solongonews
Монгол хүүхэлдэйн жүжиг “Халиун хээр” хэзээ үзэгчидтэй золгох бол⁈
2019-09-06 21:04
Ийм нэгэн гайхалтай хос Хулан шарга даагын элсний гүнд аж төрж байна. Тэд мал аж ахуйн тал дээр ямар нэгэн амжилт гаргаж хүмүүст гайхагдахдаа гол нь биш. Харин хүний санаанд оромгүй, хэр баргийн хүн оролдоогүй, уйгагүй зүтгэх зориг тэвчээрийг шалгасан зүйлийг хийж бүтээж, зорьсон үйлсийнхээ үзүүрт хүрэхээр мэрийж явна.

    Сурвалжлагч зургаадугаар сарын дунджаар тэдний нутгаар сурвалжилж явахдаа азаар энэ хостой уулзлаа. Тэд бол Шулуун хөх хошууны Нэрт сумын Дуутнуур гацааны малчин залуу Байгаль, найз бүсгүй Саруул нар юм.

Байгаль, Саруул хоёр танилцаж үерхээд нэгэнт 8 жил илүү болсон ч айл гэр болж амжаагүй л явна. Тэд 2011 оноос 3D мэргэжлээр хүүхэлдэйн жүжиг, кино зохион бүтээх ухааныг сурч судлах урт аянд санаа бодол, хүсэл зорилго нийлэн чармайсаар ирсэн. Энэ үйлсээ тууштай сайн хийхийн тулд хөдөө нутгаа сонгож, мал маллан амьдарч байна гэвэл хүмүүс бараг иттэж ядах биз. Сурвалжилагч маань тэдний эдүгээ ид найруулан бүтээж байгаа “Халиун хээр” нэртэй богино хэмжээний хүүхэлдэйн киноноос шижим авч, хүүхэлдэйн жүжгийн талаарх ойлголт, хүүхэлдэйн жүжгийг найруулан бүтээхийн чухал чанарыг ухаарч мэдсэн тухай нь хуваалцсан юм.

Байгаль 2010 онд Өвөр Монголын Арилжаа худалдааны сургуулийн бэлтгэл ангид шалгалт өгч орсон боловч суралцах мэргэжил нь түүний санаанд хүрээгүй учир жил гаруй суралцаад сургуулиас гарсан байна. Дараа нь Хөххотын нэгэн хүүхэлдэйн жүжиг зохион бүтээх компанид жүжгийн зохиол бичихээр ажилласан боловч жил гаруй болмогц компаний ажил урагшгүйгээс болж компани нь ажиллахаа болив. Харин хүүхэлдэйн жүжигт нэгэнт зүрх сэтгэлээ эзэмдүүлчихсэн Байгаль үүнийгээ хаяж төвдсөнгүй үргэлжлэн хийхээр зориг шулуудаж, хүүхэлдэйтэй холбогдох мэдлэг мэргэжлийг интернэтээр эрэлхийлж сурсан байна. Түүний найз бүсгүй Саруул Хөлөнбуйр нутагтай. 2009 онд Өвөр Монголын Их Сургуулийн докторантад шалгалт өгч, Бөөгийн шашны соёлын чиглэлээр сурч судалж байгаад 2011 онд Байгальтай уулзаж танилцсанаасаа хойш хайр сэтгэлээрээ холбогдож, хувь заяаг минь “Хүүхэлдэй” холбож өгсөн гэдэг. Учир нь Саруул багаасаа хүүхэлдэйн жүжиг үзэх маш сонирхолтой боловч өөрөө зураг ч зурж чадахгүй болохоор хүүхэлдэйн хэлбэрээр хүсэл бодлоо илтгэж чадах хувь тавилангүй гэж бодож байв. Гэвч Байгальтай танилцсаны ачаар зураг зурж чадахгүй хүн ч гэсэн 3D мэргэжлээр хүүхэлдэйн жүжиг зохион бүтээж болдог гэдгийг ойлгож, хоёулаа хүүхэлдэйн жүжгийн сонирхол, хүсэл мөрөөдлөөрөө улам дотноссон аж. Саруул өөрийн сонирхолтой ажил үйлсдээ хүчин зүтгэл гаргадаг хүн болохоор монгол хүүхэлдэйн салбарт нэг насаараа мэрийн чармайна гэж  зорьдог. Докторант сурах эрхэм нандин эрдэм шинжилгээний аянаас хоёулаа “Хэдэн сайхан монгол хүүхэлдэй жүжиг зохион бүтээх юмсан”, “Чадвал бас хэдэн сайхан монгол хүүхэлдэйн кинотой болох юмсан” гэсэн их хүслийн жигүүр нь эрчимтэй дэвж эхэлжээ.

- Миний хувьд хүүхэлдэй жүжгийг хүүхэд л үздэг гэж боддог байснаас хүүхэлдэй жүжигт ямар ч сонирхолгүй, мэдлэггүй байсан нь үнэн гэж ярих Байгаль Саруултай энэ талаар ярилцаж суухдаа олон зүйлийг ойлгож ухаарсан гэдгээ ч хэлсэн юм.

Хүүхэлдэйн жүжиг анх Америк улсаас үүсэлтэй бөгөөд зуу гаруй жилийн түүхтэй. Хятад улсад өнгөрсөн зууны 70, 80-аад онд нэг нэг бүлэг хүүхэлдэйн жүжгийн их багш нар гарч ирж байх үед зах зээлийн нийгэмд шилжсэний дараа хүүхэлдэйн жүжиг нэгэн үе орхигдсон. Харин ойрын жилүүдээс дахин хөгжлийн өргөн зам нь тэлж эхэлсэн байна. Гэвч Өвөр Монголчуудын хувьд монгол хүүхэлдэйн жүжиг үндсэндээ хөгжлийн эхний гараагаа ч сайн аваагүй шахуу байна. Тэгэхээр бидний монгол хүүхдүүд телевизийн цэгээн хөшигнөөс монгол хэл ярианы хүмүүжил, монгол сэтгэхүйд нь туслах сонирхолтой монгол хүүхэлдэйн жүжиг олж үздэггүй болохоор хүүхдүүд маань аргаүй бусад хүүхэлдэйн жүжгийг үздэг байх аа. Чухам иймээс манай хүүхдүүдийн монгол хэл ярианы хүмүүжил, монгол сэтгэхүй нь бусад орны хэл сэтгэцэд нөлөөлөгдөх нь зайлшгүй.

- Монгол хүүхдээ монгол сэтгэхүйтэй, монгол үг хэлэндээ сайн болгон хүмүүжүүлэхэд тэдний нас насны сонирхлын онцлогт тохирсон хүүхэлдэйн жүжиг бүтээж өгөх шаардлагатай. Учир нь хүүхэд олон олон тоглоом наадамд оролцож, өөртөө тохирсон эрүүл үзэл санаатай хүүхэлдэйн жүжиг үзэхээр дамжин хүн болохын олон ёс учрыг ойлгож авдаг. Тиймээс манай монголчууд монгол хүүхэлдэйг хүндэтгэн хөгжүүлэх ёстой гэж Байгаль, Саруул хоёр ярьсан юм.

Ер нь хүүхэлдэйн жүжгийг зохион бүтээх хэрэгцээ шаардлага бол том хүнд зориулан кино хийхтэй их төлөв адилхан болохоор нэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн жүжиг найруулж гаргахад маш их хэмжээний хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг. Ерөнхийдөө хамгийн тэргүүнд жүжгийн зохиолоо бичээд эргээд үзэгдлээ нэг нэгээр нь зурж гаргана. Бас дүрийнхээ хувцас загварыг зурж гаргана. Дээр нь 3D программ дээр үүнийхээ моделийг хийнэ. Моделийнхоо материалыг хийнэ. Араг ясыг нь хэлхэнэ… эдгээр ажил дууссаны дараа жүжиглэх ажилдаа шилжиж, камер болон гэрлээ тааруулах, дараа нь компюьтерээр хэвлэж гаргаад нийлүүлнэ. Ингээд эцэст нь дууны найруулга, хөгжим тохируулж байж сая нэг кино бүрэн бүтэн болдог байна. Нэг хүүхэлдэйн кино бүтээхэд нэгэн бүрэн хэмжээний жүжгийн баг ажиллах шаардлагатай байдаг ч Байгаль, Саруул нарын хувьд одоо энэ тал дээр мөнгө төгрөгийн нөхцөл боломж хараахан бүрдээгүй учир зөвхөн өөрсдийнхөө хүчинд түшиглэж байна. Богино хэмжээний хүүхэлдэйн жүжиг зохион бүтээж гаргахад ч маш их хүч хөдөлмөр зарцуулдаг. Одоогоор тэд “Халиун хээр” нэртэй богино хэмжээний жүжгээ нэгэнт найруулаад байна. Хэрвээ эдийн засгийн тал дээр дэмжлэг олвол үүнийгээ олон ангит кино болгон найруулах төлөвлөөтэй гэнэ. Тэрчлэн тэдний хүүхэлдэйн кино найруулах мэргэжил нь эдүгээ кино ордонд үзүүлэх, интернэтээр цацах, телевизээр нэвтрүүлэх хүүхэлдэйн кино найруулгын төвшинд хэдийнээ хүрсэн. Хүүхэлдэй найруулж эмхэтгэх мэргэжлийн тал дээр дэлхийн хэмжээнд ямар шинэ мэргэжил гарч ирвэл түүнийг даруйхан сурч эзэмшдэг байна.

 

Хүүхэлдэйн жүжиг зохион бүтээх, найруулан дэглэх мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн бол одоогийн нийгэмд ихэд чухалчлагдаж байгаа ховор чадвартны нэг юм. Байгаль, Саруул нарын хувьд энэ мэргэжлээр аль нэгэн байгууллагад уригдаж, хотод төвхнүүн амьдрахад асуудалгүй юм. Харин тэд хөдөөх гэртээ буцаж ирсэн нь сонссон бүхнийг гайхаш алдуулсан гэх. Тэдний ажил үйлсийн хувьд нэгэн дэлхий нийтэд мэдрэгдсэн үндэстний сэдэвт кино хийхэд эрхбиш тухайн үндэстнийхээ соёл амьдралын орчинд хүрч ойлговол сая үзэгчдийн сэтгэлд хүрэх чансаатай бүтээл гаргаж чаддаг байна. Жишээлбэл, мал аж ахуйн орны сэдэвт хүүхэлдэйн жүжиг хийлээ гэж бодоход мал сүргийн хөдөлгөөний байдал, өвс ургамал, уур амьсгалын байдал, цаашлаад зан заншил зэргийг нь зайлшгүй сайн мэдэх хэрэгтэй. Иймээс Байгаль, Саруул хоёрын хувьд энэ бол хамгийн давуу тал юм. Учир нь тэдэнд ийм амьдралыг туулсан, ингэж амьдарч буй орчин нөхцөл бий. Тиймээс л хөдөө нутагтаа харьж ирсэн юм! Одоо хөдөө газарт гэрэл цахилгаан, интернэт сүлжээ бүгд нэвтэрч, зам харилцаа ч хялбар шулуун болсон болохоор хотоос дутахгүй хөгжлийн цаг үедээ орсон. Иймээс хөдөө нутагт суусан ч гэсэн дэлхийн цаг үеийн байдлыг цаг ямагт ойлгож, бөмбөрцгийн өнцөг буланд байгаа хүмүүстэй интернэтээр холбогдож чадах учраас хөдөө нутагтаа суугаад хүүхэлдэйн ажлаа хийсэн ч их үйлсийнх нь зорилго зүтгэл ямар нэгэн шалтгаан нөхцөлд нөлөөлөгдөх учиргүй аж.

Байгалийн аав ээж нь жаран насны даваа давсан буурлууд учир мал маллах хүч тэнхээ нь нэгэнт буурчээ. Иймээс голомт залгах хүү нь болсон Байгаль хоёр настныхаа дэргэд буцаж ирэх нь ачлалтай хүүгийн зайлшгүй сонголт байсан аж. Байгаль хоёр жилийн өмнө найз бүсгүйгээ дагуулан нутагтаа буцсан. Шинэ цаг үеийн залгамж малчны хувьд нутаг бэлчээртээ найдаж, хэдэн малынхаа орлогод түших мал аж ахуйн амьдралын хэв загварыг өөрчилж, монгол соёлын таваарчлалтаас ашиг орлого үүднэ гэсэн бодолтой байв.Түүний үзэж буйгаар соёлын оршин тогтнол нь зөвхөн түүнд зориулсан нэг ном хэвлүүлэх буюу ямар нэгэн найр наадам хийхдээ гол биш, харин энэ соёлоо ямар нэгэн аргаар хэрэглээнд оруулж, аж ахуйн ашиг орлого үүдэж чадах эсэхээр нь устах, устахгүйг нь тогтоодог гэж үздэг байв. Тиймээс хөдөө нутагт амьдрах сонголтыг хийсэн Байгаль, Саруул хоёр нутаг бэлчээрийн амь ахуйгаа хамгаалах + үзмэрийн мал аж ахуй эрхлэх + байгальлаг амралтын зуслан байгуулах + соёлын таваарчлалтаас орлого үүдэх аж амьдралын хэв загвараар ирээдүй зүгээ тэмүүлэх төлөвлөгөөтэй буйгаа ийнхүү бидэнтэй хуваалцсан юм.

Зохиогч: Сараана
Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : Шилийголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл