Х.Цэвэгмид:Жирэмслэлтийн үед сресс бухимдал тонусыг улам нэмэгдүүлдэг
2015-12-28 18:21
Нийслэлийн III амаржих газрын Төрөх тасгийн эмч, мэргэжилтнүүд ажлаа тайлагнах өдрийг зохион байгууллаа. Энэ үеэр Төрөх тасгийн сувилахуйн арга зүйч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Ч.Бурмаа мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ архи, тамхины хэрэглээ эх болоод урагт хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ үеэр тус тасгийн эх баригч, Хөдөлмөрийн хүндэт медальт Х.Цэвэгмидтэй ярилцсан юм. Тэрээр 29 дэх жилдээ эх баригчаар ажиллахдаа 13 мянган хүүхдийн хүйн ээж болжээ
-Ажлаа танилцуулах өдрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Эрүүл саруул ээжээс эрүүл саруул хүүхэд төрнө гэдгийг ээжүүддээ сурталчлан ойлгуулахад энэ ажил чиглэж байна. Архи, тамхи эхийн хэвлийд байгаа урагт ямар хор уршигтай, үр дагавар нь хэрхэн гарч байгаа талаар ээжүүдэд сургалт зохиож байгаа юм.
-Амаржиж байгаа эхчүүдийн дунд эрүүл саруул хүүхэд төрүүлэхийн тулд эрүүл амьдралын хэвшилтэй байх талаарх мэдлэг, боловсрол хэр хангалттай байна вэ?
-Ээжүүдийн хувьд янз бүр л ирдэг. Арван ээж ирэхэд хоёр нь хүний үг авдаг, өөрөөсөө шалтгаалах мэдлэг боловсролтой байх жишээтэй. Үлдсэн хэсэг нь мэдээлэлгүй, төрөхдөө ч бэлтгээгүй байдаг. Зарим нь хэлээд ч ойлгохгүй тохиолдол бий. Сайн сайхан хүүхдийг гаргаж авахын тулд эмнэлгийн ажилчид бид ч ажлын өндөр хариуцлагатай байх ёстой. Үйлчлүүлэгчид нь ч их, бага хэмжээний мэдлэгтэй ирвэл хоёр талаасаа хамтраад ажлын үр дүн маш сайн байх болно.
-Тэгвэл эхчүүд маань эрүүл жирэмслэлтийн талаарх мэдлэг, боловсролоо дээшлүүлж, амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд яах ёстой юм бол?
-Нөхөн үржихүйн сургалт, сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай гарч байна. Түүнийг сайн анзаарч, харж, сурмаар байна. Нарийн мэргэжлийн хүмүүсээс нь шаардлагатай зүйлсээ асууж зөв мэдээлэлтэй байх нь чухал. Манайхан чинь худал, үнэн нь мэдэгдэхгүй ам дамжсан юмыг хэзээний дуулчихсан байдаг шүү дээ. Хүний амаар биш харин зөв газраас нь зөв мэдээллээ авдаг байгаасай.
-Жирэмсэн ээжүүдэд маань зориулж та эрүүл саруул амаржихад нь зориулж зөвлөгөө өгөхгүй юу?
-Ээж болохын өмнө эмэгтэйчүүд маань хамгийн тэргүүнд биеэ бэлдэх ёстой. Эрүүл саруул байж жирэмслэх хэрэгтэй. Ээж нэгэнт жирэмсэн болсон бол ямар нэг хорт зуршил хэрэглэж болохгүй. Ажил амралтаа зохицуулах, амин дэмээр баялаг хоолыг бага багаар олон удаа идэх, агаар салхинд гарах, хөдөлгөөн сайтай байх, кальциар баялаг цагаан идээ сайн идэж хорт зуршлаас хол байвал эрүүл саруул хүүхэд төрүүлнэ шүү дээ.
-Ядаж л хүндрэл бэрхшээл гарлаа гэхэд харьяа амаржих газрууддаа ирээд асууж лавладаг, зөвлөгөө авчихдаг байх хэрэгтэй гэсэн үг үү?
-Тийм ээ. Ядаж төрөх дээр ирдэггүй юм гэхэд харьяа эрүүл мэндийн нэгжүүддээ хандах, бүр болохгүй бол 24 цагаар ажиллаж байгаа төрөх эмнэлгүүдэд очоод зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй. Гэтэл манайхны дунд зарим хүн гэр орондоо байж байж хүндрүүлчихээд эцэстээ хүргээд гарсан үр дагаврыг нь эмнэлгийн ажилтнуудад тулгаад байдаг.
-Гэхдээ эхчүүдийн дунд төрөх эмнэлгүүдэд хэвтэх боломжгүй байна гэсэн гомдол их байдаг. Ялангуяа төрөх дөхөөд өвдөөд очихоор болоогүй байна гээд буцаачихдаг гэсэн гомдол тасардаггүй?
-Үнэхээр даралт, хавангүй, ямар нэг эрсдэлгүй хүмүүсийг шууд буцаана шүү дээ. Ялангуяа, савны амсар нээгдээгүй хүн ирээд өвдөж байгаа хүний хажууд хэвтээд байхад өөрт нь ч хэцүү шүү дээ. Тэрний хажууд төрөлтөө ажиглаад, савны амсар нь хангалттай нээгдчихсэн, төрөх үйл ажиллагаа эхэлчихсэн ээжүүд орж ирээд маш хурдан төрчихдөг. Үүнийг зарим хүн ойлгодоггүй. “Бид эрт ирсэн байхад урдуур хүн оруулаад төрүүлчихлээ, танил талгүй болохоор боогоод байна” гээд өрөөсгөлөөр ханддаг. Энэ нь хүний төлөө гээд цаг завгүй ажиллаж байгаа бидэнд маш эмзэглэлтэй санагддаг. Яг үнэндээ манай эмнэлэг орны багтаамж маш бага, тэгсэн хэр нь хангалттай олон эх, жилдээ 5800 гаруй эх төрүүлж байна. 45-хан орон дээр 4-5 дахин олон хүнийг төрүүлж байна.
-Ингэхэд танай эмнэлгийн шинэ барилга баригдаж байгаа гэсэн. Тэр юу болсон бэ?
-Тэр одоохондоо тодорхойгүй л байна. Баригдаж байгаа харагдаж байсан. Яг тэдэнд орно гэсэн хугацаа хэлээгүй байна.
-Жирэмсэн ээжүүдэд тохиолддог зарим асуудлаас асуумаар байна. Хүүхдийнхээ хөдөлгөөнийг хэвийн байгаа эсэхийг бид яаж мэдэх вэ?
-Хэвлий дэх хүүхэд тань өдөрт 10-аас дээш удаа хөдөлж байвал хэвийн гэж үздэг. Ээжийн хувьд цаг хараад суух биш харин хүүхэд нь хэрхэн хөдөлж байгааг тоолоод ажиглах хэрэгтэй. Хөдлөөд эхэлчихсэн, өдөрт 10-аас дээш удаа хөдөлж байгаа хүүхдийг хэвийн бойжилттой гэж үздэг.
-Жирэмсэн эхчүүдийн дунд умайн чангарал буюу тонус их болжээ. Дээр үед ийм юм байгаагүй гэж эмээ, ээж нар маань хэлэх юм. Тонус нь цаг үетэй холбоотой гарч байгаа зүйл үү. Шалтгаан нь юу юм бол?
-Дээр үед ийм байгаагүй. Одоо бол үзэх тоолонд л тонустай байх жишээтэй. Энэ нь стртесстэй их холбоотой. Жирэмсэн эмэгтэйчүүд аль болох тайван байж, хөдөлгөөнөө хориод, дэглэмээ бариад байвал тонус дорхноо арилдаг. Бид хэчнээн эмчилгээ бичээд өгсөн ч ар гэртээ очоод тайван бус байх, уйлж, хямрах, тэвчээргүй, өөрийгөө барих чадваргүй байвал тонус буурахгүй. Тиймээс тонусыг нь арилгахын тулд тухайн ээж болоод түүний ар гэрийнхэн хамтарч, стрессгүй байлгахад нь анхаарч хичээл зүтгэл гаргах хэрэгтэй санагддаг юм.
-Жирэмсэн эмэгтэй элэгний В, С вирустэй бол яах вэ. Энэ нь жирэмслэлтэд хэрхэн нөлөөлдөг юм бол?
-Вирус жирэмслэлтэд нөлөөлнө шүү дээ. Нэгэнт ээж жирэмсэн болоод вирустэй гэдгээ мэдвэл нарийн хяналтад байх хэрэгтэй. Зарим тохиолдолд ийм ээжид төрөх үед хүндрэл гарах нь бий. Тиймээс миний дээр хэлсэнчлэн эмэгтэй хүн жирэмслэхээсээ өмнө биеэ сайтар эрүүлжүүлэх хэрэгтэй гэдэг чинь ийм учиртай шүү дээ.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
