Зөвхөн өөрөөсөө залхагчид л уншаарай
2015-12-28 18:21
Найзын минь өврийн дэвтэрт “Би өөрөөсөө залхахгүйн тулд” гэсэн гарчиган дор тэмдгэлсэн байдаг юм. Найзын минь тэмдэглэлийн дэвтэр дээрх нэгэн өгүүлбэр яг л надад зориулсан шиг зүрх зүсээд авсан юм.
Өглөө эрт босно гэж өөртөө амласан ч сэрж чадахгүй байх. Хүчлэн байж эрт бослоо ч яг юу хийхээ сайн мэдэхгүй байна уу? Ажилдаа явж байгаа хэрнээ л баяр баясгалангүй. Өдрийн цайгаараа амттан, сайхан хоол цай идэх бодолгүй, ажлаа тараад яг юу хийх нь тодорхойгүй бас гэр рүүгээ яарах сэтгэлгүй байна уу? Тэгвэл залуу минь, бүсгүй минь чи өөрөө өөрөөсөө залхсан хэрэг.
Яг үнэндээ сонирхолгүй амьдрал сонирхох үүх түүхгүй хүн гэж нэг ч үгүй. Танд юм бүхэн сонирхолгүй санагдаж байвал та өөрөө л тийнхүү амьдарч байгаа байх нь. Юм бүхнийг мэддэг юм шиг хэрнээ юу ч мэдэхгүй, бүх зүйлд хүсэн тэмүүлэх атлаа яг юу хэрэгтэйгээ ялгаж салгахгүй. Яаруу давчуу гүйгээд л байвч амжуулсан ажил бараг үгүй байх нь өөрөөсөө залхсан хүний шинж юм байна. Бид аливаа зүйлээс залхвал шинэчилж засдаг шиг, та өөрөө өөрийгөө шинээр нээх хэрэгтэй болох нь.
Миний нэг танил “Би бүр өөрөөсөө залхчихлаа. Бага цалинтай амьдралын хэрэгцээ шаардлагад маань хүрэлцэхгүй, амралтын өдрүүдэд аятайхан хооллож, сэтгэлээ ч сэргээж чадахгүй нь. Хий дэмий л хир буртгаа арилгаж, хог шороотой зууралдан бүхэл бүтэн хоёр өдрийг ингэж үрэх нь залуу хүний хувьд дэндүү харамсалтай. Тиймээс би өөрөөсөө ч залхмаар амьдралаа ингэж өөрчлөхөөр шийдсэн.
1. Цалин бүрээсээ зөвхөн өөртөө зориулах мөнгө хадгалж байх
2. Шинэ үзвэрээс сардаа нэг удаа ч болов заавал үзэж байх
3. Найз нөхөдтэйгээ уулзах цаг зав заавал гаргаж байх
4. Сонсох юм уу аялахаар мэддэг юм шиг хэрнээ дуулах болохоор мэдэхээ байчихдаг дуунуудаа сурах
5. Юу ч худалдаж авахгүй ч гэсэн зөвхөн баячуудад зориулсан дэлгүүрүүдээр ойр ойрхон хэсдэг болно.
Учир нь би, “ийм жаахан цалинтай юм чинь юу ч худалдаж авч чадахгүй” гэсэн муухай бодлоор өөрийгөө хүлмээргүй байна. Хэрвээ би энэ бодолдоо бат нот итгэчихвэл насан туршдаа тэр том дэлгүүрүүдийн гадуур нь л явах болно. Гэтэл би залуу хүн, хоосон халаастай ч ороод гарахад яагаад болохгүй гэж. Өнөөдөр би тэр дэлгүүрт орно, маргааш гоёмсог барааг нь барьж үзнэ. Харин нөгөөдөр нь худалдаж авах болно шүү дээ. Өөрөө өөрөөсөө залхахгүйн тулд өдөр бүр өөр шинэ зүйл мэдрэхийг хичээх болно” гэж чин сэтгэлээсээ ярьсан юм. Дээрх таван жагсаалт найзын минь өврийн дэвтэрт “Би өөрөөсөө залхахгүйн тулд” гэсэн гарчиган дор тэмдгэлсэн байдаг юм. Найзын минь тэмдэглэлийн дэвтэр дээрх нэгэн өгүүлбэр яг л надад зориулсан шиг зүрх зүсээд авсан юм. Тэр өгүүлбэр нь “Эргэн тойронд дүүрэн боломж байхад би яагаад заавал хуучинсаг байх ёстой гэж. Урьдын л адил залхуутайхан ажилдаа явж, унтахын тулд л гэртээ ирдэг байхаас үнэндээ залхаж байна” гэсэн байж билээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
