Арван жил төгссөн 20 жилийн ойгоо тэмдэглэх хэмээн ангийнхаа андуудтай Ганьсу мужийн Гань Нань орон дахь Лавран хийд болон Санкын тал нутгаар аялж билээ. Энэ нь Монголын ул мөртэй нутаг орноор аялах дуртай миний хувьд эцэг дээдсийнхээ гишгэсэн шороод хөл тавьж чадсандаа сэтгэл өндөр байсан минь үнэн.

Алтан дээвэрт дуган

Лавран хийдийн урдуур Шя Хэ гол урсана

Лавран хийд

Өнгийн цэцэг дэлгэрсэн Санкын тал

Монгол хүний суварга

Санкын тал дахь амралтын газар

Өндөрлөгт наран мандана
Лавран хийд Ганьсу мужийн Гань Наны Төвд үндэстний өөртөө засах жөүд байрладаг. Ганьсу мужийн төв Ланжеү хотоос 260 километр зайтай. Лавран хийд өмнүүрээ нарс модон ойтой уул бараадна. Араараа зүүн тийш хандан хэвтсэн зааны хэлбэртэй уулыг түшиж, түүний бэлээр Шя Хэ гол урсаж хатан голд цутгадаг. Лавран хийдийн зургаан их дуганы нэг болох гурван давхар алтан дээвэрт дуган нь Лаврангийн хамгийн өндөр барилга болон сүндэрлэжээ. Энэ нь сүсэгтэн олны наманчлан даатгах гол төв болохыг хүн амьтны үймэлдээн цувахаас мэдэж болох бөгөөд дуган дээрээс Лавран хийдийн бүх төрхийг сонирхож болдог.
Лавран хийдийн дуганд ороход монголоор ярьж, монгол хүн гэдгээ хэлбэл ямар ч үнэ төлбөргүй оруулдаг нь Гүмбэм хийдтэй адилхан. Тэгвэл Лавран хийд нь монголчуудтай ямар холбоотой юм бол? Баянсангийн найруулан зохиосон “Монголын бурхны шашин” номыг үндэслэвэл тус хийдийг Хошууд аймгийн Хатан голын өмнөд дэх тэргүүн хошууны Хэнань Чин Ван Цагаанданзан үүсгэн байгуулсан ажээ. Энэхүү хийдийн гол өглөгийн эзэн бол Хэнань монгол Чин Вангийн хошуу болно. “Амдуугийн төр шашны түүх”-ийн тэмдэглэлийг үндэслэвэл Чин Ван Цагаанданзан энэ газар сүм байгуулахаар Жамян Шадвыг залж 1709 оноос эхэлж байгуулав. 1701 онд Цагаанданзан Бээжин орж хаантай бараадаад Бэйл өргөмжлөгдөв.
1720 онд Энх-Амгалан хаан Лавран хийдийн Гэгээн Жамян Агваанзунруйд “Номыг тэтгэгч даяанч багш бандид эрдэнэ номын хаан” гэдэг цол өргөмжилсний хамт алтан тамга бичиг хайрлаж, алтан шар хүрэм өмсөж болно хэмээн зөвшөөрчээ. Ингээд дүр дүрийн Жамян Гэгээний хичээн зүтгэл ба Хэ Нань Монголын олон үеийн Чин Вангийн дэмжлэгээр Лавран хийдийн хүрээ хойно хойноосоо баригдаж, ордон дуган тасралтгүй нэмэгдэн, лам хувраг олширсоор сүр жавхлантай шарын шашны том хийд болон хөгжсөн байна.
Миний нутгийн ах Дурсгалт хэмээгч энэ хийдэд лам болохоор биднийг Лавран хийдтэй танилцахад ихээхэн тус болсон юм. Лавран хийд гурван зуун жилийн түүхтэй болжээ. Лавран хийд гэдэг нэр нь “Гэгээн багшийн ордон” гэсэн утгатай төвд үг ажээ. Одоогийн Лавран хийдийн эзэн гэгээн бол зургадугаар дүрийн Жамян хутагт Лувсанжигмэд Төвдөнцойжийням болно. Тус хийдийг анх өглөг өргөн байгуулсан Цагаанданзан бол хүүш хааны тавдугаар хүү Илдчийн ач юм. Лавран хийдийн хажууд Цагаанданзаны ордон яам одоод хүртэл байдаг бөгөөд түүний хажууханд “Монгол хүний суварга” гэсэн нэртэй өндөр цагаан суварга байдаг. Хүмүүсийн ингэж нэрлэснээс үзвэл тухайн үед монголчууд өглөгийн эзэн болж энэхүү суваргыг байгуулсан нь илхэн аж. Мөн Цагаанданзаны морины уяа болсон нүхтэй чулуун шон одоог хүртэл Лавран хийдийн гол дуганы хажууд бий.
Нутгийн ах Дурсгалтын танилцуулснаар: - Энх-Амгалангийн дөчин найман оны бүртгэлийг үндэслэвэл Лавран хийдэд 3600 гаруй ламтай байжээ. Одоо Лавран хийдэд бараг 2000 орчим ламтай юм байна. Одоо болоход Лавран хийд нь төвд соёлын өлгий хэмээн алдаршиж, бүх улсад Төвдийн уламжлалт Буддын шашны сургаал хамгийн бүрэн бүтэн үлдсэн газар гэж үнэлэгдэж байна.
Гань Нань оронд бас олон олон үзэсгэлэнт газрууд байдаг. Энд Санкын тал нутаг болон Гань Жя тал нутаг гэж бий. Бид Лавран хийдээс 10 гаруй километр зайтай байгаа Санкын тал нутагт очсон юм. Санкын тал нутаг бол нуга газрын тал нутаг билээ. Энд 4000 гаруй төвд малчин сарлаг, хонь хариулан амьдарч, уулан бэлээр хөх тариа хадсан төвд тариачид хаа сайгүй харагдана. Зам турш сарлаг тархан идэшлэж байлаа. Энэхүү тал нутаг нь бас эндэх Төвдүүдийн шашин ном, хурал цуглааны гол суурин болж, найр наадам жилийн турш үргэлжилж байдаг ажээ. Элдэв өнгийн цэцэг мяралзан дэлгэрч, эх байгалийн өнгө төрхийг гайхуулж байгаа мэт дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирэх зочдоо угтана. Уг нь Хошууд монголчуудын адууны бэлчээр байсан юм даа гэж бодохоос монгол нутгийн өнгө үзэмж хараанд тодрох шиг санагдаж байв. Анх Лавран хийдийг байгуулах газрыг сонгоход нэгдүгээр дүрийн Жамян гэгээн Агваанзунруй Хошууд Монгол Бэйл Цагаанданзаны бууц болох одоогийн Лавран хийдийг байгуулсан газрыг үзэж тоосон тул Цагаанданзан өөрөө баруун тийш нүүсэн тэмдэглэл бий.
Санкын тал нутагт бид нэг хоносон юм. Энд орой үдэш сэрүүн бөгөөд үргэлж бороо хуртай байсан ч бидний сэтгэл халуухан байлаа. Дараа өдөр нь эртлэн босоход урд өдрийн үүл бороо арилан, өндөрлөгийн наран төөнөж, Санкын тал нутгийн өмнө энгэрт олон майхан үргэлжлээд бүрээ цангийн дуун сонордон ямар нэгэн ном цуглаан болж байгаа нь тод байв. Аз болж бид Лавран хийдийн зургадугаар дүрийн Жамян Гэгээн Лувсанжигмэд зусланд бууж буян ном хурж байгаатай тохиосон нь энэ байлаа. Ийнхүү бид Гэгээн багшид бараалхаж, адис авч мөргөл хийсэн маань мартагдашгүй дурдатгал болон энэ нутагт хоцорч билээ.
