solongonews
Амаржихаасаа өмнө мөнгөө хэмнэж сурах есөн арга
2015-12-28 18:21
Удахгүй “Ээж ээ” хэмээн дуудуулах шинэхэн эх танд баяр хүргэе. Бяцхан үрийнхээ жижигхэн гарыг атгаад, хөөрхөн хацрыг нь үнэрлэж, сүүний үнэртэй өлгий, даавууг нь угаахсан гэхээс тэсч ядан байна уу. Баярт мөч ойртохын хэрээр зарлага нэмэгдэнэ гэдгийг бас мартаж болохгүй. Азаар шинэхэн ээж танд санхүүгээ төлөвлөх бүхэл бүтэн есөн сар байна. Тиймээс юуг нь хүлээхэв, одооноос хэмнэлтэд шилжиж бяцхан үрдээ хамгийн сайхан ирээдүйг бий болгохын төлөө хичээцгээе.
 
АНУ-д хийсэн судалгаагаар ээж аав нь хүүхдээ 18 нас хүртэл 241 мянган ам.доллар зарцуулдаг гэсэн тоо баримт байна. Манай улсад энэ талаарх тооцоо судалгаа хараахан байхгүй ч үүнээс ихгүй хөрөнгө мөнгийг үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө үрдэг байх л даа. Тиймээс хүүхдэдээ хүссэн ирээдүйг нь бэлэглэхийн тулд эцэг, эхчүүд бидэнд зөвхөн хайр хангалтгүй юм. Бидний санхүүгийн сахилга бат, амьдралын зөв хэвшил хамгаас чухал билээ. Тэгэхээр амаржихаасаа өмнө хэмнэлт хийж сурах, хуримтлал үүсгэх есөн арга бидэнд байна. 
 
Амаржих эмнэлгээ сонго, зардлыг нь харьцуул
Амаржих эмнэлгээ сонгоно гэдэг эхний чухал алхам юм. Улсын эмнэлэгт төрөх бол мэдээж төлбөргүй. Та даатгалын дэвтэр, солилцох хуудсаа аваад очиход л хангалттай. Жаахан ачаалалтай, нэг өрөөнд 3-4 хүн хэвтэнэ гэдгийг эхнээсээ тооцоолох хэрэгтэй. Харин тааваараа амарч, дуу шуугианаас холхон тайван орчинд амаржъя гэсэн хүмүүс хувийн төрөх эмнэлгийг сонгодог. Тэгэхээр улсын болон хувийн эмнэлгийн алинд амаржих, тухайн эмнэлэг танд ямар ямар үйлчилгээ үзүүлэх, нярай үрд тань ямар эмчилгээ, асаргаа санал болгох болон төлбөр мөнгө нь хэд байхыг эртнээс тооцоолох хэрэгтэй. 
 
 
Хэрэгтэй зүйлсээ бусдаас нуух хэрэггүй 
Шинэхэн хүүхдээ тээж байгаа ээжүүдэд нэгэн том давуу тал бий. Эргэн тойрныхон нь түүнд болон түүний шинэхэн үрд юу хэрэгтэй бол, түүнийг нь худалдаад аваад өгчих юмсан гэсэн халамж анхаарал үргэлж тавьж байдаг. Хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэн, хамаатан садан, хөршүүд хүртэл таны бяцхан үрд хэрэгтэй бэлгийг аваад л ирдэг. Тиймээс энэ бүхэнд “Баярлалаа” гэж хэлээд талархлаа илэрхийлэхэд л хангалттай. Мөн та тэдэнд хүүхдэд тань чухам юу хэрэгтэй талаар хэлээд л орхиход тэд худалдаад л аваад өгнө. Энэ ч бас хэмнэлтийн муугүй арга шүү. 
 
 
Дикритний мөнгөнөөсөө цааш хадгал
Энэ бол хэмнэлтэд айхтар хамаатай зүйл биш л дээ. Гэхдээ л шинэхэн ээж танд урт хугацаанд гэр сахиж, хүүхэд харахад нь нэмэр болох хэмжээний мөнгө. Тиймээс дикритний мөнгөнөөсөө боломжийн хэрээр нь цааш нөөцлөхийг хичээгээрэй. Энэ мөнгөө цааш нь хадгалчихсаны дараа гарах зардлыг санхүүжүүлэхэд танд нэмэртэй байх болно. 
 
 
Хуучин хувцас ээлтэй, бас хэмнэлттэй 
Шинэхэн эцэг эхчүүдийн ойлгодоггүй нэг зүйл бол нярай хүүхэд маш хурдан өсч томордог учраас тэдний хувцас ч үүнийг дагаад хурдан солигдоход хүрдэг. Тиймээс ах, эгчийнхээ, эсвэл найз нөхдийнхөө хүүхдүүдийн хуучин хувцаснаас татгалзах хэрэггүй. Манай өвөг дээдэс хүүхдэд ах, эгчийнх нь хуучин хувцсыг өмсүүлэхэд ээлтэй гэлцдэг шүү дээ. Иймд та дараа дахин төрнө гэж төлөвлөж байгаа бол бага хүүхдийнхээ хувцсыг ч цааш хадгалахад гэмгүй. 
 
 
Хүүхдийн эмчээс туршлага судал 
Хүүхдийнхээ эмчтэй дотно харьцаатай байгаарай. Тэднээс хүүхдийн живх, хоол хүнс болоод илүү дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг олж авна шүү дээ. Сонирхсон асуултаа тавихад тэд ч бас мэдлэгээсээ хуваалцахдаа дуртай байх болно. Та хүүхдийнхээ эрүүл мэнд, амьдралын эрүүл хэвшилд хэрэгтэй зүйлсийг эртнээс мэдчихсэн байвал хэмнэлт гаргахад бүр л хялбар болно. 
 
Жирэмсний хувцсаа бусадтай хуваалцаарай
Таны эргэн тойронд, найз нөхдийн тань дунд тантай ижил хэмжээний хувцас өмсдөг жирэмсэн хүн байгаа юу. Хэрэв байгаа бол энэ нь танд хэмнэлт хийх бас нэгэн боломжийг олгож мэдэх юм. Түүнд та жирэмсний хувцсаа санал болгож, зарж яагаад болохгүй гэж. Хувцасны шүүгээндээ өмсөхгүй зүйл хадгалж байхын оронд мөнгө болгох хэрэгтэй биз дээ. 
 
 
Хямдралын тасалбараа гээгээгүй биз
Бидний тэр бүр анзаараад байдаггүй хэмнэлтийн тасалбарыг санах цаг болжээ. Сүлжээ дэлгүүрүүдийн хямдралын эрх ч үүнд хамаатай. Мөн хүүхдийн барааны дэлгүүрүүд ч бага сага хямдралын тасалбар түгээдэг шүү дээ. Тэдгээр нь танд байгаа бол хэрэггүй зүйл гэж гээхээр яарах хэрэггүй. Амаржсаны дараа 5-10 мянган төгрөгийн хэмнэлт нэмэртэй биш гэж үү. 
 
Хэрэгтэй бүхнийг авна гэж зүтгэх хэрэггүй
Шинэхэн ээж аавуудын нүдээр бол хүүхдэд нь хүүхдэд зориулагдсан бүх зүйл байх ёстой. Гэвч мөнгөө хэмнэхийн тулд хэрэгтэй бүхнийг авна гэж зүтгэхээс зайлсхийх нь чухал юм. Жишээ нь, хүүхдийн хоолоо идэхэд нь зориулагдсан өндөр сандал. Үнэндээ энэ нь хүүхэд өөрөө сууж сурахаас нааш тэгтлээ хэрэгтэй эдэд тооцогдохгүй л байх. Ялангуяа, хүүхэд дөнгөж төрөөд байхад нь өндөр сандал худалдан авна гэдэг өртөг ихтэй зарлага байх болно. Тиймээс хэрэгтэй бүхнийг худалдан авах гэж яарахаасаа өмнө яг одоо юу нь хэрэгтэй вэ гэдгээ дахин нэг бодоод үзээрэй. 
 
 
Хоол хүнсээ хөлдөөж нөөцлө 
Амаржсаны дараа танд тавтай аравхан минут ч болов хоол хийгээд зогсох зав олдохгүй л болов уу. Ялангуяа жирэмсний сүүлийн хэдэн долоо хоногт бие улам хүндэрч, хөдлөхөөс ч залхуу хүрэх учир амаржихаасаа өмнөх бэлтгэл ажлын нэг болох хоол хүнсээ бэлтгэж хөлдөөх хэрэгтэй. Ингэвэл та мөнгөө гадуур хооллох, бэлэн бүтээгдэхүүн авахад зарцуулахаас сэргийлж чадна. Мах, ногоогоо хэрчээд, гурилаа мөн л элдэж, хэрчээд хөлдөөгчиндөө нөөцөлчих. Өлсвөл тэднийг нийлүүлээд чанахад л гүйцээ. Ердөө 15-хан минутын ажил шүү дээ. Мөнгөө ч хэмнэ, эрүүл мэндээ ч хамгаал. 
 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл