solongonews
Золиос
2015-12-28 18:21
Зохиолч Л.Мөнхчимэгийн ”Хайр түрээслэгч” номноос ”Золиос” өгүүллэгийг хүргэж байна.
Цолмон гэдэг хүн байна уу? гэж уухичин хашгичсаар өмнө  нь Нямааг минь   сугадан алхаж  явсан  тэр нэгэн эмэгтэй орж ирэв. Би хэдийгээр сандарч тэвдсэн ч, буржгар үс, эв хавгүй бие, сэвхтэй нүүр зэргийг нь тогтоон харж амжаад, “Байхгүй гэж хэл” хэмээн тэр холоос үүдний жижүүрт дохио өгсөн боловч тэр анзаарсангүй. Харин ч бүүр уриалгахан нь аргагүй:
-Санхүүгийн албаны дарга Цолмон мөн үү? Цаад талаасаа хоёр дахь хаалга.  203-тоотод суудаг гээд заагаад өгчих нь тэр. Цолмон ч хэрэг бишдэхийг мэдээд хажуудаа суудаг Жагаад “Намайг гарсан гэж хэлээрэй” гэчихээд ширээн доогуураа нуугдаж амжлаа. Нүүрэнд нь  бухимдал илрэх тэр  эмэгтэй өөрийнхөө гэрт байгаа  мэт ичиж зовох юмгүй энэ тэнд гишгэсээр хаалга онгойлгоод:
-Цолмон хаана байна? гэж түрэмгий асуув 
-Байхгүй, түрүүхэн гарсан
-Муу тэнэг хүүхэн. Намайг хараад зугатсан уу? Та нар наад Цолмонгоо мэдэх үү? Завхай хүүхэн.
-Та юу ярина вэ? Манай дарга тийм хүн биш шүү дээ. 
-Манай дарга гэв үү? Үхсэн хатсаны чинь дарга. Тэр тэнэг хүүхнээ энэ газраасаа зайлуулаач. Хүний нөхрийн толгой эргүүлж, айл гэрийн амьдрал сүйрүүлээд байна. Эгч нь гурван хүүхдээ л бодох юм. Эцэг эхгүй хүүхдүүд ямар байдаг билээ дээ. Та нар мэднэ дээ. Бид гэр бүлээрээ элэг бүтэн баймаар байна гэснээ гэв гэнэт енгэнэтэл уйлав.
-За, та тайвшир. 
-Би яаж тайвшрах вэ дээ, манай нөхөр биднээс салаад тэр Цолмон руу чинь явна гэж үргэлж ярьдаг боллоо гэснээ л бас л уйлав. Энэ их чимээ шуугианаар ойр хавийн хүмүүс  хэрэгт дурлан, зарим нь бүүр ам руу нь орох шахахыг, Цолмон  ширээний завсраар хараад  ичих нүүрээ улалзуулна.
-Ойлголоо эгч ээ, та одоо тайвшир. Бүх юм сайхан болно. Манай дарга уг нь их сайн хүн. Таныг зовоох юм хийхгүй гэж би хувьдаа итгэж байна гэсээр бүсгүйг үүд рүү үдлээ.
Цолмон сая л амьсгаа авч ширээн доороосоо гарч ирлээ.
-Даргаа та нээрээ хүний нөхөртэй ...?
-Тийм юм байхгүй ээ. Наад хүн чинь буруу ойлгосон байна. Би яалаа гэж эхнэртэй  хүнтэй зууралдахав дээ. Хамт хоол идэж ажил ярьснаас цаашгүй. Ажлаа үргэлжлүүл  гэж хэрэгт дурлан чих тавих бүх хүмүүст сонсогдохоор хэлсэн ч  түүний зүрх сандарч тэвдснээсээ болоод  хагарах шахна.
 
Хэрэв Цолмон албан тушаал доогуур, хэн бүхэнтэй найзархаж харьцдаг байсан  бол та яагаад хүний нөхөртэй явсан юм, өөр хүн олдохгүй байна уу, таны харцыг булаасан гэхээр сайхан залуу байгаа даа, та ч асуудалд орж дээ, гэж шуугиж  улам хэцүү байдалд оруулах  нь тодорхой. Харин ч ажилчидтайгаа тас няс харьцаж, дарга шиг дарга байдаг болохоор хэн ч тэгж асууж зүрхэлсэнгүй, дор доороо хийж байсан ажлаа үргэлжлүүллээ. Цолмон балмагдаж сандарсандаа нүүрээ компьютерынхаа араар нууж, бүтэлгүй хяслантай хайр дурлалынхаа талаар бодохоор л түүний  нулимс сул асгарав.
Цолмон багаасаа хичээл ном гэсээр үерхэл гэдэг зүйлийг анзааралгүй  орхижээ. Сайхан үерхэж, сайн хань ижилтэй болъё гэхээсээ илүү, сайхан мэргэжилтэй боловсон эмэгтэй болъё гэж зорьж ирсэн. Мэдээж тэр нь биелж хорин зургаахан насандаа тэргүүний нягтлан бодогчоор шалгарч, албаны дарга болсон.
 
Үнэндээ хэн нэгэн араас нь уйлж дуулж гүйсэн бол үерхэх л байсан байх. Гэхдээ түүнд тийм боломж олдоогүй. Найзууд уулзалдан анхны хайр, анхны үнсэлт, анхны шөнө, тунирхал, хардалт гэж ярихад Цолмон буруу хараад л суучихна. Учир нь түүнд яриад байхаар хайрын түүх байгаагүй. Харин хорин зургаа хүрээд энэ хайртайгаа  учирч, анхны гэсэн тэр бүх зүйлийг мэдэрч, хорвоогийн амьдрал яагаад хос заяатайг, таашаал, хайр, догдлол, урьд нь амсаагүй сайхан бүхнийг тэрээр мэдэрсэн. Өөрөөр хэлбэл эхнэр хүүхэдтэй ахимаг тэр л залуугаас. Дэндүү гүнзгий мэдэрсэн тэр амттай таашаалаас сална гэдэг давшгүй даваа мэт. Гэтэл нөхцөл байдал ийм болчихоод байдаг. ”Эмэгтэй хүн хоёрхон сонголтыг л зөв хийх юм бол болоод явчихна, нэг нь мэргэжил. Нөгөө нь нөхөр” гэж ээж нь түүнд их захидаг билээ. Нэг дэх нь амжилттай, харин хоёр дахь нь …мэдэхгүй юм даа. Тэр бяцхан үрсийг бодохоор аавыг нь явуулчихмаар, зүрх сэтгэлээ бодохоор аваад үлдмээр.
 
Гэнэт түүний  утсанд мессэж ирэв. “My love” гэж хадгалсан дугаараас “Хайрт минь чамайгаа санасандаа үхэх гэж байна. Яг одоо чамайгаа энхрийлмээр байна. Ажлаа тараад яваад очъе. /үнжий/” гэсэн мсж ирлээ. Би ч бас чамайгаа хайрламаар байна, үргэлж дэргэдээ байлгамаар байна. Хэнээс ч нуулгүй хайрлаж, хорвоод жаргалтай амьдармаар байна гэж бичмээр байвч энэ бүхнийг зогсоох ёстойгоо мэдэж хариу бичилгүй орхив.
Тэр өдөр, шөнөгүй үргэлж мөнхөд энэ тухай л бодно.
Шуурхай хурлаас тэр юу ч ойлгосонгүй.
 –Хөөе Цолмоон гэж ууцаарлангуй дуугарсан даргынхаа дууг  сая л нэг анзаарав.
-Хөдөөний салбарт нягтлан хэрэгтэй байна, хэнийг явуулах вэ, гэж би чамаас гурван удаа асууж байна. Наад ухаан санаа чинь хаана явнаа. Бие чинь өвдөөд байгаа юм уу хэмээн тэрээр ар араас нь угсруулж их л бухимдалтайгаар асуув.
-Үгүй ээ, би зүгээр. Хөдөө рүү би явсан нь дээр гэж бодож байна гээд тулгамдсандаа хэлж орхив. 
-Чи юу? болох юм уу, тэнд чи очвол бүүр сайн л байна. Байр сав, хоол унд гээд бүх зүйлийг компаниас гарганаа.
-Тиймээ. Би явъя гэж зоримог хэлэхдээ Цолмон бүгдээс ингээд нэг мөр салах минь гэж дотроо бодлоо.
“Дахиж би хэзээ ямар хайртай учирч, хаана яаж амьдрахыг бурхан л мэдэж байгаа. Би эндээс явах болно. Тэрэнтэй уулзалгүй шууд явах болно” гэж бодож дуусаагүй байтал  л түүнийгээ санаж, түүнийхээ царайг харахыг маш ихээр  хүсч, аз жаргалтай өдрөө дахин дурсаж, энгэрт нь эрхэлж байгаад явах минь гэж бодон, өдрийн цайгаараа хүрээд ирээч гэсэн мессэж явуулав.
Тэд хэн хэнээ маш ихээр санасан учраас ямар нэгэн зүйл ярилгүй халуухан энхрийлэлд умбав.
Цолмон энэ бүхний дараа өөрийнхөө гаргасан шийдвэрийг хэллээ.
 
Энэ шийдвэр Нямаад таалаглаагүй нь илэрхий, “Би чамгүйгээр байж чадахгүй ээ” гэж хэлээд дахин юу ч хэлэлгүй гөлрөн сууна.
“Би ч бас чамгүйгээр байх хэцүү байна. Гэвч үүнээс өөр ямар арга байгаа юм бэ? Эхнэр чинь ажил төрөл дээр ирж би гэдэг хүн  нүдний булай болж байна. Би тэгээд яах ёстой юм бэ? Би шаналж зовж гүйцлээ” гээд тунирхаж багтарсандаа уйлж гарав.
-Тайвшир. Хоёрдахь амьдрал зохиогоод сайн сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Хорвоо гэдэг таашгүй. Би л лав чамаас яасан ч салж чадахгүй. Бид учрах ёстой болоод л учирсан. Би хайргүй хүнийхээ дэргэд яаж амьдралыг туулах юм бэ? Энэ чинь надад жинхэнээсээ ял  болно. Хоолтой ч хоолгүй ч чиний дэргэд л байхыг хүсч байна гээд Нямаа түүний туяхан биеийг нь чангаас чанга тэвэрч, чичирхийлсэн зөөлөн дуугаар  хэлэхэд доод уруул нь чичирч байхыг Цолмон анзаарлаа.
Бурханаас нуусан амрагаа бусдынх гээд яах вэ гэж ямар ч билээ нэг дуунд өгүүлдэг шиг хайртай хүнээ бусдаас нууж хайрлана гэдэг үнэхээр хэцүү хүссэн үедээ мсж бичиж, утсаар ярьж, хүссэн үедээ гадуур сугадан алхаж чадахгүй үргэлж мөнхийн айдас дунд, хүний юм хулгайлсан юм шиг гэмшил дунд  амьдарна гэж ямар болохыг хэлэхэд хэцүү.
 
Эцэст нь тэд шийдвэрт хүрч, тоонотой гэрт толгой холбож бүхнийг шинээр эхлэхээр хөдөө нутгийг зорьлоо.
Заяа төөргөөр учирсан  хосууд ийм байдаг болов уу гэлтэй бүх л зүйл нь таарч тохирч сайн сайхан амьдарсаар зургаан сарыг хамтдаа үдлээ.
 
Цолмон бие давхар болжээ. Хоёр сэтгэл, хоёр ертөнц, хоёр хайр нэгдэж бяцхан үр хэвлийд нь ирлээ. Хөөрч догдолсон сэтгэлээ барьж чадахгүй нисмээр, гүймээр байвч хэвлий дэхь үрээ айлгачих вий гэсэндээ тэр их баяр хөөрөө дотогшоо залгиж, хайртдаа хэлэхээр  түргэн түргэн алхсаар гэртээ ирэв.
 
Тэр гэртээ алга. Түүний гэх юм юу ч алга. Ширээн дээр үлдээсэн зурвас. Чимээ аниргүй хоосон  гэр.
"Намайг уучлаарай. Би байх ёстой газар луугаа явлаа. Үр хүүхэд, анхны хань гэдэг сэтгэлд хадаастай байдаг юм байна. Сүүлийн гурван сар надад үнэхээр хэцүү байлаа. Тэд минь үргэлж зүүдлэгдэх юм. Чамаас бүх зүйлийг нуусан ч өөрөө өөрөөсөө нууж чадахгүй нь ээ. Сайн хүнтэй учраарай, намайг уучлаарай" гэсэн байлаа.
 
Зохиолч Л.Мөнхчимэгийн "Хайр түрээслэгч" номноос 
 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл