solongonews
Овооны тахилгын тухай
2015-09-09 17:12
Овооны тахилгын тухай.

Овоо гэдэг бол уг нь монголчуудын өвөг дээдсээс уламжилсан зүг чиглэл, уул усны хагалбар, эрэг ганга, бэрх бартааны тэмдэг байжээ. Овоо тахих бол монголчуудын дунд аль эрт бий болсон шүтлэг бишрэлийн хэв заншил юм. Мөн бат чанга үндэс суурьтай, монгол соёлын мартаж болшгүй түүхэн уламжлалт өв соёл билээ. Овооны тахилгад түүх дурсгалын шинж агуулагдаж байхаар барахгүй монголчуудын байгаль орчноо хайрлан хамгаалах сайн сайхан ёс заншил ч агуулагдаж байдаг юм. Монголчуудын “Эрийн гурван наадам” ч овооны тахилгатай холбоотой.

Монголчууд овоог нөлөө ихтэй өндөр орой буюу уул хайрханы оройд чулуу, мод бургас босгож тэнгэр, газар, лус савдаг, уул усны савдгийг шүдэн тахидаг байжээ. Өндөр сүрлэг газаргүй бол овоо босгодог газар нь ойр хавьдаа өндөрт байхыг анхаарна. Бүтцээс нь үзэхэд овоо нь гол овоо ба цэрэг овоогоор бүрэлддэг. Гол овооны нэг талд арван хоёр жижиг овоог нэг шугам дээр босгодгийг Жанжин овоо буюу цэрэг овоо, бас элч овоо гэдэг. Монгол газрын овоо тахилга үүссэн тухай ном сударт болон буурлуудын ярьж буйгаар эрт дээр цагт монгол үндэстний нүүдэл мал аж ахуйн явцад улам бага болж, суурьшин мал аж ахуй болж цөөн тооны монголчууд гэрийнхээ ар хойно зүгт байгаа өндөр орой буюу гүдгэр довцог дээр шороо нэмж гал шатаан цог гаргаж, арц болон агь хялгана мэтийн ариун сайхан үнэртэй өвс ургамлыг шатааж, тэнгэрт мөргөж орчин ахуйгаа ариутгаж байв гэдэг. Өндөр оройд өглөөний нар эрт тусаж, орчин тойрноо гэрэлтүүлдэг болохоор монголчууд өндөр газрыг хүндэтгэн, өндөр толгойн орой дээр гарч алсыг бараалах, өндөр оройн энгэрт нутагшин суух ба гэрийн арын өндөр оройгоо ой мод тарьж хамгаалах, цаашилбал зарим нь овоо босгож тахиж байжээ. Чин улсын үе болоход монгол газарт шарын шашин дэлгэч сүм хийдийн овоо, хошуу чуулганы овоо, гэгээн хувилгааны овоо босгогдож, монголчуудын дотор баян хүн буюу ноён зэрэгтэн буян хишгээ нэмэгдүүлж, өлзий хутаг тогтоохын төлөө өрх гэрийнхээ ар хойгуур өндөр газар дээр лам хувраг залж даллага бүтээх, сан сэржим өргөж, шан дарж овоо босгож тахидаг болжээ. Ингээд овоо нь монголчуудын ууган шүтээн болсон гэдэг. Гэвч овоог өрх бүр хүн бүхэн дураараа босгодоггүй. Учир нь овоо тахилга нь хүмүүсийн газар усны шүтээн тахилга болох тул шан дарж, бүтээж амилуулсан хойно тахидаг.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Монгол Судлалын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл