
Сүүлийн өдрүүдэд Сычуань мужийн Абэй Төвөд, Чян үндэстний өөртөө засах дүүргийн өнцөг булан бүрд нутгийн иргэд олон хэлбэр, агуулга бүхий арга хэмжээ зохион байгуулж, Чян үндэстний баяраа тэмдэглэв.
Жил бүрийн билгийн тооллын аравдугаар сарын шинийн нэгэнд тохиодог Чян үндэстний шинэ жил нь тус үндэстний уламжлалт жилийн баяр бөгөөд чян хэлээр “Өлзий хутаг, баяр баясгалант баяр” гэсэн утгатай. Эрт цагт Чян үндэстний иргэдийн дийлэнх нь өндөр уулс болон уулын бэл орчмоор нутаглан амьдардаг байсан тул тэднийг “Үүлэн дундах үндэстэн” хэмээн нэрлэдэг байжээ.
Чян үндэстний шинэ жилийн баяртай холбоотой арга хэмжээ ихэвчлэн гурваас таван өдөр үргэлжилдэг. Энэ хугацаанд Чян үндэстний иргэд тосгон, суурингаараа цуглан нэгдэж, тэнгэр болон өвөг дээдэстээ тахил өргөж, аз хийморь, сайн сайхныг даатган, муу муухайг зайлуулж, ургац арвин хурааснаа тэмдэглэдэг уламжлалтай.










