Сүүлийн хэдэн жилийн турш ухаалаг нүдний шилний салбар “Дэлгэцтэй байж чадах уу?” гэсэн асуултад хариулсаар ирсэн. Гэвч дэлгэц асаж эхэлсний дараа л жинхэнэ асуудлууд гарч ирнэ. Хүмүүс үүнийг өдөр тутамдаа зүүхийг хүсэх үү? Нэг хос нүдний шил бодит ажлыг бие даан гүйцэтгэж чадах уу?

Саяхан, Rokid компани Rokid Glasses 2, өнгөт дэлгэцтэй хиймэл оюуны нүдний шил Rokid Color болон удирдлагын Rokid Ring бөгжөө танилцууллаа. Шинэ бүтээгдэхүүнүүдийн нээлтийн үеэр сурвалжлагч туршилтын бүсэд дэлгэц асах мөчийг ажиглаж, энэ өөрчлөлт хэрэглэгчдэд юу авчирч байгааг биечлэн мэдэрсэн юм.
Брэндийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жү Минмин хиймэл оюуны нүдний шилний салбарт “анхны үеийн iPhone-ийн мөч” ирсэн гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Харин компанийн дэд ерөнхийлөгч, экосистем хариуцсан захирал Цай Гүөшян сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа илүү тодорхой байр суурь илэрхийлжээ. Түүний үзэж буйгаар, ойрын нэгээс хоёр жилийн хугацаанд салбарын хөгжлийн эргэлтийн цэг ирэх магадлалтай бөгөөд нэг өнгийн дэлгэцээс бүрэн өнгөт дэлгэц рүү шилжих, дуу хоолой болон мэдрэгчтэй удирдлагаас бичил дохиогоор удирдах хэлбэрт шилжих нь энэхүү өөрчлөлтийг хөдөлгөх хоёр гол хүчин зүйл юм.

Энэ нь мөн энэ удаагийн бүтээгдэхүүний нээлтийн хамгийн анхаарал татахуйц өөрчлөлт байлаа. Glasses 2 нь дэлгэц, хиймэл оюуны чадавх болон нээлттэй экосистемийг цогцоор нь сайжруулахад анхаарч байна. Оптик модулийн эзлэхүүн өмнөх үеийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад 30 хувиар багассан бөгөөд нүдний шилний хөлийн дэлгэгдэх өнцөг, хамрын тулгуурын хүрэлцэх талбай, арьсанд ээлтэй материал зэргийг хэрэглэгчийн тав тухыг нэмэгдүүлэх зорилгоор оновчлон сайжруулсан байна.
Үүний зэрэгцээ бүрэн өнгөт дэлгэц нь дэлгэцийн технологийг шинэ шатанд гаргалаа. Тусгайлан захиалгаар бүтээсэн 0.16 cc хэмжээтэй Micro-LED бүрэн өнгөт оптик модуль нь өдөр тутам зүүхэд илүү тохиромжтой хэлбэрт бүрэн өнгөт дүрслэлийг багтаажээ. Бүрэн өнгөт дэлгэц гэдэг нь нэг өнгийн текстийг өнгөт текст болгохоор хязгаарлагдахгүй. Харин дэлгэцээр харуулах мэдээллийг товч мэдэгдлээс зураг, видео болон илүү баялаг дүрслэл бүхий мэдээлэл болгон өргөжүүлж, хиймэл оюуны хариу үйлдлийг зөвхөн дуу хоолой, текстээр дамжуулах хязгаараас гаргаж байгаа юм.
Энэ удаагийн нээлтээр хамт танилцуулсан Rokid Ring нь ухаалаг нүдний шилэнд харилцан үйлчлэлийн шинэ хэлбэрийг нэвтрүүлэв. Хэрэглэгч хуруугаа гулгуулах, товших зэрэг бичил дохио зангаагаар мэдээллийн хуудсыг солих, үйлдлийг баталгаажуулах боломжтой. Харин хуруугаа тас няс хийхэд зураг авах эсвэл видео бичлэг эхлүүлэх боломжтой бөгөөд өмнө нь төхөөрөмжөө гартаа авч байж гүйцэтгэдэг байсан үйлдлийг ердөө нэг хурууны хөдөлгөөнөөр хялбарчилж байна.
