З.Мөнгөншагай хүү 6 настай. Жижигхэн биедээ ахадсан их зовлонг хөөрхий хүү өдөр бүр мэдэрдэг ч энэ амьдралын өмнө алхам ч ухраагүй юм. Тархины саажилт хэмээх энэ хүнд өвчинтэй энэ бяцхан хүү өглөөний ургах нарнаас үдшийн одод түгтэл бяцхан биедээ баймгүй их хүчээр тэмцэж явна. Гэнэт татаж, гар хөл нь чангарах нь хэчнээн хэцүү ч гэлээ хүү зовлонгоо харцныхаа цаана нуугаад хэд хэдэн тэмцээнд оролцож алтан медалийн эзэн болсон юм шүү.
Мөнгөншагай маань медалиудаа энгэртээ гялалзуулсаар ижийтэйгээ хамт А.Одончимэг эгчийн маань санаачилсан “Халуун Болор” төвийн барилгын ажлын хандивын тоглолтод хүрэлцэн иржээ. Шаргалжуут дахь “Халуун Болор” төвд очиж эмчлүүлбэл өвчин зовиур нь багасна гэдэгт хэн хэн маань угаасаа итгэж байгаа.
Хүү нь энэ жил их турсан талаар ижий нь харцандаа нулимстай өгүүлж сууна. Хүүгийн бугалгыг алгаараа зөөлөн илэх төдийд л хэчнээн турсан нь зүрх шимшрүүлэм илт байлаа. Ээж, хүү хоёр Парис явах хүсэлтэй. Ингэж хүсээд хэдэн ч жил болж байгаа юм бүү мэд л дээ. Тэнд очвол хүү нь ядаж хэлд ороод ярьдаг болно гэдэгт ижий нь итгэдэг юм.
Та ч бас 1000 төгрөг хандивлахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах “Халуун Болор” төвийг барьж өгч байна гэсэн үг юм шүү. Халуун сэтгэлт эрхэм хүн Та ХААН банкны 5003168283 дансаар “Хүүхдийн төлөө Халуун Болор төв” гэж бичээд 1000 төгрөг хандивлаарай.


...Олоон жилийн өмнө А.Одончимэг эгчийн маань дөнгөж төрсөн нялх үрийг эх баригч санамсаргүйгээр плитан шалан дээр алдаж унагаснаар хөөрхий үр нь тархины саажилтын хүнд хэлбэрээр өвчилсөн юм. ”Үхтэл үр харам” гэгчээр эцсээ хүртэл зүтгэсэн ч алгынхан чинээ хүүгээ энэ өвчний улмаас харамсалтайгаар үүрд үдсэн юм даа. Хайртай хүүгийнхээ шарил дээр нулимсаа дуслуулан зогсч байхдаа үр шиг нь зовж энэлж байгаа хүүхдүүдийн төлөө үсэн буурал болтлоо зүтгэнэ хэмээн тангараг өргөснөөр өдгөөгийн “Халуун Болор” төвийн эхлэл тавигдсан түүхтэй. Халуун Болор хэмээх энэ нэрний учир нь тэнгэрт одсон үрийнх нь нэрний эхний хэсэг юм билээ. Ингэж л үрийнхээ төлөө хүүхдийн цагаан буяныг дэлгэрүүлэх урт зам эхэлж ариун хүсэл мөрөөдлөөрөө энэхэн сэтгэлээ зоригжуулж яваа нэгэн дээ.

Тархины саажилттай хүүхдүүдэд үнэ төлбөргүй сувилгаа асаргаа өгөхийн зэрэгцээ үрийнхээ төлөө амь амьдралаа зориулж, сэтгэлийн их зовлондоо шаналсан ижий нарын сэтгэлийг цэлмүүлэхийн төлөө Одноо эгч маань урлаг уран сайхны болоод соёл боловсролын олон арга хэмжээг санаачилсан. 6 монгол гэрээс эхэлсэн “Халуун Болор” төв маань 2 давхар барилга болон өргөжиж зөвхөн урин цагт бус жилийн 4 улиралд тархины саажилттай хүүхдүүдийг асарч сувилах тэнгэрлэг зорилттой. Энэ л зорилгоо хэрэгжүүлэхэд хүүхдийн цагаан буяныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдсэн халуун сэтгэлтнүүд энэ сарын 1-нд Найрсаг Улаанбаатар их дэлгүүрт цуглаж, барилгын ажилд хандив тусламжаа үзүүлсэн юм. Ингэхдээ Facebook 1000 гэсэн аяныг эхлүүлж, хүн бүр 1000 төгрөг хандивлая гэсэн уриатайгаар “Халуун Болор” төвийнхөө барилгын санхүүжилтийг халуун сэтгэлт буянт хүмүүсийн сэтгэлийн өргөлгөөр бүтээхээр зорьж явна. Та ч бас 1000 төгрөг хандивлахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах “Халуун Болор” төвийг барьж өгч байна гэсэн үг юм шүү. Халуун сэтгэлт эрхэм хүн Та ХААН банкны 5003168283 дансаар “Хүүхдийн төлөө Халуун Болор төв” гэж бичээд 1000 төгрөг хандивлаарай.


Тархины саажилттай хүүхдүүдийн эрүүл энхийн төлөө нэгдэж, чин сэтгэлийн хандив тусламжаа харамгүй хайрласан бүх хүнд “Халуун Болор” төв болон Монголжингоо.мн сайтын хамт олноос гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Энэ сарын 1-нд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Эрдэнэжамъяан, Найрсаг Улаанбаатар их дэлгүүрийн хамт олон, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Мөнхсаруул, “Босоо хөх Монгол” бүлгэмийн залуус, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Эрдэнэбат, дуучин ноён Бондгор болон дуучин, бүжигчин багачууд, “Капитал” хамтлаг, “Сансар” телевизийн захирал Дугар, “Хану” европ жимсий бөөний төвийн захирал Эрдэнэчимэг, “Тв 8” телевиз, нэвтрүүлэгч Р.Эрдэнэбаяр, Баянхонгор аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ, “Тв 9” телевиз, “Тв 5” телевиз, “MNC” телевиз, Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны тэргүүн Дорж зэрэг маш олон байгууллага энэхүү буянт үйлсэд нэгдэн сэтгэлийн хандиваа өргөсөн юм. Энэ үеэр БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Эрдэнэбат ах маань хоёр өнчин хүүхдийг өргөн авч өсгөсний дээр, 6-р сарын 1-ний өдөр хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүг сонгон авч, ачлалт аав нь болж халуун сэтгэлийнхээ тус дэм, халуун хайраараа өсгөн бойжуулж буйгаа бидэнтэй хуваалцсан нь сэтгэл догдлуулсан мөчүүдийн нэг байлаа.

Тархины саажилттай хүүхдүүдийн эрүүл энхийн төлөө нэгдэж, чин сэтгэлийн хандив тусламжаа харамгүй хайрласан бүх хүнд “Халуун Болор” төв болон Монголжингоо.мн сайтын хамт олноос гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба:Аав бүхэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө нэгдээсэй

-Эрүүл мэндийн гайхамшгийг бэлэглэгч эх орны маань хосгүй газар болох Шаргалжуутад “Халуун Болор” хэмээх тархины саажилттай хүүхдүүдийн рашаан сувиллыг бий болгохоор олон хүн туслалцаа дэмжлэг үзүүлж байна. “Халуун Болор” төвийнхөө үүд хаалгыг аль болох хурдан нээхийн төлөө “Mongoljingoo.mn” сайтаас өгсүүлээд олон төрийн болон төрийн бус байгууллагууд, бас фэйсбүүк хэрэглэгч анд найзууд маань өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа нь сайхан халуун сэтгэл юм. Миний бие аав хүнийхээ хувьд энэ хүүхдүүдийн төлөө өөрийн нэг сарын цалин, 1000 фэйсбүүкчдийн өмнөөс 1000 төгрөгийн хандивыг 1000 хүүхдийг төлөөлж хандив өргөж байна. “Халуун Болор” төвийн үйл ажиллагаанд идэвхтэй хамтран дэмжихийг та бүхэндээ мөн уриалж байна. Монголын үрс маш олон болтугай, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Таны алдрай бяцхан үр болж мэндэлсэн хүүхдүүдийнхээ төлөө бүх аав бүхэн сэтгэлээ гарган хайр энэрлээ мэдрүүлэх ёстой.
-Та аав хүнийхээ хувьд энэ хандивыг өргөлөө. Танд гүнээ талархал илэрхийлье. Тэгвэл таны ярилцлагыг уншиж байгаа тархины саажилттай хүүхдүүдийн аав, ээжүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?
-Үр хүүхэд нь болж ижий аавдаа ирнэ гэдэг хамгийн ачлалтай буянтай зүйл байдаг. Үр хүүхэд заяасанд аав, ээжүүд бид ч ялгаагүй маш их аз жаргал, баяр хөөрийг мэдэрдэг шүү дээ. Таны алдрай бяцхан үр болж мэндэлсэн хүүхдүүдийнхээ төлөө бүх аав бүхэн сэтгэлээ гарган хайр энэрлээ мэдрүүлэх ёстой. Бид нэг л Монгол Улсын иргэд. Тиймээс бидний хүүхдүүд бүгдээрээ бүх л аавуудын хүүхдүүд шүү дээ. Тиймээс аав бүхэн хөгжлийн бэрхшээлтэй, тархины саажилттай хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээсээ зүтгээсэй гэж хүсч байна даа.
“Хану” европ жимсний бөөний төвийн захирал Эрдэнэчимэг: Энэ хүүхдүүдэд чин сэтгэлээсээ туслацгаая

-Өнөөдөр би анх удаагаа хандивын үйл ажиллагаанд оролцож байна. Хүүхдийн төлөө өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулсандаа үнэхээр их баяртай байна. Хүүхэд эрүүл байвал бидний ирээдүй эрүүл байна гэж би боддог.
-Энд цугласан олон сайхан буянтай ээжүүдэд хандаж та юу гэж хэлэх вэ?
-Хүн хүнээ хайрлаасай гэж би хүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь хүүхдүүдийг, хүмүүсийг битгий ялгаачээ гэж хэлмээр байна. Тэднийг ойлгооч, тэднийг ойлгоод, тэнхээтэй явахад нь тэмээгээр биш, тэвнээр тусалъя гэж уриалмаар байна.
Монголын эмэгтэйчүүд мундаг, эрт дээрээсээ л хэчнээн агуу зоригтой, хатан тэвчээртэй байсныг түүх гэрчилнэ. Бид бол жирийн л эхчүүд. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эх бол бидний төсөөлөхөөргүй тийм их зовлон бэрхшээлийг туулдаг гэдгийг мэдэрдэг. Харахад л андашгүй байдаг юм шүү. Тиймээс харахад л андашгүй байдаг учраас мөнгө төгрөгөөр биш сэтгэлээрээ тэдний төлөө залбирч, чадах чадахаараа дэмжээрэй гэж хэлмээр байна.
Х.Галбадрах:Би хүүгээ эрүүл юм шиг л бодож амьдардаг даа
-Би 4 хүүхэдтэй. Том хүү маань ДЦБ буюу саажилттай юм. 2008 оноос хойш бид 2 эмчилгээ хийлгэхээр явж байна. Хамгийн гол нь “Халуун Болор” төв ашиглалтад хурдан ороосой гэж хүсч байна даа. Бид сар бүр 58000 төгрөг авч хүүхдээ хараад байхаас илүү хүүхдээ нийгэмшүүлээд, өөрсдөө ажлаа хийгээд явбал энэ хүүхдийн ирээдүйд ч хэрэгтэй шүү дээ. Би 25-р сургуульд уг нь хандаж үзсэн. Манай хүүхдийг сургуулийн ачаалал даахгүй гэсэн. Хүү минь “Халуун Болор” сувилалд яваад ямар ч гэсэн тулж зогсдог болсон. Гэвч сүүлийн 1 жил эмчилгээ бүрэн тасарсан л даа. Эмч нарынхаа заасан эмчилгээг гэртээ хийхээс хэтрэхгүй л байна.

Би эмнэлгээс гараад эмнэлэгт зөндөө л хандаж үзсэн. Бүгд л зүгээр гэдэг байсан. Ерөөсөө 3 сарын дотор л хүүхэд ийм болдог юм байна.
-Таны хүүхэд яагаад саажилттай болчихсон юм бэ. Нярайн шарлалтаас болсон юм уу?
-Ер нь төрсний дараа нярайн шарлалтыг бүрэн эмчлэхгүй бол хүндрээд саажилт өгөх эрсдэлтэй юм байна. Хатуухан хэлэхэд, эмч нарын хариуцлага ч бас байгаа. Эх нь төрөөд хэвтэрт байхад хүүхдийг нь давхар асрах ёстой биз дээ. Би эмнэлгээс гараад эмнэлэгт зөндөө л хандаж үзсэн. Бүгд л зүгээр гэдэг байсан. Ерөөсөө 3 сарын дотор л хүүхэд ийм болдог юм байна.
-Ямар ч эх хүнд төрүүлсэн үрээс нь илүү эрдэнэ гэж энэ орчлонд хаана ч үгүй шүү дээ. Тан шиг хүүхэдтэй ээжүүдэд хандаж та юу гэж хэлэх вэ?
-Та нар минь хүүхдүүдээ битгий гэртээ цоожлоорой. Аль болох хүүхдээ аваад гарч нийгэмшүүлээрэй. Та хүүхдээ нийгэмшүүлж чадвал хүүхэд тань тэрийг дагаад хөгжиж чаддаг юм шүү гэдгийг хэлмээр байна. Би БГД-ийн 16-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлсөн ээж нь байна. Ээж нарыгаа цуглуулаад уулзахад тэд маань маш их уйлдаг юм даа. Тэднийгээ дагаад уйлчихдаг юм.
-Таны сайхан үр хөл дээрээ удаан тогтож чаддаг болж, ижий аавдаа ачлалтай сайхан амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Та хоёр минь эмчилгээгээ сайн хийлгээд сайхан амьдраарай.
-Маш их баярлалаа. Бас “Халуун Болор” төвийг санаачилсан Одноо эгчдээ маш их баярлалаа. Та бүгдийн маань юу санасан есөн хүсэл нь дэлгэрч яваг ээ.
-З.Мөнгөншагай хүү маань зөндөө медаль авсан юм байна. Энэ медалиудыг танилцуулаач?
-Бид 10-р сувилал цэцэрлэгт анх орсон жилээсээ л уралдаанд нь оролцсон юм. Нийт 5 удаа “Би чадна” тэмцээнд оролцоод эхний 2 уралдаанд нь хоосон байсан ч “Суугаа волейбол”-ын төрөлд 2 удаа оролцоод алтан медаль авсан. Боулингийн тэмцээнд мөнгөн медаль авсан.
-Ийм сайхан дайчин хүүтэй болохоор та ч бас их урам зоригтой байдаг байх. Ер нь та хүүгийнхээ төлөө өөрийгөө яаж зоригжуулдаг вэ?
-Үнэндээ хүүгээ эрүүл юм шиг л би амьдардаг. Энэ өвчин огтоосоо байхгүй юм шиг л бодож гараа зангидаад, бүсээ чангалаад зүтгэдэг. Би хүүгийнхээ төлөө үхэн үхтлээ явна. Энэ миний үүрэг. Энэ миний үр. Бид л өөрсдөө төрүүлсэн үр хүүхдийнхээ төлөө явахгүй бол өөр хүн явахгүй шүү дээ. Бидэн шиг хүүхэдтэй эхчүүд угаасаа хүүхдээ эрүүл л гэж төсөөлөх хэрэгтэй. Тэгж бодоод хүүхдээ гадагшаа авч гарч нийгэмшүүлэх хэрэгтэй. Мэдээж, бидэнд юм юм нь хэцүү л дээ. Таксинд суухад хүртэл хэчнээн хэцүү билээ. Өөрсдийн унаатай бол ямар байх вэ, эсвэл автобусанд явахад ямар байх билээ.
Үнэндээ хүүгээ эрүүл юм шиг л би амьдардаг. Энэ өвчин огтоосоо байхгүй юм шиг л бодож гараа зангидаад, бүсээ чангалаад зүтгэдэг. Би хүүгийнхээ төлөө үхэн үхтлээ явна.
-Тантай уулзаж, таны хүүд туслахыг хүсч байгаа хүмүүс яаж холбогдох вэ?
- БГД-ийн 16-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд маань баасан гариг бүрт цугладаг юм. Тэр үеэр ирж уулзаж болно шүү.
П.Мөнхцэцэг:Боломж байдаг бол Шаргалжуутад охиноо сувилуулмаар байна
-Намайг П.Мөнхцэцэг гэдэг. Охин минь одоо 16 нас хүрэх гэж байна. Төрөлхийн л ийм хөгжлийн бэрхшээлтэй болсон. Охин минь хөл дээрээ явж чадахгүй, бас ярьж чадахгүй. Би охиноо хараад үлддэг дээ. Би угаасаа ганц охинтой хүн. 100 хувь асаргааны хүүхэд. Хүүхдээ асраад үлддэг болохоор хүүхдийнхээ мөнгөөр л амьдарч байна даа. Охин минь нэг ой өнгөрч байхдаа юу ч мэдэгддэггүй байсан. Хөгжил нь сүүлдээд байгааг нь анзаарч 2 ойтойд нь саажилттай болсныг нь мэдсэн. Оройтож мэдсэн.

Сая гэхэд л бид Улаанбаатар их дэлгүүр лүү гэрээсээ алхаад охиноо түрээд 100 айлаас ирж байна даа. Мөнгө төгрөг нь муу болохоор ийм байдалтай байна шүү дээ.
-16 жил охиноо та өөрөө асарч байгаа юм байна шүү дээ?
-Тийм ээ. Би өөрөө асарч байгаа. Хааяадаа дүүгээрээ хүүхдээ харуулдаг ч өөрөө л хардаг. Энэ өвчин чинь эргэрдэггүй болохоор хэцүү. Шаргалжуутад аваачиж сувилуулъя гэдэг ч мөнгөний боломж нь гарахгүй юм. Одоо 2 сар хүүхдийн мөнгө авч чадахгүй юм шиг байна. Группт орж байж л мөнгөтэй залгах байх. 6-р сарын сүүлээр охин маань 16 хүрэх юм байна. Тиймээс 7-р сараас л группт оръё гээд зүтгэж байна.
-Өмнө нь та охиноо Шаргалжуутад сувилуулж байсан уу?
-Огт авч явж сувилуулж үзээгүй ээ. Боломж нь үнэхээр муу байна шүү дээ. Сая гэхэд л бид Улаанбаатар их дэлгүүр лүү гэрээсээ алхаад охиноо түрээд 100 айлаас ирж байна даа. Мөнгө төгрөг нь муу болохоор ийм байдалтай байна шүү дээ.
-Охиноо өдөржин асраад үлдэхэд хэцүү үе зөндөө л байдаг байх даа?
-Зөндөө байлгүй яахав дээ. Охин минь татаад уначихдаг юм. Үе үе орон дээр зүгээр сууж байгаад л доошоо уначихна. Уг нь багадаа татдаггүй байсан бол одоо татаад байгаа. Тиймээс энэ жил ямар ч л гэсэн Шаргалжуут руу аваад явъя гэж бодоод байна. “Халуун Болор” төв маань үүд хаалгаа нээчихвэл охиноо аваад очно гэж бодоод байна.
-Та сардаа хэдэн төгрөгийг улсаас авч байна. Тэр нь хүрэлцэж байна уу?
-Би сардаа асаргаа сувилгаатайгаа нийлээд 180 гаруй мянган төгрөг авдаг. Тэр нь хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Охин маань татаж унадаг болохоор байнга таталтын эм хэрэглэдэг. Сандалны суудлын хэсгийг нүхлээд охиндоо бие засдаг суултуур хийж өгсөн. Уг нь том хүний суултуур байдаг л гэсэн. Даанч авахад боломж маань хүрэлцэхгүй л байна.
Сандалны суудлын хэсгийг нүхлээд охиндоо бие засдаг суултуур хийж өгсөн. Уг нь том хүний суултуур байдаг л гэсэн. Даанч авахад боломж маань хүрэлцэхгүй л байна.
-Охинтойгоо сайн ойлголцдог байх даа?
-Тэгэлгүй яахав. Охинтойгоо нүдээрээ ярилцчихдаг юм. Охиноо хөөрхөн бүжиглэж, хөөрхөн ээж ээж гээд дуудахад нь ямар их баярладаг гээч.
-Магадгүй таны ярилцлагыг уншаад та хоёрт туслахыг хүсэх хүмүүс байж болох юм. Тэр хүмүүс тантай яаж холбогдож болох вэ?
-89164606 дугаарын утсаар надтай холбогдож болно шүү. Охинд минь тусалъя гэсэн чин сэтгэлтэй хүн бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа бас энэ дашрамд илэрхийлье.
