solongonews
Уран хатгамалч Үүлэнхуар
2015-11-03 15:52
Манай сурвалжилгын багийнхан Отогийн өмнөд хошууны “Үйлчин” хатгамлын ХХК-ыг зорьж очиход нүүр дүүрэн инээмсэглэсэн эелдэг дотно яриатай, нүдэнд дулаахан царайлаг бүсгүй угтан авсан нь нийтлэлийн маань “баатар” Үүлэнхуар байлаа.

Үүлэнхуар 2011 онд “Үйлчин” хатгамлын ХХК-ийг үүсгэн байгуулсан, Өвөр Монголын Отогийн өмнөд хошуу нутагтай үйлчин бүсгүй билээ. Одоо нэг жилд 400 шахам Ордос хатгамлын бүтээгдэхүүнээ борлуулж, жилийн нийт орлого нь 400 мянган юаниас давах болсон гэнэ. Тэрбээр ханан дээрх Чингис хааны хөргийг зааж: - Энэ хатгамлыг би таван сарын хугацаанд бүтээсэн. 30 мянган юаний үнэтэй, миний эдгээр хатгамлын дотор хамгийн үнэтэй бүтээл шүү гэж хэллээ. Нарийн нямбай, гойд сайхан хийцтэй энэ хатгамал түүний хамгийн эрхэм нандин бүтээл гэдэг нь илэрхий байлаа.

Үүлэнхуар бүсгүй


“Үйлчин” хатгамлын ХХКомпани

Үүлэнхуар бол Өвөр Монголын Отогийн өмнөд хошууны Шанхайн сүм суурингийн Булаг сумын Толь гацааны малчин. 2010 онд тэдний гацаа экологи орчныг сэргээх төсөлд хамрагдсан тул мал маллахыг хязгаарлажээ. Ингээд Үүлэнхуар хошууны төвд нүүж ирэв. Гэнэт хот газар амьдрах болсон түүний өмнө чухамхүү юу хийж амьдралаа авч явах вэ гэдэг асуудал тулгарлаа. Балчир багаасаа үйл оёдолд авьяастай бүсгүй маань ээжээсээ ордос хатгамлын ур эрдмийг нэлээд эзэмшсэн тул өөрөө нэгэн хатгамлын дэлгүүр эрхлэхээр шийдсэн гэх. Гэрийнхэн нь ч түүний энэ санааг санал нэгтэй дэмжсэнд Үүлэнхуар урамшин “Ундармал булаг” нэртэй жижигхэн хатгамлын дэлгүүр нээн ажиллуулжээ.

Ээж маань миний анхны багш

- Тухайн үед хөрөнгө мөнгө байгаагүй, дэлгүүрээ өөрийн түрээслэн сууж байгаа орон сууцандаа ажиллуулж, амьдралын наад захын хэрэгцээгээ аргацаадаг байлаа. Охинтой болж бүл нэмсний дараа орлого маань зарлагадаа хүрэхгүй болоод ирсэн. Хатгамал сонирхдог, сонирхлынхоо дагуу заавал үүнийгээ үргэлжлүүлнэ гэж хатуу шийдээд, бусдаас 70 мянган юаний зээл авч, хатгамлын дэлгүүрээ ажиллуулж байлаа. Хөрөнгө мөнгө, мэргэжил, тоног төхөөрөмж, ажиллах хүч бүгд хүрэлцэхгүй тул хатгамлын дэлгүүрийн орлого ашиг ч сайнгүй байсан гэж Үүлэнхуар дурсан ярьлаа.

Энэ бүхэн Үүлэнхуарын төсөөлөн бодсоноос ихээхэн зөрөөтэй байсан ч 2010 оны эцсээр хошууныхаа Уламжлалт гар урлалын нийгэмлэгт гишүүнээр элслээ. Мөн хошууны Эмэгтэйчүүдийн холбооноос хотод шилжсэн малчин бүсгүйчүүдийн ажил үйлдвэрлэл эрхлэхийг дэмжих бодлогын ивээлээр Үүлэнхуар 2011 онд “Отогийн өмнөд хошууны “Үйлчин” хатгамлын ХХКомпани”-аа амжилттай байгуулан ажиллуулав.


Сүжөү хотод дөрвөн удаа суралцав

Компаниа байгуулсны дараа Үүлэнхуар ур чадвараа сайжруулж, амжилтаа улам дээшлүүлэхээр Сүжөү хотыг зорьлоо. 2000 гаруй жилийн түүхтэй, дэлхий дахинд алдаршсан Сүжөү хатгамал түүний зүрх сэтгэлийг татсаар байсан гэх. Сүжөү хатгамал бол Чин улсын үед хөгжлийн оргил үедээ хүрсэн Хятад хатгамлын төлөөлөх бүтээл.

Уран бүсгүйн бүтээлээс

Сүжөү хотын Ү шянь бол Сүжөү хатгамлын өлгий нутаг, 2000 гаруй жилийн өмнөх Чүньчю Байлдаант улсын үед хувцас өмсгөл дээр хэрэглэгдэж байсан түүхтэй. Сүжөү хатгамалд 43 зүйлийн хатгах урлал бий бөгөөд тэгш, жигд, гөлгөр зэрэг онцлогоороо бусад хатгамлаас ялгардаг. Одоо Сүжөү хатгамал арван хэдэн том төрөл, 2000 гаруй жижиг төрөлтэй болж хөгжөөд, дэлхийн 100 гаруй улс оронд борлуулагдаж байна. Сүжөү хатгамал голдуу өвс цэцэг, эрвээхий загас, хүн болон байгалийн үзэсгэлэн зэргээр сэдэвлэдэг. Хатгамалд хэрэглэдэг хамгийн нарийхан утас нь хүний үсний ширхэгээс ч нарийхан байдаг гэнэ.

- Сүжөү хатгамал улам хөгжсөөр өдгөө өндөр түвшинд хүрчээ. Бидэнд суралцаж эзэмших зүйл тун олон байна. Би Сүжөү хотод дөрвөн удаа очиж суралцсан. Манай Ордос хатгамалд ч маш гүн нарийн утга санаатай, хатгах ур дэмийн хувьд ч 20 гаруй зүйл бий. Хатгамал урлалд холбогдох ёс цээр нэн олон. Жишээлбэл, хатгамалд хөрс, ус, өвс цэцэг, эрвээхий, загас дүрслэгдэж байж сая амин сүнстэй болдог. Цэцгийн дэлбээг дутуу хатгавал бэлгэдэл муутай. Бугын хатгамал, луу гарьдийн хатгамал нь өөрийн гэсэн утга санаатай... зэрэг маш олон гүн нарийн ёс учиртай байдгийг ойлгосон. Үнэхээр зүү бүхэнд нь зөгнөл билэгдлийн утга санаа агуулагддаг ажээ. Гараар урлах болон машинаар хатгамаллах нь ч хүртэл ялгаатай. Хатгамал урлалыг машин техник орлуулж чадахгүй. Машинаар хатгасан хатгамал бол үхмэл. Харин гар хатгамал бол оюун сүнстэй, түүгээр ч барахгүй хүний бие сэтгэлийг анагаах чадалтай гэж Үүлэнхуар ярьлаа.

Үйлчин бүсгүй маань монгол хатгамал болон Сүжөү хатгамлын хатгах ур хийц, утасны өнгөний зохицол зэрэг нарийн ур ухаан уялдуулан хатгаснаар түүний хатгамал бусдынхаас өвөрмөц, хосгүй сайхан болдог. Харсан бүхэнд таалагдаж, борлуулалт нь ч нэмэгдсээр. . . Үүлэнхуар өнөөг хүртэл хэдэн мянган хатгамал урлан бүтээгээд байна. Түүний хатгасан Богд эзэн Чингис хааны хөргийг Бээжин хотын нэгэн хэрэглэгч 30 мянган юаний үнээр худалдан авчээ. Өлгөмөл зураг болон хүний хөрөг хатгаж урлахаас гадна бас хэтэвч, жолооны үнэмлэхний дугтуй, эмэгтэй хүний гар цүнх, хүүхдийн гутал, тамхины хавтага, дэрний уут, зангиа зэрэг хэрэглээний эд зүйлсийн хатгамлууд урлан борлуулдаг.

- Ордос хатгамал бол манай монгол уламжлалт соёлын сангийн нэгэн үнэт сувд, үүнийгээ улам хөгжүүлье гэсэн бодол 2011 оны 9 дүгээр сард Чинхуа Их Сургуульд мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцаж байхад төрсөн юм. Манай дамжаанд бүх Дундад улсын олон газрын уран хатгамалчид хамрагдсан тул сурах зүйл маш их байлаа. Үүнээс өмнө зөвхөн бүдэг бадагхан ойлголттой байсан бөгөөд гагцхүү сонирхлоороо ажиллаж, орлогоо сайжруулж байна л гэж боддог байлаа хэмээн Үүлэнхуар өгүүлж байлаа. Чинхуа Их Сургуулийн дамжаанд суралцаж байхдаа өөр муж, орны хүмүүс бас монгол хатгамал сонирхдог болохыг мэдээд үндэстнийхээ уламжлалт соёлоо улам олон хүнд ойлгуулж мэдүүлэхээр зориг шийдлээ. Иймээс тэрхүү дөрвөн сарын хугацаанд хичээж, онц сайн амжилттайгаар сургуулиа дүүргэв. Түүнээс хойш Үүлэнхуар монгол уламжлалт соёлоо хэрхэн хөгжүүлж улам олон хүнд ойлгуулах, цаашид дэлхий дахинд таниулах тухайд илүү санаашран бодох болжээ. Ингээд бүтээлээ улам чанаржуулан дээшлүүлэхийн хэрээр шинэ содон хатгах ур ухаанд ч суралцав.


Ордос хатгамлыг хөгжүүлэхүй

Үүлэнхуарын компани Олзоч суурингийн соёлын аж үйлдвэрийн паркад байрладаг. Энэхүү парк Отогийн өмнөд хошууны Эмэгтэйчүүдийн холбооноос хотод шилжсэн малчин бүсгүйчүүдийг хамруулан гар урлалаар дагнасан соёлын аж үйлдвэрийн парк юм. Эмэгтэй хүн аж ахуй эрхлэхэд тулгарах бэрхшээлийг Үүлэнхуар сайн мэддэг.

Уран бүсгүйн бүтээлээс

Соёлын аж үйлдвэрийн паркад байгаа бусад малчин бүсгүйчүүдэд Үүлэнхуар чадах чинээгээр тусалдаг бөгөөд өөрийн компанидаа ч хот руу шилжсэн малчин бүсгүйчүүдийг ажиллуулдаг байв. Мөн үүнээс гадна Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагатай хамтран олон удаагийн дамжаа хичээллүүлж, 200 гаруй малчин бүсгүйд ордос хатгамлын сургалт явуулан мэргэжлээ уламжилсан байна. Одоо түүний компанид ажиллаж байсан малчин бүсгүйчүүдийн зарим нь бие даан хатгамлын дэлгүүр эрхэлж, ажил мэргэжилдээ түшиглэн амьдралаа цэцэглүүлж явна. Тэгвэл тэд таниас хатгамлыг уламжлан сураад бизнесийн орон зайг тань булаахгүй юу гэсэн асуултад тэрээр:

- Эмэгтэй хүн өөрийн гэсэн ажил үйлстэй бол сайн юм аа. Ордос хатгамал хатгаж чаддаг хүний тоо олшрох тутам манай ордосчуудын уламжлалт хатгамлын урлаг хөгжихөд ашигтай гэж хариулсан юм. Саяхан болсон Х удаагийн Бүх Дундад улсын Үндэстний цөөнхийн спортын чуулганд Үүлэнхуар чуулганы өлзийт бэлгэдэл болох ажнай хүлгийн дүрс бүхий сүлд тэмдгийг хатгаж бэлэг болгожээ. Үүлэнхуар үүгээрээ дамжуулан уламжлалт монгол хатгамлаа улам олон хүнд таниулж байхад, түүний дэмжиж тусалж байсан хүмүүс нь нам засагтаа баяр талархлын үгсээ илэрхийлж байсан нь бахархал төрүүлж байлаа. Өнгөрсөн жил Үүлэнхуар Ордос хатгамлаараа хошууны зэрэглэлийн Бодисын бус соёлын өвийн уламжлагчаар нэр дэвшлээ. Ийнхүү тэрээр ордос хатгамлаа улам сайн уламжлан хөгжүүлэхэд сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулсаар явна.

Зохиогч: Ариухан, Улаан
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл