Хэлний түгээмэл хэрэглээ нь улс орны бодит хүч, бүс нутгийн боломж, соёлын татах хүчийг даган бий болдог. ӨМӨЗО Хятад, Орос, Монголын солилцооны гүүрийн үүрэг гүйцэтгэж буй юм. Сүүлийн жидүүдэд, Монгол Улсын Z үеийнхэн Хөххотыг зорин ирж суралцаж, хятад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэн эзэмшиж, ажлын байрны сонголтыг нэмэгдүүлэх боломжтой болж байна.
Өвлийн эхний өдрүүдэд сэтгүүлч Хөхход дахь их, дээд сургуулиудаар очиж, Монгол Улсын оюутнуудтай хятад хэл сурах давлагаа үүсэж буй тухайд ямархан үзэл бодолтой байгааг нь сонирхож ярилцлага авлаа.
Монгол Улсын хувьд Хятад хэл чухал байр суурь эзэлдэг. Монгол, Хятад хоёр улс газар зүйн хувьд хил залгаа оршдог бөгөөд эдийн засаг, худалдаа, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарт харилцан нягт уялдаатай хамтран ажилладаг.
Эдийн засаг, худалдааны харилцаа өргөжиж, хятад хэл “Цаг үеийн зайлшгүй эзэмших мэдлэг” болж байна
Хэлний хэрэгцээ нь тухайн улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, олон улсын нөлөөтэй салшгүй холбоотой бөгөөд хятад хэл түгээмэл хэрэглэгдэж буй нь түүний хангаж буй шинэ боломжуудтай шууд холбоотой юм.
Хятад улс дэлхийн худалдааны гол түншүүдийн нэг бөгөөд “Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтын гол хөдөлгөгч хүч. Хятад, Монголын хил дамнасан худалдаа, ложистик, соёл, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж байна. Ийм нөхцөлд Монголын Z үеийнхний хятад хэл эзэмших нь хил дамнасан үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжилтнүүдийн хувьд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гол давуу тал болж байгаа юм. Тухайлбал, худалдаа, уул уурхай, тээвэр логистик, аялал жуулчлал, бизнесийн салбарт ажиллах хүсэлтэй залуусын хувьд хятад хэл мэддэг байх нь ажлын байрны сонголтыг нэмэгдүүлэх боломжтой.
Өвөр Монголын Багшийн Их сургуульд сурч байгаа докторант Ц. Наранжаргал:
- Миний хувьд хятад хэл нь зөвхөн хөрш улсын хэл төдий бус, ирээдүйд илүү өргөн боломж нээх цонх, чадвар, соёлын шинэ орчинтой танилцах хэрэгсэл, олон улсын харилцаанд оролцох нэгэн чухал давуу тал юм.
- Хятад хэлийг зөвхөн сонирхлын түвшинд сурахаас гадна мэдлэг, чадвараа олон улсын хэмжээнд баталгаажуулахыг эрмэлзэж байна. Ажил амьдралд хятад хэл их хэрэгцээтэй байгаа. Ирээүйд боломжтой бол Хятадад ажиллаж амьдрах сонирхолтой байна.
2004-2024 онуудад HSK-ын дэлхийн төлбөртэй шалгалтын хэмжээ 21 дахин нэмэгдэж, 2025 онд HSK шалгалт өгөгчдийн нийт тоо 800,000-аас давсан.
2025 оны эцэс гэхэд олон улсын хятад хэлний боловсрол дэлхийн 212 улс орон, бүс нутгийг хамарсан . 2026 оны 3-р сарын сүүл гэхэд дэлхийн 90 улс орон үндэсний боловсролын системдээ хятад хэлийг нэвтрүүлсэн бөгөөд хятад хэл сурч, хэрэглэж буй хүмүүсийн тоо бараг 210 саяд ойртож, хятад хэл нь дэлхий даяар хамгийн хурдацтай хөгжиж буй хоёр дахь дэлхийн хэл болжээ.
Соёлын хүрээ тэлж, хятад хэл Z үеийнхний “шинэ сонголт” болж байна
“Зайлшгүй хэрэгцээний улмаас хятад хэл сурахаас” “өөрийн хүсэл сонирхлоор суралцах” хүртэлх шилжилт нь хятад хэлний "халуурал" улам бүр нэмэгдэж буйн гол шалтгаан юм. Хятадын уламжлалт соёл, кино урлаг, телевизийн нэвтрүүлэг, шинэ медиа соёл зэрэг нь хятад хэлийг зөвхөн харилцааны хэрэгсэл гэсэн ойлголтоос хальж, Монголын Z үеийнхний сонирхон дагадаг соёлын чиг хандлагын нэгэн чухал илэрхийлэл болж байна.
Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн докторант Э.Булга:
- Миний хувьд хятад хэл сурах хамгийн сонирхолтой зүйл нь зөвхөн шинэ хэл эзэмших биш, харин тэр хэлний цаана байгаа олон мянган жилийн түүх, соёл, уламжлалтай танилцах боломж байсан юм.
-Хамгийн чухал нь хятад хэлний мэдлэг миний ирээдүйн хөгжил, ажил мэргэжилтэй шууд холбогдох үнэ цэнтэй чадвар болсон. Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буй өнөө үед хоёр хэл, хоёр орны соёлыг ойлгодог байх нь маш том давуу тал гэж боддог.
2024 оны 8-р сард Монголын анхны хятад хэл сурах, шалгалтын төв (Монголын HSK шалгалтын хүрээлэнгийн хятад хэл сурах, шалгалтын төв) Улаанбаатар хотод нээгдэв. Одоогийн байдлаар Монголд 18 улсын сургууль, 40 гаруй хувийн сургууль хятад хэлний сургалт явуулж байгаа бөгөөд 5000 гаруй сурагч элсүүлсэн байна.
Монгол Улсад 2025 оны 10 дугаар сард болсон Хятад улсад суралцах боловсролын үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан мэдээллээр Монгол Улсад HSK шалгалтыг анх 2002 онд зохион байгуулснаас хойш давхардсан тоогоор нийт 70,000 гаруй шалгалтын тохиолдол бүртгэгджээ. Үүнээс онцлох нь 2025 оны эхний 10 сарын хугацаанд 15,000 хүн шалгалтад хамрагдсан бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд шалгалтанд хамрагдагчдын жилийн дундаж өсөлт 50 хувиас давсан. Монгол Улс HSK шалгалтанд хамрагдагчдын тоогоор дэлхийн эхний 10 орны тоонд багтжээ.
Улс орны бодит хүч хятад хэлийг олон улсын жишгээр хөгжүүлж байна
Хятад хэлний олон улсын байр суурь нь Хятад улсын ерөнхий бодит хүч, гадаадад нээлттэй байх бодлого, олон улсын тавцан дахь дуу хоолой, нөлөөлөл нь тасралтгүй өсөн нэмэгдэж буйтай салшгүй холбоотой.
Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн их сургуульд докторын сургалтад суралцаж байгаа Б.Ариунаа:
- Би хятад хэлээ зөвхөн харилцааны түвшинд бус, бизнесийн бодит үйл ажиллагаанд ашиглаж сурсан. Нийлүүлэгчтэй зөв ойлголцох, бүтээгдэхүүний чанар, үнийг харьцуулах, зах зээлийн судалгаа хийх, бизнесийн түншлэл тогтоох, харилцан итгэлцэл бий болгох зэрэг олон талын чадвар эзэмшсэн.
- Өнөөдөр Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин тэлж, олон салбарт хамтын ажиллагааны шинэ боломжууд бий болсоор байна. Энэ нөхцөлд хятад хэлний мэдлэг нь зөвхөн орчуулагчийн мэргэжлээр ажиллах боломж төдийгүй олон улсын бизнес, худалдаа, үйлдвэрлэл, тээвэр логистик, хөрөнгө оруулалтын салбарт ажиллах чухал давуу тал болж байна.
- Миний хувьд хэл сурах шийдвэрийн хамгийн том үр өгөөж нь зөвхөн өөртөө ажлын байр бий болгосон явдал биш. Харин хоёр улсын хүмүүс, байгууллага, бизнесийн харилцаанд оролцож, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бий болгоход өөрийн мэдлэгээр хувь нэмэр оруулах боломжтой болсон явдал юм.
Хятад улсын хэмжээнд ойролцоогоор Монголын 10,000 гаруй оюутан суралцаж байна. Өвөр Монголд 3000 гаруй гадаад оюутан суралцдаг. Хөххотод одоогоор сурч буй Монголын оюутан 1000 гаруй байна. Хятад улс нь Монголын залуусын хувьд гадаадад боловсрол эзэмших чухал сонголтуудын нэг болсоор байна.
Өнөөдөр хятад хэл нь зүгээр харилцааны хэрэгсэл, эсвэл үсэг бичиг биш; Энэ нь хил хязгаарыг давж, зүрх сэтгэлийг холбож, өөр өөр соёл иргэншлийн хоорондын солилцоо, харилцан суралцах, харилцан ойлголцлын гүүр болж байна.
Өвөр Монгол нь Монгол Улс болон ОХУ-тай хил залгаа оршдог. Хөххот нь Монгол Улсын оюутнуудын суралцах таатай, тэргүүлэх сонголт болсон бөгөөд газарзүйн байршлын давуу талд тулгуурлан байнгын соёл, хүмүүнлэгийн солилцооны орчныг бүрдүүлж, Хятад хэл сурах давлагааны бодит жишээ, тод илэрхийлэл болж байна.
Монголын Z үеийнхэн Хятад хэл сурах сонирхол нэмэгдэж байгаа нь эдийн засаг, боловсрол, соёл, технологи, олон улсын харилцааны олон хүчин зүйлтэй холбоотой. “Хятад хэл сурах давлагаа” нь Z үеийнхэний хувьд ирээдүйн ажлын байр, боловсролын боломж, олон улсын харилцаанд оролцох чадвараа нэмэгдүүлэх шинэ гарц болж байна. Хэлээр харилцан ойлголцсоноор ард иргэдийн сэтгэл зүрх ойртож, харилцан ойлголцол гүнзгийрэхийн хэрээр хувь заяа, ирээдүй улам нягт холбогддог. Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа гүнзгийрч, Хятадын умардад нээлттэй байх үйл явц тасралтгүй өргөжиж буй өнөөгийн нөхцөлд Монголын илүү олон залуус хэлийг гүүр болгон ашиглаж, Хятадыг илүү сайн ойлгон таньж, шинэ боломжуудыг нээж байна. Тэд Хятад болон бусад улс орны найрсаг харилцааны шинэ үеийн элч төлөөлөгчид болж байна.
