
Юньнань мужийн ганц Монгол үндэстэн оршин амьдардаг Шинмэн Монгол үндэстний шян нь "Дуу бүжгийн өлгий", "Амтат гуагийн өлгий", "Барилга байгууламжийн өлгий" гэдгээрээ алдартай. Олон үндэстэн, ястан суурьшсан баруун өмнө бүсэд 760 гаруй жилийн өмнө умардын тал нутгаас нүүдэллэн ирсэн эдгээр монголчууд өөрийн өвөрмөц онцлогоо хадгалан оршиж амьдарсаар ирсэн түүхтэй. Өнгөрсөн 760 жилийн түүхэн хугацаанд Шинмэн шянгийн Монголчууд малчин байснаасаа загасчин болж, дараа нь тариаланч болсон түүхэн өөрчлөлтийг туулан үүлэн цэнхэр нутаг Юньнаньд нутаглажээ.
Шинмэн шянгийн монголчууд 1253 онд Хубилай хаан Юньнань мужийг дайлан дагуулахад Хэши сууринд үлдэн хоцорч, Чилү уулыг сахин хамгаалж байсан цэргүүдийн удам угсаа юм. 760 гаруй жилийн түүхэн хөгжлийн явцад Шинмэн монголчууд үндэстнүүдийн ард түмэнтэй нэгдэн, харилцаа холбоо тогтоох явцад хэл яриа, хувцас засал, дуу бүжиг, хоол унд, баяр наадам, ёс заншил, шашин шүтлэг зэрэг үндэстний өвөрмөц онцлогийг бүрдүүлжээ.

Жилийн хамгийн хүйтэн улиралд ч гэсэн Шинмэн шян нь ногоон уул, номин устай үзэсгэлэнт төрхөө хадгалсаар байдаг. Газар нутаг, цаг уур, үйлдвэрлэлийн арга барил зэргээс шалтгаалан Шинмэн шянгийн монголчууд уламжлалт хувцсаа орон нутгийн үйлдвэрлэл, амьдралын хэв маягт илүү тохиромжтой богино хүрэм болгон өөрчилсөн. Гэсэн хэдий ч тэдний хувцас засалд өндөр зах, тах ханцуй, мөнгөн гоёл чимэглэлийн хээ зэрэг монгол хувцасны элементүүд хадгалагдан үлджээ.
Шинмэн шянгийн эмэгтэйчүүд нь ихэвчлэн уламжлалт монгол хувцсаа өмсдөг. Монгол эмэгтэйчүүдийн хувцас нь гурван хэсгээс бүрддэг бөгөөд өөр өөр өнгөтэй, урт богино нь бас адилгүй байдаг. Тэд гурваар давхарласан хувцас заслаа "гурав давхарласан ус" гэж сонирхолтой байдлаар нэрийдсэн байдаг. Хувцас бүрийн хээ, товчийг гараар хатган урласан, өөр өөр нас, жилтэй хүмүүсийн хувцасны өнгө, загвар нь хоорондоо ялгаатай байдаг. Залуучууд өнгө өнгийн хувцас өмсдөг бол ахмад настнууд илүү төв намбалаг өнгөтэй хувцас өмсдөг байна.

Шинмэн шянгийн уламжлалт тэмдэглэлт баяруудад Наадам, Өвөг дээдсээ дурсах баяр /Дээдсийн тахилгын баяр/, Лү Бан баяр зэрэг байдаг. 1981 онд Шинмэн шян уламжлалт баяр наадмаа сэргээсэн юм. Жил бүрийн арван хоёрдугаар сарын 13-наас 15-ны хооронд гурван өдөр үргэлжилдэг баяр наадам нь тус нутгийн монголчуудын хувьд ургацын баяр бөгөөд Хятадын цагаан сараас ч илүү баяр найртай наадам болдог. Энэхүү наадмын агуулгыг орон нутгийн зан заншлын дагуу луут дэнлүүний үзүүлбэр, сам хорхойн дэнлүүний үзүүлбэр, алтан гарьдын үзүүлбэр, хуурай завины үзүүлбэр зэрэг соёл урлаг, спортын үзүүлбэр болгон өөрчилсөн.
Лү Бан баяр нь Юньнань мужийн Тунхай шяний Шичэн дүүрэгт оршин амьдардаг монголчуудын уламжлалт баяр юм. Жил бүрийн билгийн тооллын дөрвөн сарын шинийн хоёрны өдөр болдог. Энэ өдөр нутгаасаа хол явсан хүмүүс зам хичнээн хол байсан ч баяраа тэмдэглэхээр заавал нутагтаа харьж ирдэг. Хүмүүс Лү Баны зандан хөшөөг дамнан, бөмбөр цохиж, айл тосгоноороо жагсаж, дараа нь бүгдээрээ тосгоныхоо талбай дээр цуглан, дуулан бүжиглэдэг.
Дээдсийн тахилгын баяр нь жил бүрийн билгийн тооллын зургаадугаар сарын хоринд болдог бөгөөд тус баяраар бүх хүмүүс “Гурван богдын /Чингис хаан, Мөнх хаан, Хубилай хаан/ ордон”-д цугларан, тахилгын ёслол үйлддэг. Ёслолыг ахмад тохь тулхтай хүмүүс удирдан явуулж, Тунхайд суурьшсан монгол түмний түүхийг дурсан, үүгээр дамжуулан өвөг дээдсээ дурсах зан үйл үеэс үед уламжилсаар ирсэн байдаг.

Юньнаний монголчуудыг бас Кажүө хүн гэдэг. Энэ нь Хятадын Юньнань мужийн Юйши хотын Тунхай шяний монголчууд болон Юньнань мужийн бусад нутагт тархсан монголчуудын ерөнхий нэрийдэл юм. Зарим эрдэмтэн судлаачид Кажүө гэдэг үг нь хажуу тал гэсэн утгатай монгол үг гэж тайлбарласан байдаг. Энэ нь Чилү нуурын хажуугийн баруун эрэгт амьдардаг монголчууд гэсэн утгатай аж. Хэдэн зуун жилийн түүхэн хугацаанд энэхүү монголчуудын соёлын зан заншил нь нутгийн үндэстний ёс заншилтай уусан нэгдэж, Кажүө хэмээх өвөрмөц соёлыг буй болгосон түүхтэй. Кажүө хэл бол тухайн нутгийн монгол хэл бөгөөд Бай үндэстний хэл, И үндэстний хэл, хятад хэлийг нэгтгэсэн хэл юм. Нутгийн иргэд хоорондоо өнөөг хүртэл Кажүө хэлээр ярьлцдаг байна.
Шинмэн суурингийн соёлын гол дурсгалт газруудад Гурван Богдын ордон, Гурван сургалт сүм, Арьяабалын сүм, эртний орон сууцны байшингууд, эртний нуман хаалганууд зэрэг багтдаг. Чин гүрний Бүрэн засагт хааны 13-р онд /1874 он/ анх баригдсан “Гурван богдын ордон”-д Чингис хаан, Хубилай хаан, Мөнх хааны хөшөө болон Юань, Мин, Чин гүрний үеийн 10 чулуун хөшөөг байрлуулсан байдаг. Гурван сургалт сүм нь Бурхны сургаал, Күнзийн сургаал, Бумбын сургаалыг нэгтгэсэн сүм. Энэ нь Юань гүрний эхэн үед баригдахдаа Күнзийн сүм байсан юм. Эртний чулуун хөшөөнд Маршалын өргөөний бичгийн хүрээлэн сүмийн хөшөөний бичиг, Алагтөмөрийн жанжны бунхны бичиг, Жао овогтны үүдний манаачийн хөшөөний бичиг зэрэг байдаг.

Шинмэн шян нь жимс, хүнсний ногооны үйлдвэрлэл, барилга байгууламжийн салбарыг эдийн засгийн хөгжлийн тулгуур болгож ирсэн. 760 гаруй жилийн турш Шинмэн монголчуудын амьдрал ахуйд монгол уламжлалт амьдрах ухаан хадгалагдан уламжлагдсаар иржээ. Эдийн засгийн хувьд гол төлөв загас агнуур, газар тариалан, барилга байгууламжид тулгуурладаг. Цаг уур нь өвөлдөө дулаахан, зундаа сэрүүхэн тул навчин тамхи, усан тутарга, хүнсний ногоо, цэцэг, амтат гуа зэрэг үр тариа тарихад тохиромжтой байдаг. Өдгөө Шинмэн шянгийн ихэнх залуучууд, идэр насныхан барилга угсралтын ур чадвараар амьжиргаагаа залгуулж байгаа бол нутагтаа үлдэн хоцорсон хүмүүс нь усан үзэм, амтат гуа зэрэг жимс, хүнсний ногоо тариалснаар тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлсээр байна.
Сүүлийн жилүүдэд Төр засгаас үндэстний соёлыг өвлүүлэх, хамгаалахад анхааран ажиллаж байна. Шинмэн шян нь Монголчуудын өвөрмөц соёлыг өвлөн, хамгаалахын зэрэгцээ нөхцөл боломжоо ашиглан, Хятадын өмнөд нутгийн өндөрлөг дэх монголчуудын өвөрмөц онцлогтой сууринг бүтээн байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэн, соёлын аялал жуулчлалын салбарын сүлжээг бүрдүүлжээ.

1988 онд Юньнань мужийн Ардын засгийн газрын зөвшөөрлөөр Шинмэн шян нь дүүргээ нэгтгэн шян байгуулжээ. Өнөөгийн байдлаар нийт хүн ам нь 5900 гаруй болж, үүний 5600 нь Монгол хүн байгаа нь нийт хүн амын 95 хувийг эзэлсэн байдаг. Юньнань мужид хотын зэрэглэлийн 16 шянь болон суурингуудад 22 мянга орчим монголчууд оршин амьдардаг. Орон нутгийн эрдэмтэн, судлаачдын үзэж байгаагаар түүхэн шалтгааны улмаас өөр үндэстэн ястны харьяалалд шилжсэн монголчууд зуун мянга орчим байдаг байна.
Шинмэн шянгийн монголчууд шинэ хөгжил, өөрчлөлтийг туулан, эх орны үндэстнүүдийн ард түмний хамт эв найрамдалтай нийгмийг цогцлоон, уламжлалт сайхан соёлоо хамгаалж, өв залгамжлал, хөгжил дэвшлийг чухалчилсан үндэстний эв нэгдэл, эв найрамдлын үлгэр жишээ болсоор байгаа юм.
