solongonews
Гучин насны намар
2015-09-11 11:04
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн багш, яруу найрагч Ц.Цолмон

Гучин насны намар

Гадаа шаргалтана

Гуниг баярын модод

Зүрхэнд найгана

 

Олон намар оддын доогуур салхилан одлоо ч

Онцын тод багын намар л дурсагдана

Дээвэр дэрвүүлж намар манайхаар өнгөрнө

Дэнж шаргалтуулж намар талаар өнхөрнө

 

Эмгэн унгасаар эсгий төхөөрч

Эжий гаднаа хөөрцөглөнө

Ясыг нь чангалах гэж уясан аавын морьдын

Хондлой цантан бөмбөлзөж хононо

 

“Шувууд буцахаар нуур эзгүйрнэ

Хүү минь явбал гэр ханхайрна” гэж

Тэнгэрийн хаяа ширтэн хүүгээ үнэснэ

Эжий үглэнэ, би гайхна

 

Олон намар

Одны доогуур салхилав

Олон намрын аясаар

Хүү нь алсад оджээ

 

Тэнгэрээс хол хүний нутагт

Энгэрийн тань сүү ханхлаад байна, ээж ээ

Тэлмэн шаргал намрын бүрийд

Тэрлэгтэй зогсож харагдаад байна, ээж ээ

 

Аавын төхөөрсөн эмээлийн дөрөөнд

Ариун сүү дусаасан болохоор

Атаа хайр зөрж салхилсан орчлонгийн замд

Ажиггүй л явна даа, хүү нь

 

Ангир уураг тань зүрхэнд туяарч

Алтан номын гэрэл ассан болохоор

Цолмон гялалзах зүгээс

Чойрын даваатай л харина даа, хүү нь

 

Гучин насны намар

Гадаа шаргалтана

Гуниг баярын модод

Зүрхэнд найгана

                                                 Токио  1997 он

 

 

Зохиогч: Ц.Цолмон
Найруулагч: До.Болдхуяг
Эх сурвалж : ӨВӨР МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ДЭЭЖИС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл