solongonews
Д.Пүрэвсүрэн:Халуун дулаан уур амьсгалтай гэр бүл амьдралын диваажин юм шүү
2015-12-28 18:21
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Бид энэ удаад гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаа хэрхэн хадгалж, баяр хөөрөөр дүүрэн байх талаарх сэвдийг хөндлөө.
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Бид энэ удаад гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаа хэрхэн хадгалж, баяр хөөрөөр дүүрэн байх талаарх сэвдийг хөндлөө. 
 
Бухимдлаа тухайн үед нь л гаргах хэрэгтэй 
 
Босгоныхоо ард бүх стрессээ хаялаа гэхэд уг стрессийг та үүрд өөрөөсөө холдуулсан гэсэн үг биш, зүгээр л хэсэг зуур л өөрийнхөө дотор нууж, дарж буй хэрэг юм. Энэ стресс хэзээ хэмжээ нь улам ихсээд таны дотроос тэсэрч, хэний дэргэд хэрхэн тэсрэхийг хэн ч мэдэхгүй билээ.
 
-Ихэнх хүмүүс ажил дээрх стресс бухимдлаа тайлж чадалгүй, түүнийгээ шууд гэр бүл, үр хүүхдүүддээ гаргах нь ажиглагддаг. Үүнд мэргэжлийн хүний зүгээс ямар бодолтой байна вэ? Энэ талаар асууж ярилцлагаа эхэлье?
-Хүн гэдэг сэтгэл дэх зүйлсээ заавал гадагшлуулж байх ёстой юм байна. Ялангуяа, уур уцаар гэдэг маань заавал илэрхийлж гаргах ёстой мэдрэмж учраас яг тухайн үед нь л тэр хүн тэр мэдрэмжийг гаргах ёстой байдаг. Гэвч манайхан ажил дээр болсон бухимдлаа хадгалж хадгалж, гаргахгүй явсаар гэртээ ирээд шууд илэрхийлчихдэг байх магадлал өндөр. Ийм зүйлээс зайлсхийхийн тулд өмнөх ярилцлагад дурдсанчлан ариун цэврийн өрөөндөө ороод өөрөө өөртэйгөө ярилцах хэрэгтэй. Таны ажил дээр үнэхээр стресстэй, хэцүү зүйл болсон байж болно. Тухайн үедээ л та тэр бухимдлаа гаргах хэрэгтэй. Түүнийг гаргахгүй бол мартагдаж, бүр алга болдог юм биш. Хэзээ нэгэн цагт тэр мэдрэмж тэсэрч гарч ирэх л болно. Тиймээс та ажил дээрээ үнэхээр хэцүү байсан бол гэртээ орж ирээд эхнэртээ хэлж болно шүү дээ. Таны хань гэдэг таны амьдралын хамтрагч, найз, бүх зүйлийг тань ойлгодог, таны төлөө гэсэн хүн шүү дээ. Ингэж ярилцсанаар нэгдүгээрт, та өөрөө их тайтгарна, хоёрдугаарт, энэ бол дотно харилцааны эхний алхам. Мэдээж, хүүхдүүд тань танд хичнээн хэцүү байгааг, бас ажил гэж юу болохыг ч ойлгохгүй. Тиймээс та эхлээд эхнэртэйгээ ярилцаж тайтгарчихаад хүүхдүүдтэйгээ харилцвал гэр бүлдээ илүү сайхан, тайван, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ гэж бодож байна. 
-“Ажил дээрх стресс бухимдлаа босгоныхоо гадна хаяад гэртээ орж бай” гэсэн үг хүртэл байдаг шүү дээ. Энэ үг ч бас монголчууд бидэнд асуудлыг дотроо бугшуулж, өөрөө өөрийгөө илүү хэцүү байдалд оруулах нөхцөл болоод байгаа юм болов уу?
-Анзаараад байхад, монголчууд маань сэтгэлийн хаттай улс юм байна. Ямар ч зовлон өөр дээр нь нураад унасан ч гэсэн “Би даваад гарна” гээд л амьдрал өөд алхдаг. Гэтэл Азийн орнуудыг хараад байхад амиа хорлолт өндөр байдаг. Тэдэнтэй харьцуулахад манай монголчууд амьдрах чадвар өндөр бөгөөд сэтгэлийн хаттай хүмүүс юм. Тэр ч утгаараа сэтгэлийн хат суулгах гээд энэ зүйр үгийг хэн нэгэн нь хэлсэн байж болно. Гэхдээ хүний сэтгэл зүйгээс нь аваад үзвэл тийм биш юм аа. Хүний сэтгэл зүй их нууцлагдмал нэгэн ертөнц. Та хэзээ, хэдий үед ямар зан араншин гаргах нь танд өөрт чинь хүртэл нууцлагдмал байдаг. Эгзэг нь таарвал хүн хэзээ л бол хэзээ гэнэт уурлаад л босоод ирдэг. Жишээлбэл хэн нэгэн нь өөрийг тань тоглоом шоглоомоор “Тэнэг” гэсний төлөө л хүн гэнэт уурлаад тэсэрчихэж болно. Гэтэл яг үнэндээ тэр мэдрэмж хэзээ буглаж, бий болсон бэ гээд үзэхээр ажил дээр та нэг алдаа гаргасныг дарга тань хурал дээр олны дунд “Чи тэнэг юм уу” гэж хэлснээс үүссэн байж болно. Уг нь даргын хэлсэн “Тэнэг” гэх үгэнд гомдож уурласанаас биш, тэр хүний тоглоомоор хэлсэн “Тэнэг” гэсэн үгэнд бус байдаг. Үүнээс дүгнэхэд хүний сэтгэл зүй их л өвөрмөц гайхамшгаар дүүрэн ертөнц юм. Сэтгэл хөдлөл хүртэл хэзээ ямар байдлаар илэрч гарах нь нууцлаг. Тэгэхээр ажил дээрх стресс бухимдлаа босгоныхоо гадна хаяад гэртээ орж чадах хүн хэр их байх бол? Босгоныхоо ард бүх стрессээ хаялаа гэхэд уг стрессийг та үүрд өөрөөсөө холдуулсан гэсэн үг биш, зүгээр л хэсэг зуур л өөрийнхөө дотор нууж, дарж буй хэрэг юм. Энэ стресс хэзээ хэмжээ нь улам ихсээд таны дотроос тэсэрч, хэний дэргэд хэрхэн тэсрэхийг хэн ч мэдэхгүй билээ.
 
 
Эрчүүдийн стрессээ тайлах хамгийн тохиромжтой арга бол спорт
 
Үүнээс гадна гэр бүлийнхэн нь урмын үг бага хэлдэг учраас ч ийм асуудал үүссэн байж болно. Гэхдээ үнэндээ та өөрийнхөө сайн сайхны төлөө өөрөө өгч сурах хэрэгтэй. Сайхан үг сонсмоор байвал та өөрөө бусдад хэл.
 
-Тэгвэл тухайн үедээ илэрхийлж чадаагүй бол гэртээ тэр хүн тайван ормоор байж болно шүү дээ. Гэртээ орж ирлээ гэхэд стресс бухимдлаа хайртай хүмүүстээ буруугаар илэрхийлэхгүй байхын тулд өөртэйгөө хэрхэн ажиллах вэ?
-Эмэгтэйчүүд бид найз нөхөдтэйгөө яриад бухимдлаа тайлчихдаг. Эрчүүд харин эсрэгээрээ, дотогшоо хүмүүс. Эрчүүдийн хувьд стрессээ тайлах хамгийн тохиромжтой арга бол спортоор хичээллэх. Спортоор хичээллэж байж тухайн хүн асуудлуудыг мартана. Эсвэл тухайн эр хүнд үнэхээр хэн нэгэнд хэлмээргүй зүйл байгаа бол цаасан дээр тэр зүйлээ бичээд, урж хаяж болно. Би энэ аргыг үйлчлүүлэгчдэдээ их зааж өгдөг. “Та бүх бодлоо бич. Түүнийг чинь таниас өөр хэн ч уншихгүй тул санаа зоволгүй бүх зүйлсээ бич. Харин бичиж дуусаад та түүнийгээ нэг бол шатаа, эсвэл юу ч үгүй болтол нь ур. Ингэвэл таны стресс багасна” гэж даалгавар өгөхөд үйлчлүүлэгч нар маань гэртээ очоод хийдэггүй. Тиймээс би үүнийг хийлгэхийн тулд үйлчлүүлэгчээ яг харж байгаад бичүүлдэг. Эхэндээ хүмүүс юу бичихээ мэдэхгүй байдаг бол тавхан минутын дараа гэхэд бүх юмаа бичээд эхэлдэг. Тэгж бичиж биччихээд гэнэт “Нээрээ энэ арга чинь тайвшруулдаг юм байна” гээд өөрсдөө ч их гайхчихсан байдаг. Тэгэхээр энэ аргыг хэрэглээд үзэх хэрэгтэй. Хэнд ч хэлэхгүй гэсэн зүйлээ цаасан дээр бичээд ураад хаячих л даа. Ингэхэд та тэр стрессээ гадагшлуулж байгаагийн нэг хэлбэр юм. 
-Ажил дээрээ уур бухимдлаа гаргаж чадалгүй гэртээ ирчихээд хүүхдүүд, гэр бүлийн хүндээ тэр стрессээ гаргаж, буруугаар илэрхийлснээр хүлээн авч байгаа хүмүүст нь ямар мэдрэмж төрөх бол. Бас яваандаа энэ нь гэр бүлийн амьдралд ямар эрсдэл учруулах вэ?
-Уг нь бид гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө амьдарч байгаа шүү дээ. Гэтэл стресс бухимдлаа зөв гадагшлуулахгүй, гэр бүлдээ гаргаад байвал тэр амьдралын утга учраа мартахад хүрдэг. Тийм ч учраас “Энэ хүмүүстэй би хамаагүй харилцаж болно, би байгаагаараа байгаа минь энэ” гэх зэргээр хандаад эхэлдэг. Ингэснээр таны гэр бүлийн амьд харилцаанд сэв суугаад эхэлдэг. Хүүхдүүд таныг харахаараа уурладаг мангас байна л гэж харна. Танд юмаа ярихаас ч айна. Энэ нь яваандаа таныг гэр бүлийнхэнд тань огт танихгүй хүмүүс болгон хувиргадаг. Хүмүүс бид бие биеэсээ хэзээнээс яаж холдож байгаагаа өөрсдөө анзаардаггүй. Эхнэр, нөхөр ч ижилхэн. Өдөр бүр хамт байгаа, нэг нэгнээ харж байгаа ч гэсэн та өдөр бүр энэ амьдралыг зохиосныхоо утга учрыг байнга санах л хэрэгтэй. Тиймээс анх яагаад энэ хүнтэй гэрлэсэн ач холбогдлоо бод, түүнийхээ үр дүнг өдөр бүр бод. Ингэвэл таны хандлага өөрчлөгдөнө. Учир нь та хэдий сайн ажиллаад амжилт гаргасан ч таны сэтгэлийн амар амгаланг гэр бүл чинь бүрдүүлж өгч байдаг юм шүү. Таны өөрийн орон зайг хамааруулж байгаа зүйл чинь таны гэр бүл, гэр орон юм шүү дээ. Тэр гэр орны уур амьсгалыг бүрдүүлж байгаа нэг хэсэг нь та, та өөрөө тэр амгалан тайван уур амьсгалыг бүрдүүлэх гол хүч нь гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй.
-Гэхдээ зарим айлд “Би л та нарын төлөө ажиллаж байна” гэсэн хандлагаар гэр бүлийнхэндээ ханддаг хүмүүс байж л байдаг. Энэ хэр зөв юм бэ?
- Энэ нь өөрөө өөрийгөө та мартаад эхэлчихсэн байгаагийн шинж. Та өөрөө өөрийнхөө сайхан байх мэдрэмжүүдийг мартчихсан болохоор бусдад гомдоллож эхэлж байгаа нь тэр. “Намайг л ойлгохгүй байна”, “Намайг л сайхан тайван байлгахгүй байна”, “Би л эдний төлөө юм хийгээд байхад намайг анзаарахгүй байна” гэдэг үүднээс хараад гэрийнхэндээ шүүмжтэй хандаж байна гэсэн үг. Үүнээс гадна гэр бүлийнхэн нь урмын үг бага хэлдэг учраас ч ийм асуудал үүссэн байж болно. Гэхдээ үнэндээ та өөрийнхөө сайн сайхны төлөө өөрөө өгч сурах хэрэгтэй. Сайхан үг сонсмоор байвал та өөрөө бусдад хэл. Та магадгүй материаллаг зүйлсийг нь бэлдээд байгаа юм шиг харагдаж болно. Гэвч та гэр бүлийнхээ хүмүүст урмын үг дэмжлэг үзүүлж байсан уу гээд өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Гэр бүлийнхээ амар амгалан байхад нь та юу хийсэн бэ гэж өөрөөсөө асуу. Эхнэр тань хоол хийгээд өгөхөд “Баярлалаа” гэж хэлсэн үү? Тэр хүн танд өдөр бүр хоол хийж өгөх алба байхгүй шүү дээ. Эхнэр хүн таныг хайрлаж, халамжилж байгаа нь таныг амраасай, ядарчих вий гэсэн үйлдлүүдээр илэрнэ. 
 
Гэр бүлийг 3 бүлэгт хувааж 1. Уурлангуй зандрангуй харилцдаг гэр бүл, 2. Огт нэгнээ тоодоггүй харилцаатай гэр бүл, 3. Байнга урмын үг хэлж нэгнээ дэмждэг гэр бүлийн дунд амьдарч буй хүмүүсийн бүтээмжийг судлаад үзэхэд гурван өөр үр дүн гарсан.
 
 
-Хэн нэг нь байнга гомдоллосон, зөв гэхээсээ илүү буруу хандлага байнга гаргадаг гэр бүлд өсч байгаа хүүхэд яаж хүмүүжих вэ?
-Ийм орчинд өсч байгаа хүүхдүүд нэгдүгээрт, өөрөө өөрийгөө алдана. Хоёрдугаарт, халуун дулаан уур амьсгал гэдгийг мэдрээгүй хүмүүс өөрөө гэр бүл зохиохдоо тэр халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадахгүй байх магадлалтай. Эсвэл хүүхдүүд халуун дулаан уур амьсгалыг өөр хэн нэгнээс эрж хайдаг.  Энэ мэдрэмжийг эмээ өвөөгийнхөө гэрт мэдрэх ч юм уу, эсвэл найз нөхдийнх нь энэ мэдрэмжийг өгдөг тул тэдний гэр  рүү тэмүүлдэг. Тэгэхээр энэ нь гэрээсээ зугатаж буйн нэг илрэл. Бас өөрөө өөрийгөө гэр бүлийнхнээсээ хааж харилцдаг болох үндэс бүрдэнэ. Гэхдээ гэр бүлийн харилцаанд маш олон зүйл нөлөөлж байдаг тул тухайн хүүхэд шууд ингэнэ тэгнэ гэж хэлэхэд бас хэцүү. Яг туйлын утга энд байхгүй. Хүн бүр өөр өөр учраас өөр өөр мэдрэмжүүдийг илэрж байдаг. Зарим хүүхэд “Ийм хүйтэн хөндий л гэр бүлтэй болохгүй юм шүү” гэж бодоод өөрөө өөрийнхөө харилцааг сайжруулж ч болно. 
-Хүн гэр бүлээ эрүүл, халуун дулаан уур амьсгалтай байлгаж чадаж гэмээнэ ажилдаа ч амжилт гаргах боломж нь өсдөг юм шиг санагддаг. Нэг үгээр бол гэр бүлээ диваажин шиг сайхан болгож гэмээнэ амьдрал улам өнгөтэй, сайхан болдог мэт санагдах юм?
-Би орой ажилаа тараад гэртээ орох үед л өөрийнхөөрөө бүтэн амьсгаа авч, яагаад ч юм бүү мэд бие сэтгэл минь шууд л уужирдаг шүү. Үүнээс дүгнэхэд хүн бүрийн хувьд гэр бол хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлдэг тэр орон зай байх болов уу. Үүнийг хүмүүс бид гэр бүлийн уур амьсгалаар бүрдүүлж байдаг. Ер нь маш олон сэтгэл судлалын судалгаа энэ талаар судалсан байдаг. Гол судлах зүйл нь хүмүүсийн харилцаанд эерэг хандлага яагаад хэрэгтэй байдгийг олон өөр өөр салбарт судалж үзсэн. Үүнээс гэр бүлийн харилцааг судлахад гэр бүлийг 3 бүлэгт хувааж 1. Уурлангуй зандрангуй харилцдаг гэр бүл, 2. Огт нэгнээ тоодоггүй харилцаатай гэр бүл, 3. Байнга урмын үг хэлж нэгнээ дэмждэг гэр бүлийн дунд амьдарч буй хүмүүсийн бүтээмжийг судлаад үзэхэд гурван өөр үр дүн гарсан. Огт үл тоомжирсон байдалтай харьцаж байгаа хүмүүсийн амжилт, цаашид өсөж дэвшие гэсэн бодол, амьдралд хандах хандлага зэрэг нь хэвийн байдагтаа л байгаад байж. Харин уурлангуй зандарсан орчинд байгаа хүмүүс нойргүйдэл, стресс зэрэг маш олон сөрөг зүйлст автаж эхэлсэн байсан ба бүтээмж буурч, айдас түгшүүр нь  ихэссэн үзүүлэлт гарсан. Гэтэл өдөр бүр урмын үг хэлдэг, эерэг орчинд байгаа хүмүүсийг харахаар ажил амьдрал нь өөрөө цэгцрээд ирж байгаа юм шиг л санагддаг гэсэн ба ажлын бүтээмж ч өндөр гарсан үр дүн гарсан байдаг. Энэ бол яагаад эерэг хандлага хүнд хэрэгтэй юм бэ гэдгийн баталгаа болж байгаа юм. Хүн гэдэг чинь сэтгэлээрээ л амьдарч байдаг бөгөөд урмын үгээр тэтгэгдэж амьдрах учиртай. Тэгээд ч урмын үгээр нь байнга дутагдаж байдаг. Хүмүүс урмын үг гэхээр худал, бодит биш зүйлийг нь магтана гэж ойлгодог. Энэ үед ихэнх хүмүүс уг үгийг урмын үг биш, намайг даапаалаад байна гэж боддог. Тэгэхээр хүнд хэрэгтэй  урмын үг нь заавал бодитой байх ёстой. 
 
Гэрийн тань сайхан уур амьсгал таныг хаана ч явсан дагадаг юм шүү 
 
Гэрийн уур амьсгал гэдэг чинь угаасаа л бидний аз жаргалаас бүрдэж байгаа, бусад хүмүүст мэдрэгдэхээр хүчтэй энерги юм. Тиймээс ч гэр бол бидний диваажин.
 
-Тэгэхээр сайхан гэр бүл амьдралын диваажин юм байна гэж ойлголоо. 
-Гэр бүлийн хоёр хүн, бас хүүхэдтэйгээ харилцаж байгаа харьцаа нь өөрөө тухайн айлын уур амьсгалыг бүрдүүлж байдаг. Хичнээн тансаг тавилга, үнэтэй тансаг гэр орон байлаа гээд  гэр бүлийн уур амьсгал нь хүйтэн, хөндий бол цаанаа л нэг тав тухгүй байдаг. Гэтэл умгар жижигхэн өрөө, энд тэнд хүүхдийн тоглоом шалан дээр нь хэвтэж байлаа ч тухайн гэр бүл хоорондоо халуун дулаан, дотно харилцаатай бол гэр орны уур амьсгал нь цаанаа л нэг тайван сайхан мэдрэмж мэдрэгддэг шүү дээ. Гэрийн уур амьсгал гэдэг чинь угаасаа л бидний аз жаргалаас бүрдэж байгаа, бусад хүмүүст мэдрэгдэхээр хүчтэй энерги юм. Тиймээс ч гэр бол бидний диваажин. Юу ч болж байсан биднийг түшээд авах өлгий, сайн сайхнаар илэрхийлж болох бүх л үгээр гэр гэдгийг тодорхойлж болох байх. Тэр гэрийн сайхан уур амьсгал таныг хаана ч явсан дагаж явах учраас та үргэлж аз жаргалтай байх болно. 
-Таны ярьснаас дүгнэхэд гэр бүлийн хүмүүс нэг нэгнээ дэмжиж, стресс бухимдлаа тайлах орчныг нь бүрдүүлж өгснөөр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдэхэд нөлөөлөх нь ээ?
-Хосуудад зөвлөхөд, 7 хоногийн нэг өдрийг эхнэр нөхөр зөвхөн өөртөө зориулж байгаарай гэж хэлмээр байна. Нөхөр тэр өдрөө юу хиймээр байна, түүнийгээ хийг. Эхнэр өөрийнхөөрөө бас тухайн өдрөө өнгөрөөвөл хосуудын харилцаа тогтвортой байдаг гэж сэтгэл судлаачид үздэг. Яагаад гэхээр хүн бүр өөрийн гэсэн сэтгэл зүйн орон зайтай, зарим үед хүмүүс зөвхөн өөрийнхөөрөө баймаар байх өдөр байдаг, тэгж чадахгүй удах юм бол хүн өөрөө уур бухимдалтай болоод ирдэг. Үүнийгээ гэр бүлдээ илэрхийлээд ирвэл гэр бүлийн уур амьсгал сөрөг болж ирдэг. Нэг өдрийг өг гэхээр хүмүүс 24 цагийг бүтнээр нь өг гэж ойлгож бас болохгүй. Та өөртөө ердөө 3-5 цагийг л өөрийн дуртай зүйлийг хийхэд зарцуулахад болно. Эхнэр, нөхөр хоёр бие биедээ бүрэн дүүрэн итгэдэг байж гэмээнэ энэ нь хэрэгжиж чадна. Гэвч итгэлцэл байхгүй, нэг нэгнээ хардаад байвал энэ нь харилцаанд тань сэв суулгах магадлалтай. 
-Эхнэр, нөхөр, гэр бүл гээд ярилаа. Тэгвэл хүүхэд гэдэг энэ том оршихуйн талаар асуумаар байна. Би ч бас хүүхдэдээ эерэг сайхнаар хандаж, сайхан бүхнээр хайртай хүмүүсээ цэнэглэмээр байна. Над шиг хүмүүст хандаж та юу гэж хэлэх вэ?
-Хүүхэд мэндлэхдээ л тэр эерэг сайхан энергийг өөртөө агуулаад энэ орчлонд мэндэлдэг. Гэвч тэр сайхан энергийг нь томчууд бид өөрсдөө эвддэг шүү дээ. Хүүхдийг сайхан энергитэй болгох гээд... гэж ярих биш харин хүүхдэд аль хэдийнэ тэр сайхан энерги нь бүрдчихсэн байдаг юм шүү дээ. Харин тэр сайхан энергийг нь дэмжээд өгөхөд та өөрөө хүүхдээсээ энерги авна. Ингэж дэмжихийн тулд хүүхэдтэйгээ тогло. Та өөрөө буцаад хүүхэд болж чадах чадвартай л болох хэрэгтэй.Ний нуугүй хэлэхэд, хүн бүрийн дотор нэг жаахан хүүхэд нуугдаж л байдаг. Тэр хүүхдийг л хүүхдэдээ ил болгочих. Тэгэхэд заавал ямар нэг арга хэрэглээд хүүхэдтэйгээ харилцана гэх биш хүүхэд хүүхдээ ойлгож байгаа юм шиг л та хоёр бие биенээ мэдрээд сайхан харилцаагаа дэмжээд ирнэ.
-Цаг заваа зориулан байж ийм сайхан ярилцлага өрнүүлсэн танд маш их баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
- Амьдралын тань утга учир юунд оршиж байна вэ гэж хамгийн түрүүнд та өөрөөсөө асуу. Гэр бүлээ цогцлоосны тань утга учир юу вэ гэдгийг мөн өөрөөсөө асуу. Эдгээр асуултын хариултаа олсны дараа та амьдралаа цаашид илүү сайхан болгохын тулд юу хийж чадах вэ гэдгээ бодож үзээрэй гэж хэлмээр байна. 
Ярилцлага өгсөн танд их баярлалаа. 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл