Тураах бүтээгдэхүүн буюу чимээгүй аюул
2015-12-28 18:21
Бүсгүйчүүд шинэ жил дөхөөд ирэхээр хамгийн богино хугацаанд хамгийн амархан аргаар турахаар яаравчилдаг. Ямар ч хамаагүй арга хэрэглээд даашинзандаа багтаж, олны өмнө үзэсгэлэнтэй харагдаж байвал боллоо гэх нь холгүй байдаг.
Энэ л санаа зоволт нь зарим бизнесийг өсөн дэвжих, олон олон тэрбумаар нь доллар эргэлдүүлэх боломж болдог. Ямар ч хөдөлгөөн хийлгүйгээр ганц бүтээгдэхүүн хэрэглээд л хүссэн үр дүндээ хэдхэн өдрийн дотор хүрчихнэ гэж тэд сурталчилдаг.
Шинэ жил болох гэж байгаа болохоор энэ төрлийн бизнес улам л хүчээ авч байна. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр бүтээгдэхүүнд итгэж болох уу.
Энэ асуултын хариултыг мэргэжлийн эмч нарын амнаас сонсвол тэд “Үгүй” гэж хариулна. Яагаад гэвэл тураах бүтээгдэхүүнүүд нь хүний биед шаардлагатай эрдэс бодисыг гадагшлуулах замаар хүний биеийг “ядрааж” тураадаг.
Эцэст нь биеийн дархлаа муутай, ядарсан, эсэргүүцэл султай нэгэн л болж хувирдаг байна. Бүр цаашлаад энэ байдал нь тухайн хүний цаашдын амьдрал, эрүүл мэндэд нь ноцтой асуудал үүсгэж мэдэх юм. Миний нэгэн танил тураах нэмэлт тэжээл зэрэг бүтээгдэхүүн хэрэглээд биеийн эсэргүүцэл нь илт муудаж, бие дээр нь тууралт гарч, ядаргаанд орсон амьд жишээг энд дурдаж болох юм.
Тэгвэл хамгийн эрүүлээр турах арга нь юу вэ. Мэдээж, хөдөлгөөн, эрүүл хооллолт. Өдөр бүр ядаж 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийдэг, хангалттай шингэн уудаг, хангалттай тэжээллэг хүнс хэрэглэдэг, нүүрс ус ихтэй хүнсийг тохируулан хэрэглэдэг хүн илүүдэл жин гэж санаа зовохгүй нь ойлгомжтой.
Тиймээс яарч биеэ хордуулан байж турахын оронд эрүүл аргаар эрүүл мэнддээ хөрөнгө оруулцгаая.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
