил эзэмшээд Ерөнхий боловсролын болон хувийн нэр хүндтэй сургуулиудад уригдан багшлахыг ч үгүйсгэхгүй, үгүй дээ гэхэд хэвлэл мэдээллийн болон ном, хэвлэл, сонины үйлдвэрт “Хэвлэлийн редактор”-ын ажлын орон тоо маш эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Энэ чиглэлээр ажиллах эсэх нь тухайн суралцагчийн дурын сонголт шүү дээ. Тиймээс манай сургуулийн ямар ч мэргэжлийн ангийг сонгоод суралцсан байхад, төгсөөд ажлын байрны хүрэлцээ нь нийгмийн захиалгын дагуу бусад салбараа бодвол илүү олдоцтой, эрэлт шаардлага ихтэй байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, захиалгат ажлын байраар манай жил жилийн нийт төгсөгчдийн 80 хувь нь хангагдаж чаддаг.

- Ингэхэд таны Хөххотод ирсэн зорилго юу билээ. Зорьсон ажил тань хэр нааштай байх юм?

- Миний зорьж ирсэн ажил маань өөрөө оюун санааг эрэлхийлсэн гэгээн ажил гэхэд болно. Учир нь УЗНАДС нь анх байгуулагдсан цагаасаа л гадаад харилцаандаа ихэд анхаарч ирсэн. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд Японы Аомори мужийн нийгмийн халамжийн корпораци,   БНСУ-ын KSNGN хэвлэл мэдээллийн групп зэрэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулаад ажиллаж байна. Энэхүү гадаад харилцаагаа мөнхийн хөрш болсон БНХАУ-д өргөжүүлэхээр ирсэн. Тиймээс юун түрүүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны яруу найрагч, сэтгүүлч нартай уулзах, тухайн орны төрийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллага, их сургуулийн удирдлага зэрэгтэй холбоо тогтоох, танилцах зэрэг зорилготой. Манай сургуулийн зүгээс утга зохиолын ажилтан баклавр, сэтгүүлч баклавр, утга зохиол судлалын магистр, сэтгүүлзүйн магистр, монгол хэл, монгол  хэл-уран зохиолын багш зэрэг богино болон урт хугацааны ангиудыг 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны талаас сонирхож байгаа хэн бүхэнд тусгайлан зориулан нээж, шинээр элсэлт авахаар боллоо.

- Сонирхолтой сайхан мэдээлэл байна. Харин гадаад оюутны суралцах хугацаанд байх аюулгүй орчин болон визний асуудал зэргийг хэрхэн зохицуулж байгаа вэ, энэ асуудал нэн чухал байдаг?

- Тэгэлгүй яахав. Манай сургуулийн зүгээс БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай ярилцаад энэ бүх асуудлыг соёл, боловсролын харилцааны хүрээнд шийдвэрлэж болох талаас нь судлаад, шийдэж болохоор байгаа. Гадаад оюутны аюулгүй сурч боловсрох тэрхүү тал дээр санаа зоволтгүй. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд бусад монгол, гадаад оюутнуудын адил 1000-н оюутны байранд аюулгүй сурч амьдрах, хамгаалагдах бүрэн бололцоотой.

-  УЗНАДС-ийн бахархал гэвэл та юу хэлэх вэ?

-Тиймээ, УЗНАДС бахархал дүүрэн сургууль. Байгуулагдсан цагаасаа хойш манай сургуулийг Ардын Уран Зохиолч Пунцагийн Бадарч, Төрийн Соёрхолт, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Балжирын Догмид, “Болор Цом”-ын эзэн  Шагдарын Лхамноржмаа, Норовын Гантулга, Телевизийн нэрт сэтгүүлч Ө.Отгонбаатар нарын олон нэр хүндтэй яруу найрагч, зохиолч, сэтгүүлч нар төгссөн байдаг. Би зөвхөн зах зухаас нь ганц хоёр хүний нэрийг нь хэллээ шүү. Цаана нь нэр нь дурдагдаагүй нийгмийн оюун санааны түүчээ болсон олон сайхан уран  бүтээлчид, нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйч нар бий. Түүнчлэн тус сургуулийг байгуулагдсан цагаас нь хойш өнөөг хүртэл олон ээж, аавын хүүхдүүдийг яруу найраг, утга зохиолд элэгтэй, дуртай болгох тэрхүү сурган хүмүүжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр мэдлэг ухаанаа өвлүүлж яваа нэгэн гайхалтай эмэгтэй бол Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Ардын Уран Зохиолч Шагдарын Дулмаа юм. Ш.Дулмаа багш өнөөдрийг хүртэл гэртээ хойш нь суугаад байлгүй сургуульдаа “Ур чадвар, сэтгүүл зүйн багш”-аар ажиллаж байгаа нь бидний бас нэг бахархал. Энэ мэт дурдаад байвал олон олон бахархал манай сургуульд бий.  

                БАКЛАВР
№    МЭРГЭЖИЛ    СУРАЛЦАХ ЖИЛ
1    Утга зохиолын ажилтан                           4 жил
2    Сэтгүүлч                                                   4 жил
3    Нийгмийн ажилтан                                  4 жил
4    Сэтгэл судлаач                                        4 жил
5    Монгол хэл-Уран зохиолын багш             4 жил

                ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨР
№    МЭРГЭЖИЛ    СУРАЛЦАХ ЖИЛ
1    Нийгмийн ажилтан                                2 жил
2    Номын сан судлаач                               2 жил
3    Архив судлаач                                        2 жил
4    Монгол хэл                                             1 сар, 3 сар, 1 жил

                МАГИСТР
№    МЭРГЭЖИЛ    СУРАЛЦАХ ЖИЛ
1    Утга зохиол судлалын магистр    
          2 жил
2    Нийгмийн ажлын магистр                      2 жил
3    Сэтгүүл зүйн магистр    
                         2 жил

 

                                                                 Ярилцсан: Э.ҮРЖИНХАНД

 

 

Найруулагч: Э.Үржинханд
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл