solongonews
ОХУ-ын зах зээл дээр хамгийн хямдхан борлуулагддаг таван машин
2015-10-16 16:58
Хойд хөршид зарим автомашины салхины шилний үнэ хүрэхгүй мөнгөөр цоо шинэ автомашин худалдан авах боломжтой аж.

Ингээд ОХУ-ын зах зээл дээр хамгийн хямдаар зарагдаж байгаа таван автомашиныг танилцуулъя.

1. Datsun On-do - 391,000 рубль /ойролцоогоор 11.7 сая төгрөг/

Багахан мөнгөөр дажгүй машин авахыг хүсэгчдэд энэ машин хамгийн боломжийн.

2012 онд "Ниссан моторс" компани "Датсун" брэндээ ашиглуулахаар "АвтоВаз" компанитай тохиролцжээ. Үүний дүнд хамтрагч компаниуд "Lada Granta"-ийн платформ дээр тулгуурлан "Datsun Mi-Do" загварыг хамтран бүтээж  ОХУ-ын зах зээлд зориулан "АвтоВаз" компанид үйлдвэрлэн   борлуулах болжээ. Ингээд "Datsun On-Do"  2014 оны долоодугаар сараас харин "Datsun Mi-Do"-г 2015 оноос үйлдвэрлэж эхэлжээ. 

"Датсун Он-до седан" загвар нь 4 хаалгатай, 5 шатлалт механик хурдны хайрцагтай, 1.6 л-ийн 4 цлиндр бүхий 87 морины хүчтэй хөдөлгүүртэй, халдаг суудал, ABS системтэй гэнэ. "Лада Грант"-аас 77 мм-ээр урт. Ерөнхийдөө "Лада Гранта" загвартай хэлбэр хийц, гадаад байдал, үзүүлэлт, хүчин чадлын хувьд адилхан. 

Тэгэхээр эдгээр загварууд нь сайжруулсан "Лада Гранта", "Лада Калина" юм.

2. Lada Kalina - 377,200 рубль /ойролцоогоор 11.3 сая төгрөг/

ОХУ-ын "АвтоВаз" концернийн /Тольятти хотод байдаг "АвтоВаз" үйлдвэр, Самара хотод байдаг Ижевскийн Авто заводад үйлдвэрлэдэг/ "Лада"-гийн сүүлийн үеийн загварын нэг. 2004 оноос үйлдвэрлэж байгаа энэхүү загвараа "Лада 118" /седан/, "Лада 119" /комби/ гэж өөрөөр бас нэрлэдэг бөгөөд хоёр цувралаар гаргасан. 2007 оноос эхлэн жил бүр 145 мянган ширхэгийг үйлдвэрлэнэ хэмээн төлөвлөж байсан боловч буурсаар 2014 онд гэхэд 47 000 ширхэгийг үйлдвэрлэжээ.

"Лада Калина" 1.4-1.6 л-ийн цлиндр бүхий 1597 сс, 98-106 морины хүчтэй хөдөлгүүртэй, 5 шатлал бүхий механик хурдны хайрцагтай. 4 болон 5 хаалгатай. Нийт жин 1080 кг. 190 км/цаг хурдлах чадвартай, 100 км-т 8.5-9.8 дизель шатахуун зарцуулдаг. 

3. Lada Granta - 389,200 рубль  /ойролцоогоор 11.67 сая төгрөг/

ЗХУ/ОХУ-д бэстселлэр болсон алдарт "Лада"-гийн сүүлийн загваруудын нэг. 2011 оноос үйлдвэрлэж байгаа энэхүү "Granta" загвар ОХУ-д борлуулалтаараа мөн тэргүүлж байгаа аж. Тольятти хотын "АвтоВаз"-д үйлдвэрлэдэг уг загварыг Самар хотын Ижевскийн үйлдвэрт комби загвараар "Лада Самара 2" хэмээн үйлдвэрлэдэг байна.

"Лада Гранта" 1.6 л-ийн цлиндр бүхий 1597 сс, 87 морины хүчтэй хөдөлгүүртэй, 5 шатлал бүхий механик хурдны хайрцагтай. Бас нэг давуу тал нь хүүхдийн аюлугүйн суудал, бэхэлгээ бий. Нийт жин 1 080 кг. 190 км/цаг хурдлах чадвартай, 100 км-т 8.5-9.8 д шатахуун зарцуулдаг.

4. Lifan Smily - 319,900 рубль  /ойролцоогоор 9.6 сая төгрөг/

"Lifan Smily 320" машиныг Хятадад үйлдвэрлэсэн. Мэдээж тэд алдарт "MINI" загварыг хуулбарласан нь шууд харагдаж байгаа биз ээ. Гадаад ерөнхий загвараас гадна, их гэрэл, манангийн гэрэл, нүүр, капут гээд хуурбарлаагүй юм бараг байхгүй дээ. Харин нэг давуу тал нь хоёр аюулгүйн дэртэй аж.

Хятадын "Lifan Motors" компанийн энэ машин 1.3 л-ийн багтаамжтай, 89 морины хүчтэй 1342 сс хөдөлгүүр, 5 шатлалтай механик хурдны хайрцагтай. Дээд хурд/цагт 155 км. 100 км замд 6.3 л шатахуун зарцуулдаг нормтой. Нийт жин 900 кг.

"Lifan Smily" загварыг 1 000 инженер техникийн ажилтнууд 100 сая юанийн өртгөөр 3 жилийн турш ажиллаж бүтээжээ. ОХУ-ын зах зээл дээр доторх хөгжим, аудио хэрэгслээрээ ялгаатайгаар 319,900-349,900 рублиэр худалдаалж байна.

Алдарт MINI

5. Daewoo Matiz - 314,000 рубль /ойролцоогоор 9.42 сая төгрөг/

Мэдээж хэрэг энэ машиныг нэг их мөнгө тоолохгүй авах /хямдхан боловч/ хэдий ч энэ бол 4 дугуй, 5 хаалгатай жинхэнэ машин шүү. "Матиз" хэмээх комби загварын энэ машин 15 жилийн турш үндсэн загвараа өөрчлөөгүй үйлдвэрлэгдэж байгаа шалгарсан загвар юм. Солонгосын "Дэү" компани 2001 оноос уг загвараа Узбекстанд үйлдвэрлэж байна.

Энэхүү машиныг Солонгос дахь "General Motors" компани Шевролет Шарк /Chevrolet Spark/ нэрээр бас үйлдвэрлэдэг. "GM" компани Европ, Америк, Австрали тивийн улсуудад янз бүрийн нэрээр гаргадаг. Учир нь энэ хоёр компани эх, охин компаниуд.

Энэ авсаархан, хямдхан, хотын машин маань 3 цлиндртэй, 800 сс эзэлхүүн бүхий  51 морины хүчтэй хөдөлгүүр (мотоцикл шиг), 5 араатай механик хурдны хайрцагтай. Дээд хурд нь 150 км/цаг. Сонирхуулж хэлэхэд "Матиз" анхны хувилбараа 1998-2005 онуудад М100 (Daewoo Matiz I), ба М150 (Daewoo Matiz II), хоёр дахь хувилбараа 2005-2009 онуудад М200 ба М250 (Daewoo Matiz Classic),  гурав дахь хувилбараа 2009-2015 онуудад М300 (Daewoo Matiz Creative) нэрээр үйлдвэрлэсэн.

"GM Korea" болон "Daewoo" компаниуд 2009 онд салсан ба "GM" компани энэ оноос дөрөв дэх хувилбараа "Opel Karl", "Vaxhall Viva" нэрээр үйлдвэрлэн гаргахаар Нью-Йоркийн авто шоун дээр танилцуулжээ. Харин "Daewoo" компани гурав дахь хувилбараа үйлдвэрлэж байгаа. 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл