"Аян" хамтлагийн хэвлэлийн бага хурал
“Аян” хамтлагийн Дэлхийн Ардын урлагийн наадмаас алт хүртсэн амжилтын тухай хэвлэлийн бага хурлыг өнөөдөр Хөххотын Үйлс буудалд зохион байгуулав. Хэвлэлийн бага хурлын үеэр “Аян” хамтлагийнхан Дэлхийн Ардын урлагийн наадамд оролцсон болон дараа дараагийн ажлын төсөв төлөвлөгөө, зохион байгуулах тоглолтуудынхаа тухай олон нийтэд танилцуулсан бөгөөд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
Энэ оны 8 дугаар сарын 21 – 29 өдрүүдэд Дэлхийн Ардын урлагийн аварга шалгаруулах Ⅴ тэмцээн Болгар улсад болжээ. Тус тэмцээнд 20 гаруй улсын хэдэн арван урлагийн баг оролцож, авьяас чадвараа сорьсон байна.
"Аян" хамтлагийнхан
Тус тэмцээнээс Дундад улсыг төлөөлөн оролцсон “Аян” хамтлаг гурван алтан медаль хүртсэн. Тухайлбал, “Аян” хамтлаг хамтлагийн төрөлд алт авсан бол хамтлагийн гоцлол дуучин Үүрцайх, Бүжигчин Хүдэр нар алтан медалийн эзэн болжээ. Мөн Дэлхийн Ардын урлагийн наадмын холбооноос “Аян” хамтлагийн ахлагч, морин хуурч Эрдэнэбөхөд Дэлхийн урлагийн мастер цол, "Аян" хамтлагт хүндэт өргөмжлөл олгожээ.
“Аян” хамтлаг өндөр амжилт гаргасан нь Дэлхийн нийтэд Монгол урлагийн гайхамшгийг дахин харуулснаас гадна дэлхийн урлагийн тайзанд улсынхаа нэрийг өндөрт өргөсөн явдал болжээ.
Хамтлагийн ахлагч Эрдэнэбөх
“Аян” хамтлаг нь 2009 оны 4 дүгээр сард үүсгэн байгуулагдсан Монгол язгуур урлагийн хамтлаг болно. Уг хамтлаг өнөөдөр 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Монгол Улсын нэрт хөөмийчин Мэндбаяр хамтлагийн хөөмийчөөр уригдан хамтран уран бүтээл туурвиж байна.
Дашрамд дурдахад “Аян” хамтлаг нь 9 дүгээр сарын 11-ний үдэш Хөххотод тайлан тоглолтоо тоглохоор товлоод байгаа аж. /Бэлтгэсэн нь М.Банди/
Хамтлагийн хөөмийч Монгол Улсын Мэндбаяр
Морин хуурч Шинэбаяр
Хамтлагийн товшуур хөгжимчин Цацрал
Гоцлол дуучин Үүрцайх
Хамтлагийн бүжигчин Хүдэр
Наадмаас хүртсэн мадель тэмдэгүүд
Хамтлагийн гишүүн Тооно
Хэвлэлийн бага хурал
Гоцлол дуучин Үүрцайх сэтгүүлчдийн асуултад хариулж байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр
