Дэлхий дахиныг уйлуулсан бяцхан цагаач хүүгийн нэрийг Аялан Курди гэдэг байжээ. Гурван настай Аялан хүүгийн цогцос далайн давлагаанд туугдан Туркийн эрэг дээр гарч ирсэн байсан юм. Цагаачдын завь хөмөрснөөс түүнтэй хамт ээж, таван настай ах Галиб нь бурхны оронд одсон ч аав нь амьд үлдсэн аж. Хүү гэр бүлийн хамтаар Сириэс цагаачилж яваад ийн осолдож, түүний цогцос далайн эрэгт шидэгдсэн нь энэ. Хүүгийн үхэл дэлхий нийтийг цочроож, Европын холбооны улсууд цагаачдын асуудалд анхаарлаа хадуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм. Түүний үхэл дэлхий нийтийн эмгэнэл байв.
Аяланы эцэг Абдуллах завь давлагаанд цохигдон хөмрөх үеэр гэр бүлийнхнийгээ аврахыг хичээсэн ч чадаагүй гэнэ. Абдуллах “Миний хөвгүүд энэ дэлхийн хамгийн хөөрхөн хүүхдүүд байсан. Хүнд хүүхдээс нь илүү эрхэм зүйл бий гэж үү? Тэд өглөө бүр намайг сэрээж, надтай хамт тоглодог байсан. Одоо тэд маань энэ ертөнцөд үгүй. Би тэднийхээ булшны хажууд сууж уй гашуугаа нимгэлж байна” хэмээн ярьсан байна.
Харин талийгаач хүүд зориулж зураачид өөр өөрсдийн бодлоо ийнхүү зургаар илэрхийлсэн байна.















