solongonews
”Одсүрэн хөөмийн урлагийн сургууль” Алшаад салбар сургууль нээв
2015-10-30 16:04
”Одсүрэн хөөмийн урлагийн сургууль” Алшаад салбар сургуулиа нээв.

Хөөмийн урлагийг Алшаа нутгийн залуучуудад уламжлан залгамжлуулж, монгол үндэсний язгуур соёлыг хөгжүүлэн, нийгэм нийтэд таниулах зорилгоор "Одсүрэн хөөмийн урлагийн сургууль" нь Алшаа аймгийн Эзнээ хошуунд 10 дугаар сарын 21-ны өдөр салбар сургуулиа нээсэн байна. Анхны хичээл 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд хичээллэн.

2010 оны 11 сард Монгол Улсын СТА, алдарт хөөмийч н.Одсүрэн багшийн нээмжит "Одсүрэн хөөмийн урлагийн сургууль" Хөххотод байгуулагдсанаас хойш таван жилийн нүүрийг үзэж, нийт 1000 гаруй сурагч хүмүүжүүлэн гаргав. "Одсүрэн хөөмийн урлагийн сургууль" байгуулагдсанаасаа хойш Өвөр Монгол, Шиньжян, Ганьсү, Сичуань, Бээжин, Жежян, Юньнань, Шаньдүн, Ляонин, Гуаншь, Тайвань, Хонконг болон Америк, Франц, Япон зэрэг улсын дотоод гадаадын 1000 гаруй сурагчид хөөмийн урлаг зааж, монгол үндэсний хөөмийн язгуур урлагийг сэргээн хамгаалж, уламжлан залгамжлахад чухал үүрэг үзүүлжээ. Тус сургуулийг төгссөн 100 гаруй төгсөгч хөөмийн урлагийн тусгай мэргэжлээр улсын дотоод гадаадад ажиллаж байна.

Алшаа аймаг дахь салбар сургуулийг байгуулахаар н.Одсүрэн багшийн анхны гарын шавь Эзнээ нутагтай залуу Байгал санаачлан, "Одсүрэн хөөмийн урлагийн сургууль"-ийн дарга удирдлага болон багш нартай ярилцан тохирсон байна. Байгал хэлсэн үгэндээ: - Хөөмий бол монгол үндэстэнд л байдаг онцгой язгуур урлаг юм. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголчууд хөөмийн урлагийн гайхамшгийг ойлгож, Монгол Улсаас багш урин хичээллэдэг болсноор олон хөөмийч хүмүүжүүлэн гаргаж, хөөмийн язгуур урлагаа авран хамгаалж, уламжлан залгамжлахад маш их хүчин зүтгэл гаргасан юм. Би хувьдаа тусгай мэргэжлээр суралцсан болохоор энэхүү язгуур соёлоо маш олон хүнд уламжлан залгамжлуулах үүрэгтэй. Ялангуяа Алшаа нутгийн залууст уламжлан заах зорилгоор Алшаад салбар сургууль байгуулахыг санаачилсан гэв.
Хөөмийг мөн “Хоолойн цоор” буюу “Цоор” гэдэг. Нэг хүн олон ая гаргах урлаг бөгөөд зөвхөн монгол үндэстэнд л байдаг урлаг болно. Гол төлөв Хятадын Өвөр Монгол болон Шиньжян, Монгол Улсын баруун бүс орон болон Оросын Тува зэрэг монгол үндэстэн төвлөрөн сууж байгаа газар оронд уламжлагдаж байна. Хөөмий нь 2009 оны 10 дугаар сарын 1-ний өдөр “Дэлхийн биет бус соёлын өвийн цадиг”-т сонгогдсон байна.

Найруулагч: Саранчимэг
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл