solongonews
Гадаадын иргэд Эрээний АТМ-ээс мөнгө авахдаа данснаас хасагдах дүнг шууд харах боллоо
2026-11-08 08:04
Эрээн боомтын АТМ-ээс гадаадын бизнес эрхлэгчид бэлэн мөнгө авахаар банкны картаа уншуулахад, дэлгэц дээр Хятад юаниар бус, тухайн хүний өөрийн улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн дүн харагддаг байна.

Ингэснээр авч буй бэлэн мөнгөнийх нь хариуд данснаас нь яг хэдий хэмжээний мөнгө хасагдаж буйг шууд хянах, мэдэх боломж бүрдэв. Саяхан Хятадын Хөдөө аж ахуйн банкны (ABC) Эрээн хот дахь салбар гадаадын карт ашиглан АТМ-ээс бэлэн мөнгө авах үйлчилгээнд "Валютын динамик хөрвүүлэлт" (DCC) системийг нэвтрүүлсэн анхны салбар боллоо. Ингэснээр хил дамнасан гүйлгээний процесс шинэ шатанд гарч, өмнө нь "гүйлгээ хийсний дараа хасагдсан дүнг мэддэг" байсныг өөрчлөн, "гүйлгээ хийх үед данснаас хасагдах бодит дүнг шууд харах" боломжтой боллоо.

Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгчийн сэтгэл ханамж, гүйлгээний үр ашиг эрс сайжрах юм. Тухайлбал, нэгдүгээрт, гүйлгээ хийх үед АТМ-ийн дэлгэц дээр тухайн хүний дансны валютаар хөрвүүлэгдсэн, хасагдах бодит дүн шууд харагдах тул төлбөрийн хэмжээг гүйлгээний дараа л мэддэг байсан тодорхойгүй, эргэлзээтэй байдлыг бүрэн арилгав. Хоёрдугаарт, ханшийг гүйлгээ хийх яг тэр мөчид тогтоон баталгаажуулдаг тул валютын ханшийн хэлбэлзлээс үүдэлтэй эрсдэл, алдагдлаас найдвартай сэргийлнэ. Гуравдугаарт, үйлчлүүлэгчийн сонгох эрхийг бүрэн хангасан бөгөөд карт эзэмшигч өөрийн хэрэгцээнд тулгуурлан DCC үйлчилгээг ашиглах эсэхээ бие даан шийдвэрлэх боломжтой. Ийнхүү гүйлгээний бүх үйл явц нээлттэй, ил тод болсноор үйлчлүүлэгчид ямар нэгэн эргэлзээгүйгээр үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байна.

Уг систем ашиглалтад орсноор түүний үр өгөөж, ач холбогдол нь илэрхий байна. Өнөөдрийн байдлаар тус системээр нийт 236 гүйлгээ хийгдэж, 281,300 юанийн бэлэн мөнгөний зарлага гарсан байна. Хятадын Хөдөө аж ахуйн банкны Эрээн хот дахь салбар нь "үйлчлүүлэгчийг нэгдүгээрт тавих" үйлчилгээний зарчмыг тууштай баримтлахын зэрэгцээ боомт орчмын хил дамнасан санхүүгийн үйлчилгээг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлсээр ирлээ. DCC үйлчилгээг нэвтрүүлснээр хил дамнасан бэлэн мөнгөний өөрөө үйлчлэх (АТМ) гүйлгээнд тулгардаг байсан хүндрэл бэрхшээл шийдэгдэж, ханшийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй асуудлууд үр дүнтэйгээр зохицуулагдаж байна. Ингэснээр хил орчмын оршин суугчид болон гадаадын бизнес эрхлэгч, зочдод илүү таатай, тав тухтай үйлчилгээний орчныг бий болгож байна.

 

Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл