Тантай ахин ярилцах гэж байгаадаа таатай байна. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол гэртээ хүүхдээ харан сууж байгаа болон ажил хөдөлмөр эрхэлдэггүй бүсгүйчүүдийн талаар байгаа.
Юуны өмнө бүсгүйчүүд их түргэн уураа илэрхийлчих гээд байдаг шүү дээ. Үүний шалтгаан нь нөхөр нь тоохгүй байна, идэвхгүй амьдарч байна, гадуур дотуур гармаар байна гэлцдэг үүний талаар та ямар бодолтой байдаг вэ?
- Энэ өдрийн мэнд хүргье. Эмэгтэй хүний нэг онцлог бол нээлттэй харилцаатай байхыг хүсдэг. Тиймээс нөхрөө өөртэй нь ярилцахгүй бол гомдоллж эхэлдэг. Хэдий чинээ эхнэртэйгээ ярилцаж ойлголцоно, гэр бүлийн ямар нэгэн асуудлыг шийдэхэд хялбар болно. Нэг талаасаа нөхөр эхнэрээ сонсохгүй, харилцан ярилцаж, асуудлаа шийдэхгүй байгаа учраас асуудал маш олноор ар араасаа гарч ирээд байна. Тиймээс илэн далангүй бодол санаагаа илэрхийлэх нь хамгийн чухал.
Өдөржин хүүхдээ харна, гэр орноо цэвэрлэнэ хоол унд гээд нэргүй хэдий ч гэрийн ажил хамгийн ажиллагаа ихтэй ажил. Гэтэл нөхрүүд нь хүүхдээ хараад л гэртээ амраад л гээд ойлгохгүй үе бас байдаг шүү дээ орж ирээд л ядарсандаа зурагтаа тэврээд суучихдаг энэ үед бүсгүйчүүд уурлаж эхэлдэг үүний оронд юу хийвэл гэр бүлийн маргаан үүсэхгүй байх боломжтой вэ?
- Зарим эрчүүдийн хувьд гэрийн ажлыг хөдөлмөр биш гэж үзэх тохиолдол байх хэдий ч үнэндээ өөртөө тулгараад ирэхлээр ямар хэцүү ажил вэ? гэдгийг ойлгоно. Түүхийнхээ явцад эрчүүд мөнгө олж гэр бүлээ тэжээх; эмэгтэйчүүд үр хүүхэд төрүүлж, өсгөх ба хоол хүнс олох, үр удмаа хамгаалах чадвартай хамтрагч хэрэгтэй байсан гэж үздэг. Тиймээс бие биенийхээ хийж байгаа ажлыг хүндэтгэн үзэж, бие биедээ туслах нь чухал.
Эмэгтэйчүүд төрсний дараа их ганцаарддаг, үүнээс болж зожгирч нөхрүүдэдээ гомдоллож эхэлдэг. Сэтгэл санааны хувьд ийм өөрчлөлт гарах нь энгийн үзэгдэл үү?
- Бүх эмэгтэйчүүд ганцаарддаг гэвэл бас үгүй юм. Тиймээс энэ нь зарим эмэгтэйчүүдэд л ганцаардаж байгаа мэдрэмж төрдөг байх талтай, маш олон хүчин зүйл нөлөөлнө.
Хүн нийгмийн харилцаанаас тасарч эхлэхээрээ маш огцом түргэн ууртай болоод байх шиг байдаг. Тэр бүү хэл сэтгэл мэдрэлийн өвчтэй ч болох үе байдаг. Энэ маань ганцаардлаас болоод байна уу аль эсвэл уураас болдог юм болов уу?
- Хүний нийгмийн шинж нь нийгэм дундаа амьдарч, бусадтай харилцах шүү дээ. Тиймээс бусадтай харилцах харилцаагаа хүн өөрөө хязгаарласнаар ганцаардал үүснэ. Ганцаардлаа даван туулах арга нь хүн болгонд харилцан адилгүй. Аль болох олон дунд орсноор уур бухимдлаа мартаж тайтгарж чаддаг учраас бусадтай харилцаж нээлттэй байх хэрэгтэй.
Бодлоо цэгцэлж чадахгүй олон зүйлд шаналаад стресст орох нь гэрийн эзэгтэй бүрийн толгойны өвчин болжээ. Тэдэнд хандаж та юу гэж хэлэх вэ?
- Эмэгтэй хүн маш их олон зүйл хүсдэг, боддог. Тиймээс хамгийн гол нь олон хүслээ дарж, чухал асуудал дээрээ л анхаарч, шийдвэрлэх нь илүү дээр юм.
Ганц бие ээжүүдийн хувьд сэтгэлээ нээж ярилцах хүнгүй их хэцүү байдаг байх. Үүнээсээ болж хүүхдэдээ уураа гаргах цаашилбал гар хүрэх тохиолдол ч бий. Тэдний хувьд уураа барьж дадах арга юу вэ?
- Нэгэнт бий болсон нөхцөл байдлыг хүндрүүлэх хэрэггүй гэж үзэж байна. Ганц бие ээжүүд ганцаараа байгаа нь хүүхдийн буруу биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Эх хүн гэдэг үүргээ хамгийн гол нь ухамсарлаж, хүүхдийнхээ өмнө үүргээ биелүүлэх ёстой.
Бүсгүйчүүд маань нөхөртэйгээ сайн ярилцаж чаддаггүй, ярилцъя гээд болж бүтэхгүй зүйлсээ хэлэхээр нөхөр нь тээршааж уурлаж, улмаар гомдож тунирхаж эхэлдэг. Үүнээс гарах өөрийгөө тайвшруулах арга зааж өгөөч?
- Эрэгтэй хүн хайхрамжгүй, хэнэггүй, сонсох дургүй байдаг гэдгийг ойлгох; эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай, бид биенээсээ илүү сайн ч биш, илүү муу ч биш гэдгийг хамгийн түрүүнд мэдээсэй.
Ярилцсандаа таатай байнаа ярилцлагынхаа төгсгөлд бүсгүйчүүдэд маань биеэ барих нөхөртэйгөө хэрхэн ойлголцох ганцаардлаас ангижрах талаар зөвлөгөө өгөөч?
- Урьдаас асуудлаа хэлэлцэн тохироод, саармаг нөхцөл байдалд асуудлаа зөвшилцөн хэлэлцэж чадвал асуудлыг илүү бодитой хүлээн авч шийдвэрлэж чадна шүү. Бидэнд үргэлж сонголт байдаг, өөрсдийнхөө ялгааг олж ухаараад, аз жаргалтай амьдарья гэвэл илүү бие биенээ хүндэтгээрэй. Ингэсэн цагт ойлголцож, ганцаардлаас ангижирч чадна
