Жингээ хасахаар шийдсэн л бол заавал уншаарай /Нэгдүгээр хэсэг/
2015-12-28 18:21
Илүүдэл жин ихэнхдээ хөдөлгөөний дутмагшил, эсвэл хэт хоолонцор зангаас үүсдэг өөхөн давхарга. Хүний бие махбодь өөр өөр учраас жин хасагдах үйл явц бас л өөр байж таарна. Тиймээс Оюунаа 15 хоногийн дотор 5 кг хасаж чадахад, та ч бас чадна гэсэн үг бас биш гэдгийг санаарай.
Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, суудлын ажилтай хүн спортоор хичээллэхэд маш түргэн хугацаанд үр дүн нь мэдрэгддэг. 10 гаруй жил найзлаж, ааш занг нь мэддэг болсон нэгэн найз минь нэг л мэдэхэд 90 гаруй кг жинтэй болчихсон. Үүндээ ч их санаа зовж, сэтгэл санаагаар унадаг байлаа. Тэр хэрээрээ ч их хооллоно, амттанд дурлана. Солонгос улсад ажилладаг нөхөр нь ирэх сургаар эрчимтэй жин хаяхаар эргэж буцалтгүй шийдлээ. Учир нь түүнийг хамгийн хайртай хүн нь танихын аргагүй өөрчлөгдсөн байлаа.
Тэгээд л найз минь хайртай хүндээ зориулж хамаг хүчээ шавхаж эхэлсэн юм даа. Өглөө эрт 5 цагт босож гүйнэ. Дараа нь хүйтэн шүршүүрт орно. Ажлаа тараад зумба фетниссээр гэртээ хичээллэнэ. Дээр нь хоолоо сойно. Найз минь ердөө л тахианы цээж махаар хийсэн аягахан шөл өдөртөө иддэг байлаа. Давхар давхар хувцас өмсөж, усан хулгана болтлоо хөлрөхийг илүүд үзнэ.

Яг ийм байдлаар тасралтгүй хичээллэж, хоёрхон сарын дотор 70 кг болж чадсан юм даа. Гайхалтай амжилт, гайхамшигтай тэвчээр биш гэж үү? Гэвч энэ их нөр хөдөлмөрийн хор нөлөө хоёрхон жилийн дотор мэдрэгдэж эхэлсэн юм. Нэгдүгээрт эргээд хурдтай таргалах, хоёрдугаарт хооллох хүсэл улам өдөөгдөх. Хамгийн харамсалтай нь кальцийн дутагдал эрчимжсэн байна. Үүнээсээ болж хөлний тавхай болон өвдөгт нь яс ургасан.
Үүний шалтгаан нь хэт их хөлрөлт гэдгийг мэргэжлийн эмч нар баталсан юм. Хөлсөөрөө багагүй калци алдаж, түүнийгээ нөхөхгүй яваад байсан хэрэг л дээ. Эмч нар найзад маань нэгэнт алдагдсан калци нөхөгдөхдөө маш удаан гэдгийг сануулсан байна. Гайхамшигтай тэвчээрийнхээ гайгаар найз минь үе мөч нь өвдөж, зовиурладаг илүүдэл жиндээ эргээд л очсон юм даа.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
