solongonews
Цэцгийн үнэртэй салхинаас домог аниртах нутаг
2025-03-31 10:15
Байгаль эхийн нандин бүтээл гэмээр үзэсгэлэнт Дали хотноо могой жилээ угтахаар дөрвөн айл нэг гал аян болж Хөххотоос мордсон билээ.

Бууралтан сэхүйх Цаншань уулыг түшиж, байгаль эхийн үзэсгэлэнг тольдогч Орхай /Эрхай/ нуурыг өшиглөн орших Юньнань мужийн Дали хотын Бай үндэстний Эртний хотхон нь уул усны ивээлдээ даатгаж, өрнө дорныг чиглүүлэн байшин барьдаг өвөрмөц төрхөөрөө өрөөлөөс онцлогдоно. Улмаар дорноос мандах алтан нарны тэргүүн цацрагийг цонхоороо өлгийдөн тосох хөх ваартай ижилхэн цагаан байшингууд нь Бай үндэстний ард түмний үе дамжин оршин амьдарч ирсэн энэ нутгийг дэлхийн түмэнд алдаршуулсан нэгэн гол шалтгаан гэлтэй.

Ийнхүү байгаль эхийн нандин бүтээл гэмээр үзэсгэлэнт Дали хотноо могой жилээ угтахаар дөрвөн айл нэг гал аян болж Хөххотоос мордсон билээ. Хятадын эртний нийслэл Чан-Ань буюу өнөөгийн Ши-Ань хот, “Амттаны нийслэл” хэмээх сайхан алдартай Чэндү хотоор буудаллан алжаалаа тайлж, умраас шуурах хүйтэн салхины хаалт болсон сүндэр сүрлэг Чиньлин давааг даван мөнхийн хавар саатсан энэ нутагт бид битүүний өмнө өдөр дөрөө мулталлаа.

Үүлэн нутгийн өрцөн дэх үзэсгэлэнт Дали хот 

Газар тэнгэрийн заагийг нууцалсан гоёмсог үүлс, үүлэнд оргилоо далдалсан сүрлэг өндөр уулсаар хүрээлүүлсэн эртний дурсгалт Дали хот нь Юньнань мужийн төв өрцөнд байрлах Далигийн Бай үндэстний өөртөө засах жөүгийн төв хот болно. Эртний байшин барилга, уран дархны нандин хийц бүхий биет бус соёлын гайхамшигт өв дурсгалууд энд хаа сайгүй харагдана.

Цагаан сарын шинийн нэгний өглөө бид үндэстний дээл хувцсаараа гоён, түм дүжигнэж бум бужигнасан эртний хотхоны гудамжаар хэслээ. Хэзээний аялал жуулчлалын үйлчилгээндээ дасан зохицсон энэ хот баяр наадмаар амарна ч гэж байхгүй бүх дэлгүүр хоршоо бүр илүү хөл хөдөлгөөнтэй хаалгаа тэлнэ. Уран нандин хийцтэй мөнгөн эдлэл, хаш чулуу, үзэмж төгөлдөр хээ хуарт будмал даавуу, уран хатгамал, хуучны байшин барилгын модон чамин хийц зэргээрээ сая түмэн жуулчдыг хормойдоо хаман татсан “Ардын гудамж” автомашин бүү хэл, явган хүн ч зөрөх зайгүй чихэлдэн хүний далай болж байлаа.

Бай үндэстний хот байгуулалтын өвөрмөц хэв маяг болсон хөх саарал вааран дээвэртэй нэгээс гурван давхар цагаан байшингууд хана туургаа элдэв хээ хуар, Хятадын эртний бийрэн зургаар чимэглэсэн нь түгээмэл харагдах бөгөөд эртний агаад чамин тансаг ур хийц бүхий энэ барилгууд тэнгэр баганадсан Цаншань уултайгаа хоршин сүүлэлдээд хараа булаам ер бусын үзэсгэлэнтэй санагдана.

Олон зуун жилийн Эртний хотхон нь зам гудамжны хувьд орчин цагийн залуу хотууд мэт уудам саруул өргөн чөлөө багатай төдийгүй зорин ирсэн жуулчин гийчид олон учраас автомашины түгжрэл ихтэй байлаа. Улмаар сэргээгдэх эрчим хүчний тээврийн хэрэгсэл энд утгаараа ашиглагдаж, ялангуяа цахилгаан хөдөлгүүрт мотоцикл тоо томшгүй сүлжилдэн, энэ хотын бас нэгэн тодотгол болсон байлаа. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдгээр бид ч очсон өдрөөсөө цахилгаан мотоцикл түрээслэн хөл залгуулж билээ.  

Ур ухаан өвлүүлсэн уяж будах технологи

Цас цагаан өмсгөл дээр хээ хуар үлдээн хөх шийдмээр будаж, цагаан үүл цэнхэр тэнгэртэйгээ хослуулдаг өвөрмөц нэгэн уламжлал Дали хотын Бай үндэстэнд байдаг. Тэр бол Уяж будах технологи.

“Заарань” буюу уяж будах нь бөс давууг будаж, өнгө оруулах уламжлалт технологи бөгөөд цэвэр байгалийн гаралтай төрөл бүрийн ургамлын навчийг чанаж буцалгахаар дамжуулан будаг ялгаруулан гаргадгаараа онцлог байдаг.

Уяж будаж урласан хувцас хэрэглэлүүд зардаг, мөн уяж будах ажилд биечлэн оролцох үйлчилгээ хангадаг дэлгүүр хоршоонууд Дали хотын гудамжаар хаа сайгүй харагдах бөгөөд энэ нь Дали хотыг зорин ирсэн гаднын жуулчдад Бай үндэстний өвөрмөц соёлын төрхийг гайхуулна.

“Мянга сонсохоор нэг үз” гэдэг бол мянга үзэхээр нэг туршсан нь дээр хэмээн бид ч хүүхдүүдээ уяж будах үйлд оролцохыг дэмжлээ. Энэ нь хүүхдүүдэд үнэхээр сонирхолтой санагдаж байсныг хэлэх хэрэг алга.

Уяж будах үйл нь хээ угалз гаргах, будах, угаах, оёдлыг хагзлах, ээж хатаах зэрэг явцаас бүрдэнэ. Эхлээд сонгож авсан цул цагаан бөс даавуу буюу хувцас эдлэлдээ цагаан хээ угалз үлдээхийн тулд оёх, утас дээсээр уях, хавчаараар хавчих зэрэг аргыг хэрэглэн хээ гаргана. Чанга уяж, хавчсан хэсэгт будаг хүрч чаддаггүй учраас хээ хуар гаргах зорилгодоо хүрдэг байна. Дараа нь будагтай шийдэмдээ дүрэх, дэвтээх зэрэг аргаар будаг оруулна. Энэ явц бол маш чухал, хэрэв гүн өнгөтэй будахыг хүсвэл удаан дэвтээж, гүйхэн өнгөтэй будахыг хүсвэл дүрээд гаргадаг байна. Будах явцаа дуусгаад цэвэр усанд угаана. Ургамлаас гаргасан будаг нь унахгүй, улмаар хээ угалз гарган үлдээсэн суурь өнгөө будахгүй давуу талтай байдаг. Үүний дараа хээ үлдээх зорилгоор оёсон оёдлыг хагзлах, уясан утсыг тайлах, хавчаарыг авах бөгөөд хамгийн сүүлд дахин нэг угаагаад наранд ээж хатаана. Ингээд таны урласан хорвоод хосгүй, давтагдахааргүй цор ганц уран бүтээл тань хэрэглэхэд бэлэн болно.

Уяж будах хөдөлмөрийн бүх явцад биечлэн оролцсон нь хүүхдүүдийн маань хувьд өөрийн бүтээсэн өмсгөл гоёлоороо бахархах маш их аз тохиол болсон юм.

Цаншань уулын бэлээс цайны үнэр анхилна

Хөхрөн униартсан Цаншань уулын бэлд орших Мөнгөнгүүр /Инь Чяо/ тосгон гол үдийн наранд үзэсгэлэнтэй нь аргагүй налайна. Өндөр том хашаатай гурван давхар ижилхэн цагаан байшингуудын дундуур сүлжилдэх нам жимхэн зөргөөр хааяа нэг сагс үүрсэн нутгийн иргэд гэлдэрнэ. Тосгоноос холгүй байрлах бум буцалсан Эртний хотхоныг бодвол энд “Аялал жуулчлалын зорилтот орон” Юньнань мужийг мартагдуулахаар илэм жилэмхэн. Энэ нь надад үнэхээр таалагдсан юм.

Бидний зорьж очсон айл маань тосгоны зүүн захын айл байсан бөгөөд хашааны хаалга нь ордон музей мэт сүртэй, үүдэндээ хоёр гурван машин чөлөөтэй зогсоохоор өргөн зайтай тохилог сайхан айл байв.

Дали хотын Бай үндэстний уугуул, Жао овогтой энэ айл удмын цай тариалагч айл бөгөөд өнөөг болтол цай тариалсаар байгаа аж. Эднийх дөрвөн үеэрээ хамт амьдардаг ба биднийг хүлээж авсан Жао Пэн хэмээгч залуу орчин үеийн зах зээл, Дали хотын аялал жуулчлалын эх баялагтай уялдуулан гэр бүлийнхээ цайны тариаланд цай түүх үйлчилгээний бааз ажиллуулах болжээ. Энэ нь бидний хувьд аз болж, хүүхдүүдээ цай боловсруулах үйл явцад оролцуулах зорилготой тэднийхийг зорьж очсон юм.

- Цай бол бүх ундааны дээж. Цайг ууж ашиглах хүн тоогүй олон байдаг боловч бидний ууж байгаа цайг хэрхэн боловсруулсан тухай мэдэх хүн цөөхөн байдаг. Тийм болохоор би цайны тариаландаа үйлчилгээний бааз ажиллуулж, Дали хотод зугаалахаар ирсэн жуулчдад цай түүж, цай боловсруулах бүхий л ажлын явцад биечлэн оролцох боломжийг хангахыг зорьсон юм гэж Жао Пэн бидэнд ярилаа.

Энэ нутгийн иргэд ихэвчлэн цай тариалдаг ба Цаншань уулын хормой тэр чигтээ номин ногоон цайны тариалан байлаа. Бид Жао Пэнгийн цайны тариаланд очих гэж уулын бэлээс өгсөн, нэлээд өндөрт гарав. Тэдний тариалангаас доошоо харахад энэ нутгийн үзэсгэлэнт байгаль эрхгүй сэтгэл сэргээнэ.

Би уг нь адил бус төрлийн цайны навчийг тус бүр адил бус төрлийн модноос түүдэг гэж боддог байсан бол үнэндээ хийж боловсруулах аргын адил бусаас шалтгаалж нэг модны навчийг төрөл бүрийн цай болгон бүтээдэг гэдгийг тэндээс олж мэдсэн юм. Тэгээд ч цайны модноос таарсан навчаа түүгээд л байхад болох биш цайны навч түүхэд мөн бага бус мэдлэг, туршлага шаарддаг байлаа.

Хүүхдүүд маань Жао Пэнг дагаж цайны навч түүхээс эхлээд түүсэн навчаа жигнэж өвсний үнэрийг нь хөөх, жигнэсэн навчаа нухаж зөөлрүүлэх, халуун тогоонд хийж хуурах, хуурсан навчаа дэлгэж хатаах зэрэг бүхий л үйлд биечлэн оролцсон бөгөөд савлах уутаа өөрсдөө чимэглэн “өөрийн нэрийн брэнд”-ээ бүтээгээд нэг өдрийг олз омогтой өнгөрөөсөн билээ.

Цайны нялх ногоон навч ийнхүү бүхэл бүтэн үйлдвэрлэл бий болгож, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг өргөж байна гэхэд илүүдэхээргүй. Цайны соёлоороо дэлхийд алдартай Хятад улс нь цайны үүсэл гарлаа Юньнань мужаас эхэлсэн гэж үздэг. Тэр ч утгаараа эндэх айлуудын өнцөг булан бүр цайны анхилуун үнэрээр ханасан байдаг.  

Үүлэн нутгийн сонин сайхан үүгээр л дуусаагүй, үзэж чадаагүй мэдэрч амжаагүй бүхэн дахин очихын даллага болж, тэр нутагт үлдсэн юм. Аялал дуусна гэж үгүй ээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл