“Чамин нэртэй өвчин”-өөс хэрхэн сэргийлэх вэ?
2015-12-28 18:21
Салхин цэцэг.... Ийм содон сонин, чамин ч гэж хэлж болохоор өвчлөл хүүхдүүдийн дунд элбэг байдаг. Томчууд тусах нь ч бас бий.
Салхин цэцэг.... Ийм содон сонин, чамин ч гэж хэлж болохоор өвчлөл хүүхдүүдийн дунд элбэг байдаг. Томчууд тусах нь ч бас бий. “Хүү охин маань салхин цэцэгтчихлээ...” гэх аав ээжүүд сүүлийн үед таарах боллоо. Хэрхэн яаж эмчилэхийг бие биенээсээ асууж сураглана.
Тэгвэл 7-10 хоногт эдгэрчихдэг гэж санаа амрах энэ өвчлөлийн ард олон эрсдэл нуугдаж байдаг байх нь. Аав ээжүүдээ салхин цэцэг өвчний талаар өргөн мэдлэгтэй болцгооё.Салхин цэцэг өвчний тархалт өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд их байгаа юм. Нийт гаралтын 60-70 орчим хувь нь Улаанбаатар хотод байна. Энэ нь агаар болон хөрсний бохирдолтой холбоотой гэнэ.Салхин цэцэг өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхэд өвчилдөг. Учир нь хүүхдийн биеийн дархлаа гүйцэд тогтоогүй байдагтай холбоотой.
Ялангуяа сургууль цэцэрлэгийн хүүхдүүд олноороо өвддөг шүү дээ. Учир нь өвчний халдварлах зам, онцлогтой холбоотой гэж байна.Өөрөөр хэлбэл салхин цэцэг өвчин ханиах найтайх үед амьсгалын замаар дамждаг. Тууралт гарч эхлэхээс хоёр өдрийн өмнө бусдад халдварлаж эхэлдэг гэнэ. Тууралт нь хатаж тав тогтох хүртэл халдвар тараасаар байдаг. Хэрэв танай хүүхдийн цэцэрлэг сургуульд нэг л хүүхэд салхин цэцэг өвчнөөр өвдсөн бол та хүүхдээ сайн анхаарч биеийн дархлааг нь дэмжихийг эмч зөвлөж байна.
Салхин цэцэг өвчний үед олон шинж тэмдэг илэрдэг. Харамсалтай нь бид ихэнхдээ хүүхдийн биеэр цэврүүт тууралт гарч өндөр халуурсан үед л эмнэлэгт ханддаг. Гэвч халдвар авсан хүүхдийн биед үүнээс өмнө хэд хэдэн шинж тэмдэг илэрдэг байна. Тухайлбал
1. Хүүхдийн хөдөлгөөн багасч хоолондоо дургүй болдог
2. Толгой өвдлөө дотор муухайрлаа гэнэ.
3. Зарим тохиолдолд гэдэс нь өвдөх нь ч бий.
Эдгээр шинж тэмдэг халдвар авснаас хойш 14- 16 хоногийн дараа илэрдэг. Цэцэрлэг сургуулийнх нь нэг л хүүхэд салхин цэцэг өвчнөөр өвдсөн бол та хүүхдээ тогтмол ажиглаж анхаарч байх хэрэгтэй. Салхин цэцэг өвчний тууралтыг бид өөр тууралтат өвчинтэй андуурах нь бий. Сайн ажиглаж харвал ялгахад амархан.
Эхлээд жижиг улаан тууралт гарч, дараа нь тунгалаг шингэн усархаг хэлбэртэй болдог. Усархаг гүвдрүүний орчим улаан туяатай байна. Энэ хоёр тууралт аль аль нь гарах тохиолдол бий. Гүвдрүү гарснаас хойш 24-48 цагийн дотор маш их загатнана. Усархаг гүвдрүүний доторх тунгалаг шингэн үсэрхийлэн, дараа нь хавддаг. Эрүүл чийрэг хүүхдэд 5-7 хоногийн дотор гүвдрүү томордог. Эдгээр гэмтэл нь амны хөндий, нүдэнд шарх байдлаар илэрнэ. Энэ нь салхин цэцэг өвчний тууралтын онцлог юм . Гүвдрүү гарсны дараа 7-10 өдрийн дотор өөрөө эдгэрдэг. Гүвдрүүнд нян орж бохирдсоноор арьсанд сорив үлддэг. Тиймээс салхин цэцэгийн шархыг маажиж тавийг нь хуулахыг хориглодог байх нь.
Салхин цэцэг өвчин туссан хүүхдийн биеийн дархлаа сулардаг. Амархан өвчлөмтгий болдог байна. Тиймээс хүүхдээ сарын турш сайн асарч сувилан амин дэмээр баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэхийг эмч зөвлөж байна. Салхин цэцэгийн хатгаа гэж бас байдаг юм байна шүү, ааь ээж нараа. Энэ нь бага насны хүүхдэд тун ховор тохиолддог байна. Мөн жирэмсэн эхчүүд салхин цэцгээр өвчлөх нь ээжийн болон ургийн эрүүл мэндэд аюултай. Жирэмсэн эх хатгалгаа тусч болно. Мөн үр зулбах, төрөлхийн салхин цэцгийн эмгэгтэй хүүхэд төрж ч мэднэ. Тухайлбал арьс гэмтэх, ургийн хөл гарын хөгжил оройтох, цагаас өмнө төрж ч болзошгүй.
Салхин цэцэг туссан хүүхэд өндөр халуурдаг. Энэ үед хүүхдэд халуун буулгах аспирин өгөхийг хатуу хориглодог. Энэ нь мэдрэлийн эмгэг уушги, тархины гэмтэл үүсгэх аюултай. Иймд аспирины оронд халуун бууруулах парацетромолын төрлийн эм уулгахыг эмч анхааруулж байна.
Мөн салхин цэцэгийн тууралт гарч эхэлсэн хүүхдэд шингэн юм сайн уулгахыг эмч зөвлөлөө.
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
