solongonews
Гэрээ “Аз жаргалын арал” болгох илгээмж-1
2015-12-28 18:21
Амьдрал аз жаргалаар дүүрэн хэрнээ заримдаа хэцүү бэрхийн их далай мэт санагдах үе бишгүй тохиолддог. Хамгаас ойр дотно нэгэндээ гомдох, адлагдан ганцаардах, үл тоогдон шоовдорлогдсон мэт санагдан сэтгэл базлах хэцүү...
 
Энэ мэт таагүй зүйлийг бид харилцаанаасаа бий болгодог. Харилцааг нааштай болгож ойлголцолд хөтлөх, эсвэл үл ойлголцлын олсонд хүлэгдэж хэрүүл маргаанд хүрэхийн зааг босгон дээр энэ хоёр хандлагын аль нэг рүү нь хэлбийлгэх хүч чадалтай хоёр үг байдгийн нэг нь түвэгтэй зүйлийг ч хүндлэн хүлцэж, сэтгэл зүрхээрээ ойлгоход хүргэдэг ШИДЭТ үг билээ.
 
Энэ тухай би сэтгэл зүйчээс олон жилийн өмнө сонсож байсан ч төдийлөн тоогоогүй нь үнэн л дээ. Харин саяхны нэгэн өдөр томилолтоор ажиллахдаа оюутан үеийн найз бүсгүйндээ зочилж хоносон тэр шөнө мөнөөх шидэт үгийн тухай сэрхийтэл санах шалтгаан яалт ч үгүй болсон юм.
 
Удаан уулзаагүй бид ярилцжээ суусаар цаг орой болсон байлаа. 17 хүрч байгаа бага охин нь 24 цагтай уралдан гэртээ иртэл найз маань хаалгаа тайлангуут зэмлэж гарлаа
 
-Залуу бүсгүй, та хаана байж байгаад ирэв?  Шөнө дунд өнгөрч байна. Охин хүүхэд байж ээж аав санаа нь зовно гэж бодох сэтгэлгүй...
 
-Ээж ээ, та орж ирүүт л надруу дайрчих юм. Та ер нь хэзээ ч надад тайлбарлах боломж өгдөггүй...
 
-Чиний тайлбарууд надад хэрэггүй, чи өөрөөсөө бусдыг хэзээ ч боддоггүй
 
-Харин та өөрөө хэнийг ч хайхардаггүй ш дээ. Та хэзээ ч намайг сонсдоггүй..
 
-Чи надтай яаж ингэж ярьж чадаж байна аа...
 
Ээж охин хоёр ингэж маргалдаад, охин өрөөндөө орж хаалгаа тасхийтэл хааснаар найз маань надаас өмгөөлөл хайх мэт нулимс унаган байж”Найз нь ёстой эднийг хүн болгох гэж зүдэрч байхад эднийг хар аа биз дээ” хэмээн гомдоллов. Тэд “ТА” , “ЧИ” гэдэг үгээр хандсанд маргаан дэгдэхээс өөрцгүйд хүрсэн хэрэг. Нөгөөх сэтгэлд сэрхийтэл орж ирсэн сэтгэл судлаачийн өгүүлснээр бол “Та”, “Чи” гэдэг илгээмжинд дургүйцэл, гомдол, хамгаалалт, буруутгал агуулагддаг. Та-илгээмжийг хүлээж авсан үед харилцаа таслагдаж, хэрүүл үүсч, биеэ өмөөрөх, өөрийн бурууг үгүйсгэх таагүй нөхцөл үүсдэг. Энэ яалт ч үгүй үнэнсэнжээ. Тэгвэл үүнийг өөрчилж, ойлголцолд хөтөлдөг мөнөөх шитэд үг юусан билээ? Энэ бол “БИ” – ИЛГЭЭМЖ. Би-илгээмж нь нөгөө хүнд бидний сэтгэл хөдлөл, бодол санааг ойлгох боломж өгдөг. Би-илгээмж хэзээ ч хүний хувийн чанарыг хөндөж, түүнийг буруутгадаггүй. Энэ тохиолдолд “Та дандаа л ингэдэг...” гэх мэтээр үргэлж болж байдаг, эсвэл хэзээ ч байдаггүй зүйлийн тухай биш, зөвхөн тухайн тохиолдлын тухай л яригддагаараа гайхалтай зөв харилцааг бий болгож чаддаг. Яагаад ч юм орондоо орсон хойноо нойр хулжин энэ тухай бодож хэвтэхдээ найз маань охиндоо “БИ” - илгээмж буюу энэ хандлагаар хандсан бол... гэж санан тэр тухай амилуулан төсөөлснийг яана.
 
Ээж: -Би ямар их санаа зовов оо. Цаг оройтчихсон байдаг. Гэтэл чамайг хаана байгааг мэдэхгүй...
 
Охин:-Би бас бодож байлаа, ээж аав хоёр санаа зовж байгаа даа гээд... Бие даалтаа хийгээд, хэцүү даалгавар болохоор би зөндөөн оройтчихлоо. Би нэгжгүй болохоор хэлж чадсангүй
 
-За яахав, үүнээс хойш хэлж дуулгаж явж бай. Ямартаа ч чи гэртээ ирлээ, санаа минь амарлаа...
 
Ээж нь санаа зовсон сэтгэлээ илэрхийлэхдээ “Би”- илгээмж ашигласнаар охин өөртөө дайралт зэмлэл сонсоогүй учир өөрийн бурууг үгүйсгэхгүй байж, “та” илгээмжийг хэрэглэхгүй байх байсан байж мэднэ. Харилцаанд тодорхой жор, өөрийн хууль дүрэм байхгүй ч тухайн нөхцөл байдлыг хааш нь эргүүлэхэд нөлөөлдөг үг хэллэг, хандлага гэж бий. Бүсгүйчүүд бид гэр орноо “Аз жаргалын арал” болгож чадна. Ингэхийн тулд тансаг тавилганаас илүүтэй ухаалаг харилцаа, зөв өнцөг, ойлголцол, дулаан харилцаа хамгаас чухал  Дүрэлзсэн цочмог уураа барьж, тэвчээр гарган “БИ” илгээмжийг зэвсгээ болгохыг хичээгээрэй.
 
Гэгээ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл