solongonews
Хятад, Төв Зүүн Европын орнууд олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр байна
2025-05-27 16:04
Хятад, Төв Зүүн Европын орнууд олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр байна

Саяхан Жэжян мужийн Нинбө хотод Хятад-Төв Зүүн Европын орнуудын IV удаагийн экспо болон олон улсын өргөн хэрэглээний барааны экспо зохион байгуулагдлаа. Төв болон Зүүн Европын онцлогтой олон шилдэг бараа бүтээгдэхүүн дэлгэгдэж, Хятад, Төв Зүүн Европын орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны тод илэрхийлэл болов.

Сүүлийн жилүүдэд Хятад, Төв Зүүн Европын орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгүй бэхжиж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, холболтын хамтын ажиллагаа улам гүнзгийрэн, бүс нутаг хоорондын олон талт хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байгааг гадаадын олон хэвлэл онцлон тэмдэглээд байна.

Нинбөгийн Хятад-Төв, Зүүн Европын IV удаагийн экспо амжилттай зохиогдсоноор Жэжян муж гадаадын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. Энэ бол Хятад улсын анхны Хятад-Төв, Зүүн Европын орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны жишиг бүс юм.

"Бүс ба Зам" санаачилга дор Хятад, Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, ажил хэрэгч болж байна." Хятадын аж ахуйн нэгжүүд олон улсын худалдаанаас хил дамнасан үйл ажиллагаанд шилжиж, Хятад болон Төв, Зүүн Европын орнуудын боловсон хүчний солилцооны үе шатыг бүрдүүлж байна гэж "China-Greece Times" онцоллоо.

Энэ нь Хятад болон Төв Зүүн Европын орнуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаагийн тод илэрхийлэл юм. Бүрэн бус тоо баримтаас үзвэл өнөөг хүртэл Хятадаас Төв болон Зүүн Европын орнуудад оруулсан хөрөнгө оруулалт 24 тэрбум ам.доллар давсан байна. Сүүлийн жилүүдэд Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэл болон цахилгаан батерейны дээд болон доод урсгалын компаниуд Төв болон Зүүн Европт хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, холбогдох салбарууд нь хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны шинэ онцлох зүйл болсон байна.

Саяхан Хятадын автомашины компани BYD Европ дахь төв байраа Унгарт байршуулна гэж мэдэгдэв. Германы Handelsblatt сэтгүүлийн мэдээлснээр Унгар Төв болон Зүүн Европын улс Хятадын хөрөнгө оруулалтын чухал цэг болж, хоёр жил дараалан Европын бусад орнуудыг тэргүүлсэн байна. 2024 онд Хятадаас Европт оруулсан шууд хөрөнгө оруулалтын 31 хувь нь Унгар руу урсаж, тасралтгүй хөрөнгө оруулалтын эхний арван төслийн дөрөв нь Унгарт байрладаг бөгөөд үүнд BYD, CATL, Xinwoda, EVE Energy компаниудын цахилгаан машин, батерейны төслүүд багтжээ.

Хятадын Төв болон Зүүн Европын орнуудтай хийх худалдаа ч идэвхжиж байна. 2021 онд болсон Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс ойрын таван жилд Төв болон Зүүн Европын орнуудаас 170 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлохоо амлаж, Төв болон Зүүн Европын орнуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг хоёр дахин нэмэгдүүлэхээр чармайж байна гэж Блүүмберг болон бусад гадаадын хэвлэлүүд онцоллоо. 2024 онд Хятад улс Төв болон Зүүн Европын орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 142 тэрбум 300 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,3 хувиар нэмэгдсэн байна.

Өмнөд Африкийн бие даасан цахим мэдээллийн сайт саяхан нийтлэл нийтэлж, Хятад улс олон улсын цахим худалдааны хамтын ажиллагааг тууштай баримталж байгаа нь гадаадын олон бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх боломж олгож байна. Энэ оны эхний хоёр сард Төв болон Зүүн Европын орнууд болох Сербийн дарсны Хятадын цахим худалдааны платформ дээрх борлуулалт 215.8 хувиар өссөн байна.

Саяхан Хятад-Европын цахим худалдааны галт тэрэг 3 хэмжээст принтер, тоглоомын удирдлагын хэрэгсэл болон бусад бараа ачиж, Хятадын Шэньжэнь хотоос хөдөлж арав гаруй хоногийн дараа Унгарын Будапешт хотод ирлээ. Энэхүү галт тэрэг нь Гуандүн-Хонконг-Макаогийн их булан дахь Хятад-Европын цахим худалдааны анхны буухиа шугам юм.

Агаарын тээврийн тухайд Хятад, Төв Зүүн Европын орнууд хоорондын шууд нислэгийн нийт тоо 30 давж, долоо хоног бүр хоёр тал шууд зорчигч болон ачаа тээврийн 70 гаруй нислэг үйлдэж байна.

Үүнээс гадна, Хорватын Пельесакийн гүүр, Монтенегро дахь хойд-өмнөд хурдны зам зэрэг хэд хэдэн гол төсөл хэрэгжсэнээр Хятад, Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны үр дүн орон нутгийн иргэдэд үр өгөөжөө өгч, боловсон хүчин, эдийн засаг худалдааны солилцоог дэмжиж, Хятад, Төв Зүүн Европын ажил хэрэгч хамтын ажиллагаа, хамтын ахиц дэвшлийг харуулсан юм.

Хятад-Төв болон Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх төсөл болох Унгар-Сербийн төмөр замыг энэ онд барьж дуусгах төлөвтэй байна. "Pakistan Today"-ийн мэдээлснээр төмөр зам бүрэн баригдаж ашиглалтад орсны дараа Серби, Унгарын нийслэл хоорондын зорчих хугацаа 8 цаг байсныг 3.5 орчим цаг болгож бууруулна. Сербийн ерөнхийлөгч Вучич төмөр замын бүтээн байгуулалттай танилцах үедээ:

- Тус төмөр зам нь Сербийн ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэх, бараа бүтээгдэхүүний эргэлтийг ахиулах, Хятад, Сербийн харилцааг ойртуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж хэллээ.

Хятад улс Төв болон Зүүн Европын орнуудад виз олгохыг хөнгөвчлөх багц арга хэмжээ авч, нэг талын визгүй бодлого хэрэгжүүлсний ачаар хоёр талын боловсон хүчний солилцоо 2024 онд 2021 онтой харьцуулахад 56 хувиар нэмэгдсэнийг статистик мэдээ харуулж байна.

Хорватын “Дубровник таймс” сонинд бичсэнээр Хятад улс визгүй зорчих улс орнуудын хүрээг тэлэх хэвээр байгаа бөгөөд Хорват бол тэдний нэг юм. Грекийн "Орчин үеийн дипломат ажиллагаа" сайт саяхан нийтлэл нийтэлж, Хятадын эдийн засгийн өсөлт хөгжил дэлхийн хөгжлийг дэмжин, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэж мэдээллээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл