“Уудам, уужим, саруул, тэнгэр...” - Өвөр Монголын магтуу.
Энэ саруул уудам нутагт сая түмэн ард үе улиран амьдарч, сэтгэлийн нөрлөг, хөгжлийн чадгаа дуугаар илтгэж, дуугаар тэмдэглэж ирсэн уламжилтай. Өндөр уулын сарьдагт дүүлээ эрэлхэг бүргэдийн дүртэй Өвөр Монголын газар усанд хошууд, торгод, ордос, урьд, цахар, үзэмчин, хорчин, барга, буриад, эвэнк, дагуур, орчон хэмээн олон үдэстэн ястан хамтран суурьшдаг бөгөөд өөр өөрийнхөө онцлогт ардын дуу хэмээх эрдэнисийн санртай. Энэ эрдэнисийн санд дорно дахинд цацран мандсан Шинэ Дундад улсынхаа элгэнд ч шинэ эгшиг аялгуугаар уянгаран цурайдаж, шинэ аяны хөгжлийг нотлон тэмдэглэсээр байнам.
“Ононы эрэг дээр” буриадчууд аж төрдөг. Буйр хөлний домог, эргүнэ хуны домог, гашуун агуйн домог зэрэг үлгэр домогтой үзэсгэлэнт сайхан Хөлөнбуйрын “Саруул тал”-д “Баян баргын манага” нь дуурсахад “Өндөр сүрлэг хянган даваа”-ны уулыг бүрхэн “Хурц улаан цэцэг бадран дэлгэрнэ”. Олон олон үндэстнийг өлгийдсэн Хөлөнбуйрын тал нутгийн уул нь доолиот бөх шигээ сүртэй, ус нь уртын дуу шигээ уянгатай.
Хорчинчуудыг хавт хасарын хойчис гэдэг. Хорчин ардын дуу есөн мянга есөн зуу ер ес буй ч гэдэг. Дурлал хайрын “Вань Ли” “Танахуар” “Хань Шюу Ин” “Жэнермаа”-аас аваад “Тогтох” “Шиншуар” “Гаадамайран” “Жана Балжиням” хүртэл дуу дуу нь үлгэртэй, дуу дуу нь домогтой. Хорчин нутгийн хүмүүс нь үлгэртай дуутай гэхэд, уул ус ургамал амьтан нь хүртэл эгшиг аялгуутай. “Шонхорын уул” “Хан-Уул” “Ачмагийн уул” “Үрэлтийн уул”...
Ийм л сайхан эх орон, ийм л содон сонгодог соёл боловсон.
Шилийнголыг уртын дууны өлгий хэмээдэг. Үнэхээр тийм. Дархан дуучин Лаажав, Уртнаст, Мээдэг, Чулуу гээд олон бий. Шилийнголын гурван хүн байбал нэг нь бөхчин, нэг нь дуучин, нэг нь уяачин гэдэг. Дур таваараа ярьж байгаа биш, дууг нь сонсвол та мэдэнэ. Үзэмчинчүүд нь “Дүүрэнжаана” гэж сайн бөхөө магтан шуранхайлахад, Сөнидчүүд нь “Хөгшин хоохон” гэж хөлөг морио дуулна. Цахарчууд нь “Асар аялгуу”-аа хөгжимдэхэд, Авагачууд нь “Цоохор дуу”-аа аялуулдаг. “Шилийнгол”-ын урсгал нь тунгалаг, шижир туяа гаялалзуулж шуугина. “Шанхтай шарга”-аа сажлуулан сажлуулан өдрийн замыг эвхэхдээ өсөж төрсөн “Үзэмчин нутаг”-ийнхаа үзэсгэлэнт сайхныг дуулаад барна уу даа.
“Хун юу цагаан галуу” шувуухай хуластай нуурандаа шумбан суулаа даа, намар болсны тэмдэг. Урьдын гурван хошууны нүүдлийн цовоо эхлэх нь. “Тужийн шан”-гийн “Жаран хайлас” -ын навч намаа нь намрын салхинд бүжин “Ордос долоон хошуу” найр хуримаар бялхаж, “Архины дуу”-гаа өргөн өргөн “Цандан хүрэн”-гээ дуулж, охиноо харьд мордуулна. “Шар тал”-ын эхэнд хэн санаа алдах уу? “Шаналмын дуу”-г хэн дуулж байх уу? Эзэн Чингисын оргоныг сахисан дархадууд уу? өнө эртний “Хөр дуу”-аа дуулсан хангинчууд уу? Лаасүрэнгийн “Жаахан шарга”-аас дуучин Тэнгэрийн “Дэваажин” хүртэл, Үүлэнхуарын “Саран дээр”-ээс дуучин Нарсын “Алтан хундага” хүртэл Ордос дууны далай, жаргалын дэлхий.
“Өн өргөн Алшаа олтхууя бэрх нутаг”. Өн өргөн, эчинэ гайхамшигаараа хорвоод алдаршиж, “хүрэшгүй Алшаа, туулашгүй Алшаа” хэмээгдэдэг. Алшаа ардын дуу, уртын дуу, богино дуу, үлгэр дуу гэж олон төрөл бий. “Алтан богдын шил” дархан дуучин Бадмааг алдаршуулсан бол “Эзэнэгийн туулайн усан” алдарт уртын дуучин Алтанцэцэгийг төрүүлжээ. Урлагийн үйлт насан туршид зүтгэж, олон олон дуу урлагийн хойчис залгамжлагчийг хүмүүжүүлсэн “Алтан гургалдай” Дэдмаагийн “Алсын алсын зэргэлгэнд нь аяны цовоо хөвөлжөөд байна...” гэж дуулсан “Хан тэнгэр алшаа” олон хүний сонорыг маяласаар байна.
Алтан гургалдай донгодохгүй юм бол
Алаг дэлхий уянгаар дутана шүү даа хөө
Ардын дуугаа дуулахгүй юм бол
Ард түмэн минь дуугаар дутана шүү даа хөө.
Ард түмэн түүхийг бүтээж, дуугаа дуулсаар зуун зууныг өнгөрлөө. Дахиад л зуу зуун жилээр мөнх үргэлжлэх болно. Энэ орчилын дунд ардын дуу өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирэх ирээдүйгээ угтан угтан, өрнөл хөгжлөө дуулан дуулан урагшилсаар.
Өвөр Монголын шинэ цаг үеийн аль нэгэн сонгодог дууг сонсоход тухайн цаг үеийн түүхэн ахуй байдал, эдийн засгийн хөгжлийн байдал, нийгмийн хөгжлийн байдал бүр тодоос тод мэдрэгдэнэ. Иймээс Өвөр Монголын дуу урлаг бол Өвөр Монголын хөгжлийн түүх, үндэстнүүдийн бүлхэмдэл тэмцлийн түүх, сахин бараалж харилцан хавсралцсан түүх, дундадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцолсон түүх. Мөн ч иргэдийн амьдрал, уран зохиол, уран зураг, улс төр, эдийн засаг, соёл... -ын хөгжлийн түүх болох юм. Эдгээр дууны хамгийн нийтлэг онцлог бол даруй ардын дуунаас эшилсэн буюу ардын дуунаас шим авсан, ардын дууг өөрчлөн дуулсан явдал болно.
Дээр зууны тавиад оны үеийн зохиомол дууг ажиглавал, “Хөдөө талд мөнхийн наран цацаран мандлаа” “Магтаал дуу” “Овоон дээрх уулзалт” зэрэг Шинэ Дундад Улс, ХКН-аа магтан дуулсан дуу урсгал болж, Түнфү, Мэлчиг, Малчинхүү зэрэг төлөөлөх урлагчид цолгоров. Жар далаад он болоод “Тал нутгийн өглөөний уянга”“Нэгдлийн адуучин” “Тал нутгийн малчдын дуулал” “Шанхай хийцтэй бандоти”зэрэг шинэ үйлдвэрлэл, шинэ амьдралаа магтсан дуу урсгал болж, Лаажав, Лаасүрэн, Тулгуур, Чи.Булаг зэрэг төлөөлөх урлагчид цолгоров. Өөрчлөлт нээлт эхэлснээс зохиомол дуунд ч шинэ уур амьсгал бий болж, Дэдмаа, Тэнгэр, Бадрангуй зэрэг төлөөлөх урлагчид цолгорон гарчээ. Ерээд он болоход “Талын шөнө гоёхон доо” “Угалзан хээтэй эмээл” “Талд унасан хайр” “Ангилам сүү” зэрэг сэхээтэдийн зохион бүтээсэн орчуулгын дуу урсгал болж байсан бөгөөд “Аавын сургал ээжийн хайр” “Холын тэргэл хөдөө” “Малчин ардын сэтгэл” зэрэг зохиолын дуу газар авч Алтай, Оюунбилэг, Равади зэрэг төлөөлөх урлагчид цолгорон гарчээ. Шинэ зуунд орсноос нааш зохиомол дуу урлаг хөгжиж, “Чандмань эрдэнэ” дуу түгэж, хамтлагийн халуурал болж, иргэдийн зохион бүтээлүүд гарчээ. Дуучин Бүрэнбаяр Урна, Эргүнэ хамтлаг, Анд хамтлагаас эхлэн олон олон нэрт уран бүтээлчид цолгорон гарсан бөгөөд “Зуря чамаа” “Үйтэнхуар” зэрэг иргэдийн зохион бүтээсэн дуу газар авч, Өвөр Монголын дуу урлагийн хөгжлийн чиглэл ардын дуу руу оров. Жишээ нь, найр хамтлагийн “Ван Ли”, анд хамтлагийн “Зангарын арван хоёр баатрын магтаал” зэрэг. Сүмэнхуа, Баянмөнх зэрэг залуу уран бүтээлч шинээр цолгорон гарч байгааг энд бахдан ярья.
Шинэ Дундад Улс байгуулагдсан “Хөдөө талд мөнхийн наран цацран мандлаа”. Бид сархадын дээж, цацлын ерөөл, самбай хадгаа өргөн тал нутгаас Тянь-Ань Мэнь талбайд ирж, “Магтаал дуу”-гаа хангинтал дуулсан юм.. Баян-Овоогийн ховор шороог нээн ашиглаж, Бугатын болд төмрийн үйлдвэр байгуулагдан, бид малчдаасаа ажилчин болов. Энэ бол Шинэ Дундад улс байгуулагдсаны дараах Өвөр Монголын түүхэн дэх хөшөө дурсгалын чанартай хөгжил. Энэ хөгжил бол “Тал нутгийн өглөөний уянга”. Социализм бүтээн байгуулалтын нийтлэг жишээч “Манай баригаадын өвгөн шүүжи”, “Нэгдлийн адуучин” тэр үед бүр ч “Гэрэлт одон” байв. Тал нутгийн агуу эх “Дөгиймаа” улсын хүүхдийн үлгэрийг учирлагсаар. “Тал нутгийн бяцхан баатар эгч охин дүү”-гийн зориг санааг үеийн үед уламжилна. Эдгээр үлгэр үйлийг дуучид маань дуулан дуулан мөнхрүүлж, “Утга урлагийн хөнгөн морьт цэрэг” эх улсын олон газарт тоглон дуурьсуулсаар.
ХКН байхгүй бол Шинэ Дундад улс байж чадахгүй. Эрх чөлөөгөө олсон Өвөр Монголчууд “Болор хундага”-даа сархадаа хэмнэн “Ачит намаа магтан дуулна”. “Үзэсгэлэнт сайхан миний нутаг”-т “Өнгөт солонго” мяралзан, хөх огторгуйд “Цагаан үүл” сэтгэл гэжигдэм хөвөлзөн нүүдлээд “Тал нутгийн малчдын дуулал” газар сайгүй хангинан, “Амгалант наадам” -аараа жаргаж, “Элбэг хураалт”-аа бахтан дуулна. Амгалан тайван “Талын шөнө гоёхон доо”. Адуугаа манаж хоносон “Нэгдийн адуучин” үүрийн гэгээг угтан “Тал нутгийн өглөөний уянга”-аа хангинатал исгэрэн манаанаасаа ирэхэд саалын зэлэн дээр “Ангилам сүү” суулга дүүрэн цалгилна. “Шанхай хийцтэй бандоти”-оос “Айлтхан барья” -аа сонссоор байж, аав ээжээ санаад “Мөхрүү мөхрүү шорон хад”-тай “Холын тэргэл хөдөө” байгаа “Ар гэртээ захидал бичлээ би”. “Аавын сургал ээжийн хайр” гэж алтан дэлхийд өөр байхгүй ариун хайр. Буурал ээж минь “Чандган цагаан өргөө” -д цайгаа сүүлж суухдаа хамгийн сонсох дуртай “Хонь хайчлах дуу”-гаа сонсоо бол уу? Эсгүүл “Чандган цагаан морин магтаал” бол уу? “Тэнгэрийн хаяа”-д “Мөнгөн гол” угалзан урасна. Нар хур тэнцсэн налгар сайхан зун боллоо. “Баясгалант наадам”-ын дэвжээнд хүчит бөх дэлхий хотойтол дэвиж, хурдан хөлөг хурдалж, харвасан сум наран гол оноон ухайлна.
Энэ бол “Малчдын баяр”. Энэ бол “Үүлэн цэнгэр нутаг” - “Өнөр баялаг Өвөр Монгол”. Энэ бол “Сахин бараалж харилцан хавсралцсан” “Аав ээжийн нутаг усан”.
Эх улсынхаа умард хилийг цогцлон байгуулсан дуу дууны дуулим хорвоо Өвөр Монгол минь ийм л “Сайхан”.
