Удаан өтлөх насны 6 чагтагыг Далай лам сургахдаа “Өндөр уулын оройд гар, биед ээлтэй хуучин хувцас өмс, сайхан идээ ундаа зоогло, сайн хүлэг морь уна, үеийн нөхөдтэй хүүрнэлд, өчүүхэн нялхастай наад” гэсэн байдаг. Цоглог жавхаатай удаан өтөлж, эрүүл урт наслахсан гэж хүсдэггүй хэн байх билээ. Тэгвэл олон жилийн судалгаа, олон хүний туршилтаар нотлогдсон зарим зүйлийг мэдүүштэй.
Инээж баясаж, элгээ хөштөл хошигнон, заримдаа гэмгүйхэн аальгүйтэж, үеийнхэнтэйгээ баяр тэмдэглэн, гоёж гангалан үзвэр театр зорьдог эмэгтэй хөгшрөхөө мартаж орхидог.
Цадталаа хооллодог, гэдэс цадсан ч сэтгэл цаддаггүй бол урт наслах тухай бодох хэрэггүй.Эмэгтэй хүн 30 хүрээд хүнсэндээ бүр ч анхаарах чухал. Болж л өгвөл элэг, самрыг хүнсэндээ тогтмол хэрэглэвэл анхны үрчлээ хожуу илэрнэ. Кальци, магниар дутаж болохгүй шүү. Энэ нь ясанд ч, зүрхэнд ч тустай. 50 гарсан хүмүүс загасаар хоолловол зүрх, судасны өвчнөөс дархлаажна.
Хөдөлмөрлөхгүй хөлөө жийн сууснаар амархан хөгширдөг.Тэтгэвэртээ гарчихлаа, нас явчихлаа, үр хүүхэд өсч томорлоо, одоо биеэ амраана хэмээн зурагтын урд буйданд шигдэн суудаг ажилтай болчихвол сайн сайхан, эрүүл саруул амьдралын тухай төсөөлөх аргагүй. Өөртөө тохирох ямар нэгэн хөдөлмөр заавал эрхэл. Ногоо тарьж, олон нийтийн ажилд оролцож, дасгал хийж, хувийн бизнес эрхлэн, ном бүтээл туурвиж завгүй амьдрахыг хичээ
Шүдээ маш сайн арчилж, сэрүүн өрөөнд унтах нь хөгшрөлтийн эсрэг бас нэгэн шидэт эм. 17-18 градусын температурт унтдаг хүн залуугаараа байдаг нь туршилтаар нотлогджээ. Учир нь бодисын солилцоо температураас шалтгаалдаг болохоор тэр.
Ганцаараа амьдрах нь гутрал, хямрал авчирч, хурдан хөгшрүүлдэг. Аз жаргалын дааврыг бид хаанаас олох вэ гэвэл чухамдаа хайр энхрийллээс. Эмэгтэй хүн дэлгүүрт ороод хүсэн таалагдсан зүйлээ хараад нүднийх нь хүүхэн хараа өргөсч, адерналин ялгаран, зүрхний цохиолт нь хурдасч, аз жаргалыг таашаан мэдэрдэгтэй яг адил,аз жаргалын даавар нь дархлааны системийг бэхжүүлж, наслалтанд нөлөөлдөг байна.
Өөрөөрөө бахархаж, өөрийгөө магтан урамшуул.Уур омогтоо захирагдаж болохгүй. Уур омгоор бүхнийг шийдэх гэж зүтгэдэг хүмүүс өөрийгөө хэдэн насаар хөгшрүүлээд зогсохгүй элдэв өвчинд өртөмхий болдог. Үгийн сүлжээг уйдсан хүн л бөглөдөггүй. Уураг тархи ажилладаг сайн талтай. Тиймээс үр ач нартайгаа оюун ухаан шаардсан тоглоом тоглож, гадаад хэл сурахад өөрийгөө чамлалгүй дайчлаарай. Ингэвээс та өвдөх цаггүй, өтлөх завгүй ёстой жавхалзаж амьдрах болно оо.
