Зөвхөн шинжилгээ өгөхийн тулд ямархан дараалал дугаар, шат дамжлага болдгийг ихэнх хүмүүс мэдэх байх. Тэгвэл өнөөдөр Монголд машин дотор шинжилгээгээ өгч, шууд хариугаа авах боломжтой болжээ.
Харахад түргэн тусламжийнх шиг энэ машинд эхо, оношлогооны төхөөрөмжүүд багтсан. Таны цус, шээсний шинжилгээг авч шууд хариуг нь гаргана. Түүнээс гадна хүнд, хэвтрийн өвчтэй хэн нэгнийг энэхүү машинаар мэргэжлийн эмч сувилагч дагалдан, эмчилгээг нь хийнгээ хүссэн газарт нь хүргэж өгөх юм байна.
Монголдоо анхных болох энэхүү шинэлэг үйлчилгээний талаар “Clement Med” эмнэлгийн зөвлөх, анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Мобайл эмнэлэг гэхээр эхэндээ их сонин сонсогдож байлаа л даа?
-Хөдөлгөөнт гэдэг утгаар “Мобайл” гэж тодотгож байна л даа. Манайд хүнд өвчтэй хүнийг эмнэлэгт хүргэх юм уу, эмнэлгээс эмнэлгийн хооронд хүргэхэд хүндрэлтэй асуудал гардаг. Тиймээс эмчилгээ, оношлогооны төхөөрөмж суурилуулсан машинаар мэргэжлийн эмч, сувилагч дагалдан хүргэх газарт нь хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлэх үйлчилгээ нээсэн юм. Монитор, эхо аппарат гэх мэт шаардлагатай төхөөрөмжүүдийг суурилуулсан учраас үзлэг хийж, оношлон, боломжтой шинжилгээний хариуг шууд гаргаж өгнө.
-Монгол шиг өргөн уудам нутагтай, дэд бүтэц сул оронд хөдөлгөөнт эмнэлгийн үйлчилгээ гэдэг их сайхан сонсогдож байна. Хөдөө орон нутгийн хүнд өвчтэй, хэвтрийн эсвэл өндөр настанууд нийслэлд эмчилгээ хийлгэнэ гэхээр “Замд яах вэ” гэдэг асуудал үнэхээр хүнд..?

-Тийм ээ. Хүнд өвчтэй хүмүүсийг авч явахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдтэй, зориулалтын машинаар мэргэжлийн эмч, сувилагч үйлчилнэ гэсэн үг. Хөдөө орон нутгаас гадна хот дотор ч гэсэн нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг рүү шилжүүлэх гэх мэтчилэн өвчтөн тээвэрлэх нь манай үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл. Нэг машинаа энэ чиглэлээр илүү тоноглосон. Нөгөө машин бол шинжилгээ авах талдаа илүү төрөлжүүлэх зорилготой. Машиндаа аппараттаа сууриллуулсан. Боломжтой шинжилгээнүүдийн хариуг шууд гаргана. Машин дотор хийх боломжгүй шинжилгээнүүдийн дээжийг аваад лобараторидоо шинжлээд хариуг нь www.shinjilgee.mn сайтдаа байрлуулдаг. Тэгэхээр үйлчлүүлэгч шинжилгээний хариугаа онлайнаар аваад, ойлгомжгүй зүйл эсвэл цаашид яах вэ, ямар эмчилгээ хийх вэ гэдгийг сэтгэгдэл /коммент/-ээр бичээд, хариултаа авчихна, өөрөөр хэлбэл онлайнаар эмчээс зөвлөгөө авах боломжтой үйлчилгээг нэвтрүүлсэн.
-Мобайл эмнэлгийн машинд шинжилгээгээ өгөөд л хариугаа интернэтээр авчихна гэсэн үг тийм үү?
-Тийм ээ. Онлайнаар шинжилгээний хариугаа хэзээ ч авах боломжтой. Серверт хадгалчихсан учраас шинжилгээний хариугаа гээгдүүлсэн ч дахиад авах боломжтой. Серверт удаан хугацааны турш хадгалагдсан байдаг.
-Танайх бүх шинжилгээг хийх боломжтой гэсэн үг үү?
-Ер нь бол эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай шинжилгээнүүдийн 70 хувийг хийж байгаа. Өөрөөр хэлбэл, III шатны буюу III эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв зэрэг төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлэгт хийдэг шинжилгээнүүдийг хийнэ гэсэн үг. Энгийнээр хэлэх юм бол MRI, рентген зураг авахуулах, дурангийн зэрэг суурин эмнэлэгт хийхээс өөр аргагүйгээс бусад бүх шинжилгээ л гэсэн үг. Биохимийн шинжилгээ гэхэд хэдэн үзүүлэлттэй гэх мэтээрээ ондоо. Манайх бол дэлгэрэнгүй шинжилгээг гаргана. Вирусын шинжилгээ гэхэд вирус байна уу, үгүй юу гэх мэт идэвхжилийн шинжилгээг гаргана гэх мэт. Бидний хамгийн гол зорилго нь эмнэлэгт ирж чадахгүй байгаа хүмүүст л үйлчилгээ үзүүлэх.
-Би л лав Монголд ийм үйлчилгээ байдаг гэдгийг сонсч байгаагүй. Танайх Монголд анхных нь байх аа. Хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
-Монголд бол анхных. Хөгжингүй орнуудад бол үзлэг, шинжилгээ, хагалгаагаа хийдэг том том контейнер шиг автобусууд явдаг. Шууд үзлэгээ хийгээд, хагалгаагаа хийгээд явчихдаг, бүр төрөлжсөн том автобуснууд байдаг. Эндээс л анх Монголд ийм үйлчилгээ нэвтрүүлэхсэн гэсэн санаа төрж байсан, эмч хүний хувьд бас хийх сэн гэсэн нэг мөрөөдөл маань юм даа. Манай лобаратори бол 2014 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулагдсан. Үүн дээрээ түшиглээд судалгаа хийгээд, машинуудаа тоноглоод, өнгөрсөн тавдугаар сараас ажиллаж байна. Лобаратори маань I төрөх эмнэлгийн урд талд “Таны төлөө бид” эмнэлгийн 106, 107 тоотод байрлаж байгаа. Мөн 7000-9096 утсаар холбогдож дуудлага өгч болно.
-Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар их яригдаж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбар ямархуу байгааг бид мэднэ. Түргэн тусламж дуудахад ямар хугацаанд ирдэг билээ. Тэр бүү хэл эмнэлгийн машин үйлчлэх боломжгүй гээд шуудангийн автобусаар өвчтэй хүнээ үүрч дүүрээд ирэх ч тохиолдол байдаг. Хот дотор ч гэсэн хүнд өвчтэй хүнийг эмнэлэг рүү хүргэх ч хэцүү л байдаг. Тэгэхээр танайх 103 юм уу, аймгийн эмнэлгүүдийн авч, үйлчилж чадахгүй байгаа тохиолдлуудад шууд хамтарч ажиллах боломжтой санагдлаа.
-Хот дотор бол Түргэн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх зэргээр 103-тай зэрэгцээд ажиллах шаардлагагүй л дээ. Харин яаралтай хүнд өвчтөн хүргэх гэх мэт тохиолдолд бид та бүхэнтэй хамтарч ажиллая, ачааллаас тань хуваалцъя гэсэн саналаа илэрхийлсэн, Нааштайгаар ч хүлээж авч байгаа. Түргэн тусламжийн дуудлагыг Шуурхай удирдлагын төвөөр дамжуулан хуваарилдаг. Тухайн үедээ хамгийн ойр байгаа машинд дуудлагыг шилжүүлэх гэх мэт байдлаар ажилладаг. Харин манай машинуудын хувьд гэнэтийн осол аваар гарах гэх мэт яаралтай, онцгой тохиолдолд бид нэмэлт хүч байдлаар ажиллаж болох юм гэсэн бодолтой байгаа.
-Тэгэхээр танайх бол яалт ч үгүй хэрэгтэй үйлчилгээ нэвтрүүлж байна. Гэхдээ үнэ өртөг нь ямархуу байх бол?
-Бид улсаас тэтгэлэг, тусламж авдаггүй. Хувиараа л ажиллаж байгаа. Техник тоног төхөөрөмжийн үнэ хэд билээ, нөхцөл байдал ямар байгаа билээ, тодорхой хэмжээний тарифын дагуу үйлчилдэг. Гэхдээ одоогоор “Үнэ өндөр байлаа” ч гэдэг юм уу, ямар нэгэн гомдол санал гараагүй. Харин ч өвчтэй хүн маань замдаа муудчих вий, ямар нэгэн хүндрэл гарах вий гэсэн санаа зовох зүйлгүйгээр сайхан байлаа, үнэ өртөг ч боломжийн байна аа гэдэг. Бид ч үүн дээр нь урамшаад цаашид яавал үйлчилгээгээ сайжруулах вэ гээд л зүтгэж байна.
Улаанбаатар хотод бол гурван бүс болгон үнийг тогтоосон байгаа. Нэг эмнэлэгт хэвтэж байгаа хүн өөр эмнэлэг рүү явж шинжилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай болоход жишээлбэл бидэнд хандаж болно. Тэр болгонд цагаар шахах аргагүй, ямар эмчилгээ хийлгэж, хэдэн цаг хүлээх нь вэ, хүлээж байгаад л өвчтөнөө хүргэнэ. Тийм болохоор цагийн төлбөр авдаггүй юм. Хөдөө орон нутагт бас хэцүү л дээ, санхүүгийн боломжтой ч хүн байна, боломжгүй ч хүн байна. Тийм болохоор хатуу үнэ тулгах аргагүй. Ийм хэмжээний зардал гарна, ингэвэл ямар вэ гэдэг ч юм уу, уян хатан л ярилцаж байна. Үнэхээр амьдралын боломжгүй хүнийг бол үнэгүй хүргээд өгсөн чиг л болно. Өнөөдөр гэхэд бид Булган аймаг руу оношлогоо хийхээр явах гэж байна. Булган аймгийн Бугат сум, багийнхаа 60-аас дээш насны хөгшчүүлд үнэгүй оношлогоо хийж өгнө гээд амлачихсан. Эмч нар маань үзлэгээ хийж, шеф эмийн компаниудынхаа өгсөн зарим эмнээс үнэгүй тараана. Буяны, сайн дурын ажил юм даа. Шеф гэдэг юм уу Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Булганы Хишиг-Өндөр гээд очиж, үзлэг оношлогоо хийдэг газрууд бий. Нэг төрлийн буяны ажил юм даа.
-Хөдөө орон нутагт ч гэлтгүй танай эмнэлгийг уриад нийт ажилчиддаа шинжилгээ хийлгүүлээд эрүүл мэндэд нь санаа тавьж болох юм даа, тийм үү?
-Тийм. Бид жишээлбэл, Эрдэнэтийн ГОК-ийн рестароны ажилчдад нь бүтэн шинжилгээ үйлчилгээ хийж байсан. Ер нь бол би улсын эмнэлэгт ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаагийн хувьд нөхцөл байдлыг мэднэ лээ дээ. Шинжилгээ хийх гэтэл, зарим зүйлс байхгүй гэдэг ч юм уу. Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс өчнөөн хугацаагаар эмнэлэгт үзүүлж чадахгүй хүлээх нь ч бий. Тийм ч учраас долоо хоногт нэг удаа нэг цаг энэ эмнэлэгтээ үзлэг хийдэг. Үнэхээр “Танд л үзүүлмээр байна” гээд хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс олон хоног хүлээх хэцүү л дээ.
-Таныг мөрөөдлийн ажлаа эхлүүлээд явж байгаа юм байна гэж ойлголоо. Анх энэ санаагаа хэрхэн олов?
-Гадны орнуудад ийм эмнэлэг өндөр төвшинд хөгжсөн байдаг. Би 2007 онд Японд докторын зэрэг хамгаалсан. Тухайн үедээ хөгжингүй орнуудын туршлагаас харж, Монголд бас хэрэгжүүлэх юм сан гэдэг үүднээс англи, япон хэл дээр төсөл боловсруулж байсан юм. Тухайн үедээ Эрүүл мэндийн яаманд танилцуулаад, хэрэгжүүлэх хүсэл зорилготой байсан ч өртөг өндөртэй учраас яамнаас дэмжигдээгүй. Гэхдээ л зорилго, хүсэл мөрөөдлөө хаяхгүй явсаар, хувиараа хийж үзвэл яасан бэ гэж бодох болсон. Мөрөөдлөө биелүүлэхээр л явж байна, Дөнгөж эхлэж байна.
-Ийм шинэ сонин өвөрмөц үйлчилгээ нээсэн, залуу хүний хувьд таны тухай арай дэлгэрэнгүй танилцуулмаар байна. Болох уу?
-Би 2003 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн. Ингээд I эмнэлэгт ангиограф эмчээр ажиллаж байгаад 2007-2010 онд Японд сурч төгссөн. Одоо Хавдар судлалын үндэсний төвд ажилладаг. Миний үндсэн мэргэжил хавдар судлал. Тэр тусмаа элэгний өвчлөл Монголд өндөр. Монголд элэгний хавдрыг бууруулах хөдөлгөөнт оношлогоо гэсэн байдлаар төслөө бичсэн. Уг нь орон нутгийн дөрвөн бүсэд дөрвөн автобус байнга оношлогоо хийдэг, хавдрын эрт үед нь илрүүлдэг байх л гэсэн санаа л даа. Харамсалтай нь тэгээд бүтэмжтэй болоогүй. Гэхдээ өөрийнхөө хүсэл, мөрөөдөл зорилгыг биелүүлнэ гээд л мэргэжил нэгт эмч нөхдийн хамт ажиллаж байна.
-Монголд хөдөлгөөнт оношлогооны автобус оруулж ирсэн гэж нэлээн хэдэн жилийн өмнө яригдаж байсан санагдах юм?
-Тийм. Гэхдээ миний төслийн дагуу биш. Яамны зүгээс оруулж ирсэн. Харамсалтай нь, санхүүгийн асуудал гарсан ч гэл үү, одоо ашиглагддаггүй, эмнэлгийн хашаанд байдаг сурагтай.
-Харамсалтай юм. Эмч нар аливаа өвчинд ялангуяа хорт хавдрыг эрт оношлох нь чухал гэдэг. Гэтэл шинжилгээ хийлгэх боломж нь хэр байгаа билээ? Таны хэлсэнчлэн хөдөлгөөнт оношлогооны төсөл хэрэгжсэн бол магадгүй олон хүний амийг аврах байсан даа?
-Элэг өөрөө дүлий эрхтэн. Хамгийн хэцүү нь тэр бүр зовиур мэдэгдэхгүй байж байгаад бие нь жаахан ядарч, турж эцээд ирлээ гээд шинжүүлэхэд 3-р үедээ орчихсон байдаг. Тийм ч учраас эмч нар эрт үеийн оношлогоо чухал гэдэг. Өнөөдөр В, С вирустэй байгаа хүн хэзээ нэгэн цагт элэгний хавдар болно гэдгийг л ойлгочих хэрэгтэй. Байнга оношлогоо хийлгэх, эхо-д харуулах хэрэгтэй.
-Гэхдээ л өнөөдөр эмнэлгийн дараалал ямар билээ? Тэр болгон хүмүүс эхо-д харуулж чадахгүй л байна шүү дээ?
-Тийм учраас мобайл үйлчилгээ чухал байна даа. Дээр хэлсэн дөрвөн бүсэд нэг, нэг мобайл машинтай байсан бол жилд нэг удаа тойроод оношлогоо хийчихнэ, Дараа жил дахиад тойроод явцыг хянах боломжтой байна. Энд бас хүрч ажиллаж чадахгүй байгаа зүйл ч байгаа.
Хаана, төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байна, тэр орон зайг харж ажиллах нь чухал. Магадгүй эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бид үүнийг л илүү сайн харж чадна. Өөр салбарын хүмүүс харсан ч гэсэн сайн мэдэхгүй зүйл ч их гарна. Жишээлбэл, би амралтын өдөр, зуны амралтаараа зарим дуудлаганд өөрөө яваад, ийм зүйл бас хийх хэрэгтэй юм шүү гэж харах, санаа авах жишээтэй. Мэдэхгүй зүйлээ хайна, харна, үзнэ сонсоно. Өнгөрсөн хавар л гэхэд би Хятадын эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд очиж үзсэн.
Тэрээр ийн яриад янз бүрээр тоноглосон супер автобус-эмнэлгийн зурагнууд үзэж сонирхуулав. Мэргэжлийн хүний хувьд хорхой хүргэм эд бололтой. Нэг автобусны дор 2 сая юань гэсэн бичиг байх. “Төрөөс ийм хэмжээний хөрөнгө гаргаад үр дүнтэй ажиллуулж чаддаг сан бол” хэмээн санаагаа дахиад л хэллээ.
“Клемент мед” эмнэлгийнхээ хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
