Б.Бямбаханд:Хүүхдээ ханиаднаас сэргийлье гэвэл халуун бүлээн юм сайн уулгаарай
2015-12-28 18:21
Хүйтний улирал эрчээ авч буй энэ үед ханиад, томууны дэгдэлт бүр ч ихэсдэг. Ханиадаар хүндээр өвддөг хүмүүс бол 0-9 насныхан юм. Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагахын хажуугаар гэртээ авч болох арга хэмжээгээр ханиаднаас сэргийлэх хэрэгтэй. Бага насны хүүхэдтэй ээжүүддээ зориулан БЗД-ийн II хорооны “Миний зөвлөгч” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Бямбахандаас дараахь зөвлөгөөг авснаа ээжүүдтэйгээ хуваалцаж байна.
-Хүйтний эрч улам л чангарч байна. Энэ үед ханиадны дэгдэлт ч их байна. Энэ улиралд бага насныхан ханиадаар өвдөх нь элбэг байна. Иймд эцэг эхчүүдэд хандаж ханиаднаас урьдчилан сэргийлэх энгийн зөвлөгөө хүргээч?
-Хүйтний эрч улам л чангарч байна. Энэ үед ханиадны дэгдэлт ч их байна. Энэ улиралд бага насныхан ханиадаар өвдөх нь элбэг байна. Иймд эцэг эхчүүдэд хандаж ханиаднаас урьдчилан сэргийлэх энгийн зөвлөгөө хүргээч?
-Хамгийн түрүүнд бага насны хүүхдийг гадуур авч гарахдаа дааруулж болохгүй гэдгийг маш сайн анхаараарай. Ингэхийн тулд ороолт, малгайг нь заавал өмсгөж, чийг татдаггүй сайн материалтай гутал сонгоорой. Мөн хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахаас татгалзах нь ханиаднаас сэргийлэхэд тустай. Хэрэв авч явахаар бол ороолтыг нь заавал зүүлгэж, ханиад томуутай хүний дэргэд явахдаа заавал маск зүүлгэж занших хэрэгтэй байна.
Үүнээс гадна ханиаднаас сэргийлэхэд шингэн юм сайн уулгах нь ихээхэн нөлөөлдөг. Ялангуяа, сармис сонгинотой шөл, халуун бүлээн шингэн сайн уулгаарай. Манай орны чацаргана, аньсны шүүс зэргийг бүлээсгээд өгөхөд ихээхэн нэмэртэй.
-Гадуур ханиаднаас сэргийлэх вакциныг хүүхдүүдэд хийж байна гэх юм. Энэ вакциныг хийлгэснээр үнэхээр ханиаднаас сэргийлж чадах болов уу?
-Хоёроос дээш насны хүүхдэд 9 дүгээр сард томуугийн эсрэг вакцин хийдэг. Энэ вакциныг хийлгэснээр тухайн хүүхэд маань ханиад хүрсэн ч хүндрэхгүй, хатгаа болохгүй. Энгийн антибиотик эмчилгээнд ханиад нь дарагдчихдаг учраас энэ вакциныг хийлгэх нь зөв.
-Тэгвэл бага насны хүүхэдтэй айлын томчууд нь өөрсдөө хүүхдээ ханиад хүргэхгүйн тулд ямар амьдралын хэвшилтэй байх хэрэгтэй юм бол?
-Томчууд бага насны хүүхдүүдийг өхөөрдөөд хамар, аман дээр нь үнсэх гээд байдаг. Үүнийгээ болих хэрэгтэй. Мөн хоолойн өвчтэй бол түүнийгээ эмчлүүлж авах ёстой. Үгүй бол энэ нь хүүхдэд нь дамжиж, мөн л хоолой нь өвддөг болно шүү дээ. Хүүхдээ хооллохдоо өөрсдөө хоолонд нь амаа хүргэх, амнаас дамжуулж хооллох зэргийг болих хэрэгтэй.
-Тэгэхээр энэ ханиад чинь зөвхөн амьсгалын замаар биш хүнс хоолоор бас халддаг байх нь ээ?
-Тийм ээ. Тийм л учраас томчууд өөрсдөө ч, бас хүүхдүүдээ ч гарыг нь байнга угаалгаж занших хэрэгтэй. Мөн хоол, ундаа сайн буцалгаж хэрэглэх хэрэгтэй.
-Агаарын бохирдол үнэхээр хэцүү сэдэв болоод байна. Ийм байхад ханиаднаас сэргийлээд ч нэмэр байна уу гэж бодогдох юм. Утаа тортог ихтэй гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдэд ханиаднаас сэргийлэх ямар боломж байна вэ?
-Болж өгвөл хүүхдийг аль болох цэвэр агаарт байнга гаргах хэрэгтэй л дээ. Хотод байгаа хүмүүс боломжтой бол бямба, ням гаригт цэвэр агаарт ядаж л 30-40 минут гарчихдаг байх хэрэгтэй. Цэвэр агаарт 30-40 минут, эсвэл нэг цаг байхад л уушиг бүрэн цэвэрлэгддэг. Бүр боломжгүй хүмүүс нь өдрийн 15.00-16.00 цагийн хооронд хүүхдээ гадаа гаргаж заншаарай. Энэ үед утаа арай бага байдаг.
-Зарим хүн хүүхдэдээ сүүлний тосоор байнга бариа хийвэл ханиад томуунаас сэргийлнэ гэж ярьдаг. Энэ үнэн болов уу?
-Иллэг, бариа бол хүүхдийг чийрэгжүүлж, ханиаднаас сэргийлэхэд бас л их хувь нэмэртэй. Тиймээс ээж, аавууд маань хүүхдэдээ тохирсон тосоор нь иллэг, бариа хийж өгч заншвал сайн. Заавал цээжинд нь биш гар, хөл, нуруу гээд бүх биеийн иллэгийг байнга хийж өгвөл ханиаднаас сэргийлэхэд ач тустай.
-Ингэхэд, амин дэмтэй хүнс хэрэглэ гэж их сурталчлах юм. Энэ хүйтний улиралд бид ямар хүнсийг амин дэмтэй гэж ялгах юм бэ?
-Импортоор орж ирж байгаа хятад жимс, ногоо бол амин дэмтэй хүнс биш гэдгийг эхлээд анхааруулъя. Тэрний оронд эх оронд маань ургадаг аньс, чацаргана зэрэг чухал амин дэмийг өөртөө агуулсан жимсний шүүсийг бүлээсгэж хэрэглэх нь их үр дүнтэй. Мөн аарц буцалгаж уух, адууны махны шөлөнд аарц, эсвэл сонгино, сармисаа хийгээд идэхэд л бөөн амин дэм шүү дээ.
-Бидэнд энэ үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа.
-Та бүхэнд ч бас баярлалаа. Ээж, аавууд маань эрдэнэ болсон бяцхан үрсээ ханиад томуунаас сэргийлж, эрүүл сайхан бойжуулаарай гэж ерөөе.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
