solongonews
Жирэмслэлтийн үед язралтаас ингэж сэргийлээрэй
2015-12-28 18:21
Жирэмслэлт бол эмэгтэй хүний амьдралын хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг. Гэвч хэвлийдээ хүүхэд тээж буй ээжүүдэд маань багагүй асуудал тохиолддогийн нэг нь арьсны язралт юм. Ялангуяа, гэдэс, гуя, хонгоны хэсгээр мөнгөлөг зураасан сорвиуд үүссэнээр язралт бий болдог. Даанч эдгээр нь нэгэнт л үүссэн бол арилдаггүй муу талтай. Тиймээс эхнээс нь язралт үүсэхээс хэрхэн сэргийлж, бас үүссэнийг нь яаж багасгах вэ.
 
Чийгшүүлэгч болон тостой нөхөрлө 
Хэвлий дэх хүүхэд өсч томрохын хэрээр таны арьс чадлаараа сунаж, ачаалал авна гэдгийг мартаж болохгүй. Тиймээс арьсны мэргэжилтнүүдийн танд хэлэх хамгийн эхний зөвлөгөө бол арьсаа үргэлж чийглэг, зөөлөн байлгах явдал юм. Чийглэг, зөөлөн арьс сунахдаа ч сайн, уян хатан байдгаас хүүхэд хэвлийдээ хэчнээн томорсон  ч язрахгүй байж чадна гэсэн үг. Язралтын анхны шинж тэмдэг нь арьс тань хуурайшч, загатнахаас эхэлдэг. Ийм шинж мэдрэгдээд эхэлбэл та шуурхай чийгшүүлэх хэрэгтэй. Өдөр бүр тосло, чийгшүүл. Арьсны уян хатан чанарыг хамгаалдаг тоснууд гэвэл кокос буюу наргил модны тос, алмондын тос, какаоны тос зэрэг багтдаг байна. Тиймээс та язралтаас хамгаалахаар тос сонгох гэж байгаа бол эдгээрийн орц найрлага байгаа эсэхийг нягтлаарай. 
 
Хангалттай ус уу 
Хангалттай хэмжээний ус ууснаар бие дэх хорт бодисыг гадагшлуулж, арьсны эрүүл ахуйг хангахын зэрэгцээ гуужилтыг идэвхжүүлснээр илүү уян хатан, зөөлөн болгодог байна. Тиймээс жирэмсэн эмэгтэй та өдөрт 8 аяга ус ууж хэвших нь арьсаа язралтаас хамгаалах бас нэгэн давуу талыг олгоно. Болж өгвөл цай, жүүснээс татгалзаж цэвэршүүлсэн, буцалгасан ус ууж заншвал шингэний хэрэгцээгээ бүрэн нөхөхөд тань тустай юм. 
 
Илүүдэл жин бол язралтын хөрс юм 
Илүүдэл жингээс байнга зайлсхий. Энэ нь арьсыг хэмжээнээсээ илүү их ачаалал үүрэхэд хүргэснээр язралтыг цагаас нь өмнө эхлүүлэх хөрс нь болдог. Тиймээс эрүүл зөв хооллолт, хөдөлгөөнөө зөв хэмнэлээр тохируулж язралтаас сэргийлээрэй. 
 
Язралт үүссэн л бол арилдаггүй 
Ямар ч гайхалтай бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд нэгэнт үүссэн язралт арилна гэж найдах хэрэггүй. Пластик мэс засалд л ордоггүй юм бол арьсан дээр үүссэн мөнгөлөг сорвинууд арилна гэж үгүй. Тиймээс энэ язралт үүсэхээс нь өмнө сэргийлэх, тос түрхэж бүдгэрүүлэх гэсэн зам л бидэнд байна. Тиймээс язралтаас сэргийлцгээе. 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл