Жирэмсэн ээжийн айдас
Саяхан би маш их сандарч, айж түгшлээ. Орой унтаж амрахдаа бэлдэн цээж нүцгэн гүйж явсан гурван настай хүүгийн минь нуруу, гарын хоёр шуу, духны зарим хэсгээр нь улаан зүйлс туурчихаж. Хэрвээ олон аав ээжийн зүрхийг зүсэн, нулимсыг барсан улаан бурхан буюу коор өвчний тухай мэдээлэл сэтгэлийг минь зовоогоогүй байсан бол төдийлөн сандрахгүй байсан биз. “Айсан хүнд аргал хөдөлнө...” гэгчээр энд тэндгүй биржийн туурсан хүүгээ тэвэрч аван сайтар шалгалаа.

Тууралт нь хос хосоороо юм шиг харагдана. Хэн нэгнээс улаан бурхны тууралт хосоороо гардаг гэж сонссоноо санан улам айтаст автлаа. Дээрээс нь хэзээ мөдгүй төрөх дөхсөн том гэдэстэйг ч хэлэх үү? Хүү минь улаан бурхны вакцин хийлгэсэн, гайгүй байлгүй гэж бодсон ч тайвширсангүй. Хэвлий дэхь хүүхдэд минь халдчихгүй байгаа гэж түгшинэ.
Ээжүүд бид хүүхдийн өвчлөл, илрэх шинж тэмдэгийг нь мэддэг, судалдаг байх хэрэгтэй юм байна. Хэд хоногийн өмнө улаан бурханы вакцин хийлгэсэн хүүхдэд 80-90 хувь, багадаа ийм өвчнөөр өвчилсөн бол насан туршийн дархлаа тогтдог гэж уншиж байсан ч эргэлзсээр л ... Шууд л 103 руу залгаж зөвлөгөө авлаа. Залуу ээжүүдэд хандаж хэлэхэд салхин цэцэг бол биеэр нь туурч, туцуралт нь нэмэгдэж гардаг. Харин коор бол хоёр гурван хоногийн өмнөөс 38-40 хүртэл өндөр халуурч аман дотор нь юм гарч илэрдэг юм байна. Ерөнхийдөө тууралт толгой тархинаас нь эхэлнэ гэсэн үг.
Харин хүүгийн минь биен дээр туурсан тууралт тэгсгээд алга болсон доо. Энэ нь ямар нэг харшлын шинж тэмдэг юм байна. Улаан бурхан өвчин тусахгүйн тулд гэртээ ойр ойрхон чийгтэй цэвэрлэгээ хийх, хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, илчлэг сайтай хоол хүнс өгөх, өдөр бүр тогтмол 15-30 минут цэвэр агаарт гаргах, ойр ойрхон амрааж ядраахгүй байх нь чухал юм байна. Мөн элдэв ундаа жүүсний оронд үзэмний шүүс уулгаарай.
Та нярай хүүхэдтэй бол...
Хэрвээ та дөнгөж төрсөн нярай хүүхэдтэй бол маш их анхаарал тавих хэрэгтэй шүү. Улаанбурхны вакцин хийлгэх боломжгүй учраас хөхөө ойр ойрхон хөхүүлж сайтар цатгах хэрэгтэй. Хөхүүлэх бүртээ гараа угааж, орчныг нь тоосжилгүй цэвэрхэн байлгаарай.

Бас эмийн сангуудаар зарагдаж байгаа Виферонтой гелийг нярай болон бүх насны хүүхдийнхээ хамрын салстанд нимгэн түрхэж заншаарай. Тэгвэл энэ өвчний халдвар авах магадлал бага байдаг тухай мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
Мөн өрөө тасалгаандаа цэвэр агаар тогтмол оруулаарай. Ойр ойрхон хөхүүлэхийн ач тусыг эмч нар онцолж байна.
Зөвхөн бага насны хүүхэд гэлтгүй томчууд ч гэсэн өвчилж болох учраас хайртай хүмүүстээ цаг зав сэтгэлээ зориулан энгийн дүрмүүдийг мөрдөөрэй. Тэгвэл коор буюу улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй санаа амар, аз жаргалтай амьдарч чадна.
