11-р сарын 10-ны өдөр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Политехник коллежийн мэргэжлийн ур чадварын сургалтын нээлтийн ёслол Бугат хотын Мэргэжлийн техникийн коллежид боллоо. Монгол Улсаас хүрэлцэн ирсэн 22 багш сурагч 28 хоногийн эрчимжүүлсэн сургалтаар гагнуурын мэргэжлийн ур чадвар эзэмших юм. Бугат хотын Мэргэжлийн техникийн коллеж нь Монголын их дээд сургуулиудтай мэргэжил боловсролын чиглэлээр 5–6 жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн сургалт нь Монголын гагнуурын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх гурав дахь удаагийн тусгай сургалт юм. Сургалтын эхний шатанд нүүрсхүчлийн хийн хамгаалалттай гагнуурын аргыг голлон эзэмшүүлж, V хэлбэрийн ирмэг бэлтгэсэн тулгалтын гагнуурыг нэг талаас гагнаж, хоёр талд нь гагнаасын жигд хэлбэр үүсгэх технологид суралцна. Хоёр дахь шатанд вольфрам электродтой аргон нуман гагнуурын дадлага хийх бөгөөд нум асаах, гагнуурын бууг зөв барьж хөдөлгөх зэрэг суурь чадвараас эхлэн нимгэн хавтан гагнах, хоолойн тулгалтын суурин гагнуур хийх хүртэл шат ахиулан сургаж, анхан шатны мэдлэгээс бие даан гагнуур хийх чадварт хүргэх юм. Сургалтад оролцогчдыг ахалж яваа багш М. Доржсүрэн хэлэхдээ, “Монгол Улсад гагнуурын технологийн зарчим Хятадынхтай ижил боловч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж харьцангуй хуучирсан. Суралцагчдын олонх нь шинэ төрлийн тоног төхөөрөмжтэй өмнө нь ажиллаж үзээгүй. Тиймээс энэ боломжийг ашиглан практик ур чадварын дутагдлаа нөхөхийг зорьж байна” гэв.
Монгол Улсын мэргэжилтнүүд Бугат хотод мэргэжлийн сургалтад хамрагдав
2026-11-11 18:20
Дэлгэрэнгүй үзэх
