solongonews
Хүүхдийг борог хоолонд хэрхэн оруулах вэ?
2015-12-28 18:21
Долоо хоногт л нэг төрлийн хүнсийг хүүхдийн гэдсэнд зуршил болгоод байвал зүгээр гэж эмч хэлсэн нь нээрээ ч үнэн юм билээ.

Нялх хүүхдийг хоолонд оруулна гэдэг туршлага муутай залуу ээжүүдэд эгээ л нэг таахад бэрх “оньсого” болох нь ч бий. Дүүгийн маань хүүхэд 4 сар гаруй болж байгаа хөөрхөн амьтан бий. Гэм нь хөх нь сүү муутай. Нэмэлт сүү л угжаар бавалзтал хөхнө. “Хөхний сүү муутай бол 4 сартайгаас нь борог хоолонд сурга” гэж өрхийн эмч зөвлөсөн ч чухам яаж сургахав, юу өгөхөв гээд бөөн таавар сууж байлаа. Ганц мэддэг нь бантан, тараг хоёр. “Бантангаар л борог хоолонд оруулдаг гэсэн. Яаж хийдэг билээ” гэхэд нь “Бантангийн гурил алгадаж чадахгүй. Монголоо ч алд даа” гэсэн битүүхэн дургүйцэл төрсөн ч туслахаас биш яалтай. Гараа сайн угааж аваад алгаа усаар норгож хоёр алгандаа гурилаа үрж нитгэрэн жигд эмхэрдэхийг зааж өгөв. “Дэлгүүрт нээрээ бантангийн гурил гээд савлачихсан ууттай юм харагддаг ш дээ” гэхэд нь “Лангуун дээр удсан тийм гурил сайхан уу? Өөрөө ингээд шинэхнээр нь бэлдэх нь чанартай юу? “ хэмээн зад загналаа. Ийн зуураа хальс, өөхгүй зөөлөн махыг сонгож, маш нарийн татаж хэрчин, эсвэл махны машинаар машиндан сайхан шөл гаргаад гурилаа буцалж байгаа шөлөн дээрээ бага багаар үрж хийвээс баагнарахгүйг  хүртэл зөвлөв. Миний мэдэх зүйл ингэсгээд дууссан нь нэг л дутуу дунд санагдаад болж өгдөггүй. Олон хүүхэд төрүүлсэн, одоо охиныхоо хүүхдүүдийг өсгөж байгаа найз руугаа утасдлаа.

-“Хоолонд орж байгаа хүүхдэд эхлээд олон төрлийн юм хольж өгөх хэрэггүй шүү. Нэг долоо хоногт нэг л төрлийн ногоог идүүлж сургаарай.  Шууд бантангаар эхлэх ч хэрэггүй.Эхний удаад дан усанд чанасан шингэн каш дээр. Дараагийн долоо хоногт нь бантан өг.  Түүний дараах долоо хоногт  дан махны шөл, за тэгээд дараагаас нь жаахан мах өгөөд соруулж шүүсийг нь амтлуул. Долоо хоногт л нэг төрлийн хүнсийг хүүхдийн гэдсэнд зуршил болгоод байвал зүгээр гэж эмч хэлсэн нь нээрээ ч үнэн юм билээ. Сүү, тараг харин байнга өгч байх хэрэгтэй. Гэхдээ иссэн тараг өгч хэрхэвч болохгүй. Элгэн тараг, бактеритай тараг тусмаа сайн. Аль болох хадгалах хугацаа нь бага тараг өгөөрэй. Өөрсдөө таргаа бүрж чадвал тэрүүн шиг эм хаана байна. Эхлээд цардууллаг хүнс, дараа нь махны шөл, тэгээд мах, ногоо гэсэн дарааллаар өгнө гэсэн үг л дээ. Одооны хүүхдүүд идэж уух нь нарийн нандин болсон болохоор дээрийн бид шиг болхи толхи биш, амаргүй юмаа.  Жимс, жимсгэнийг харин нэлээд сүүлд өгөх хэрэгтэй, эхлээд шим тэмжээлтэй үндсэн хоолонд дасгаарай хө” хэмээлээ. Тэгээд санууштай зөвлөгөө дуулсанаа ихэд олзуурхаж, дүү шигээ туршлага нимгэн залуу ээжүүдэд хүргэхийг зорив.
зургийн эх сурвалж http://central.blog.gogo.mn/index.html

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл